НИЙГЭМНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Одбаяр нарын шүүх хурлын талаар Х.Нямбаатар сайд ам нээв

Хуваар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2022.11.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар иргэн Э.Одбаяр нарын шүүх хуралтай холбоотой мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өчигдөр анхан шатны шүүхээр иргэн Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн хэрэгслээр "Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг хоморголон барьж хорьж байна. Ерөнхий сайд иргэн Э.Одбаяр нарын зорчих эрхийг хязгаарлах саналыг шүүхээр өгүүллээ" гэх андуу ташаа мэдээлэл явж байна. Энэ хүмүүсийн шүүхээс авсан ял нь хууль сахиулагчийг эсэргүүцсэнтэй нь холбоотой.

Болсон үйл явдлыг эргэн сануулбал, 2022 оны хоёрдугаар сард шиг санагдаж байна. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-г автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. Тус бичлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд С-г санаатай дайраад, амь нас нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан гэх мэдээллийг иргэн О фейсбүүктээ тавьсан. Онц гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл цацсан тул МАН-ын хуулийн хэлтсээс цагдаагийн байгууллагат шалгуулах хүсэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө болон өмгөөлөгч нь ийм үйлдэл гаргаагүй. Харин тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс үүнийг шалгуулах хэрэгтэй гээд шалгуулсан.

Хоёрдугаарт, 2022 оны дөрөвдүгээр сард шиг санаж байна. ШШГЕГ-ын харьяа 461-р ангид цагдан хоригдох гэж байсан Монголхүүг Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүн авч гарсан. Тодруулан хэлбэл, цагдан хорих байрны журам, дэглэм зөрчин, цагдан хорих байрны ажилтны эрх чөлөөнд халдан орсон. Энэ хэргийг цагдаагийн байгууллага мөн шалгасан.

Дээрх хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст долоодугаар сарын 08-нд шүүхэд хэрэг нь шилжиж, өчигдөр шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр өнөөдөр албажиж ирээгүй байна.

Хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл дээрээ иргэн Э.Одбаяр нар өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэр албажсаны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол мэдээлэл гаргах эрхтэй. Одоогоор шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн үйлдэл алга байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button