Хаягдлын аж ахуйд тарьсан хоёр сая модыг баяжуулагчдад хүлээлгэн өглөө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн хамт олон цагаан тоосны дэгдэлт дарах зорилгоор Хаягдлын аж ахуйд зурвас үүсгэн 2 сая 160 мянган мод тарьж ургуулснаа Баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өглөө. Баяжуулах үйлдвэрийн технологийн хаягдал булинга хадгалах талбайн 34.3 га газарт одоо зургаан зүйл ургамал ургаж байна.
Төслийн багийнхан найман км-т нь үрээр хайлаас тарьсан бөгөөд энэ төрлийн мод нь нүүрсхүчлийн хийг хамгийн их шингээж, салхи задалж, хүчийг сааруулах өндөр ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Энэхүү ажлын үр дүнд гурван жилийн дараа Хаягдлын аж ахуйг тойрсон ногоон төгөл бий болно гэдэгт “Ногоон хөгжил” төслийн багийнхан итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн. Цаашид Хаягдлын аж ахуйн ногоон зурвас дахь хоёр сая гаруй модны ургалт, арчилгаа үйлчилгээг баяжуулагчид хариуцахаар хүлээн авлаа.
Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж мод тарих, ургуулах, хамгаалах бүхий л циклийг агуулсан, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, инновацын цогцолбор байгуулахаар төлөвлөн Ойн генетик нөөцийн төвийг улсдаа анх удаа барьж байгуулсан нь ойн салбарын хөгжилд том түлхэц үзүүлэх болсон. Энэ жил “Ногоон хөгжил” төслийн багийнхан нийт таван сая мод тарьж ургуулсан бол ирэх жил Богдхан уул, Хангал, Орхон гол дагуу, говийн аймгуудад мөн тооны мод тарихаар төлөвлөн бэлтгэл хангаж байна. Ингэснээр гол дагасан бургасан шугуй үүсэж, усны нөөц нэмэгдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.