УЛС ТӨР

"ОХУ-аас авах цахилгаан 345 мВт-аар хязгаарлагдана. Энэ онд 168 тэрбумын алдагдал амсана"

Баасан гарагийн /2022.12.02/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар "Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсож эхлэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: "Сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1,441 мВт хүрлээ. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас 54 мВт-аар буюу дөрвөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу арван хувиар их байна.

Энэхүү оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа нөөц дутагдалгүй ажиллаж, дээр ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс ч өндөр давсан ачаалал нэмэгдсэн. Сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 мВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 мВт, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс 23.1 импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангасан. Импортын цахилгаан эрчим хүчний 29.3 хувийг ОХУ-аас, 70.7 хувийг БНХАУ-аас импортолжээ.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж, дотоодын үйлдвэрлэл 7-8 хувиар өсөх шаардлагатай байна. Өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцууд бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллах ба ОХУ-аас авах импортын шугамын дамжуулах чадал 345 мВт-аар хязгаарлагдах тул дотоодын цахилгаан станцуудын үндсэн тоноглолыг болзошгүй гэнэтийн зогсолт, тасрал саатлын үед хэрэглэхээр төлөвлөсөн.

Үнэ тарифыг нэмэгдүүлэлгүй барьж ирснээр 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2022 оны хүлээгдэж байгаа үр дүнгээр 168.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөв байна. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг уурхайнууд 109.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button