Нийгмийн

Сурвалжилга: Улаанбаатарт ирсэн цаатны отог "Хүүхдийн хөгжлийн төв" барихад тусална

Хүйтний эрч тачигнасан энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Зүүн тайгаас нэгэн цаатны отог нийслэл хотын урд Богдхан уулын аманд ирж, төвхнөжээ. Ууланд алхагчид хотынхонд соньхон байгаа нь илт. Аялагчид хажуугаар нь өнгөрч чадалгүй урцны хаалга сөхөж, ачиж ирсэн дөрвөн цаа бугыг нь маажиж эрхлүүлэх, тэр ч битгий хэл лууван өгч харагдана. Гэвч хөвд, шимтэй ургамал иддэг цаанууд төдийлөн ойшоосонгүй.

Хар ногоон өнгийн "бэржээнкэн" урц руу ороход дулаахан айл угтав. Хоёр талаар нь модон наар байршуулж, хоймор хэсэгтээ цааны хөдөс дэвсжээ. Мөн модны үр үндсээр хийсэн модон тагш, цааны ааруулан идээ, гар хатгамал бүхий ор хөнжлийн уут гэх мэтчилэн сонин хачин зүйл элбэг.

ВИДЕО:

Цаатнууд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын зүүн тайгаас 1000 гаруй километр туулж, дөрвөн цаа бугаа ачиж ирсэн нь том зорилготой.

Цаа унуулж, хамт зураг татуулж олсон орлогын тодорхой хувийг Хөвсгөлийн баруун тайгын бүсэд хүүхэд багачуудад зориулж “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахад зарцуулна

Тэдний нэн тэргүүний зорилго нь цаатан иргэдийн аж ахуй, соёлыг нийслэлчүүдэд танин мэдүүлэх. Удаах нэгэн том зорилго нь цаа унуулж, хамт зураг татуулж олсон орлогын тодорхой хувийг Хөвсгөлийн баруун тайгын бүсэд хүүхэд багачуудад зориулж “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахад зарцуулах юм байна.

Гэтэл зарим иргэд “мөнгө төлнө гэж мэдээгүй юм аа хө” гэж хэлээд явчихдаг байна. Энэ талаар цаатан эмэгтэй Д.Гэрэлчимэг хэлэхдээ “Энэ мөнгөний тодорхой хувийг тайгын хүүхэд хөгжилд зарцуулах юм. Тэрхүү төв байгуулагдсанаар сум, аймгийн төвөөс алслагдмал бүсэд орших багачууд өдрийн цагаар дуу, бүжиг болон бусад хэрэгцээт хичээл заалгах ая тухтай тохилог орчин бүрдэнэ. Ийм байхад зарим иргэд төлбөрөө ч төлөхгүй тоох ч үгүй явчих юм. Эсвэл үнэхээр хүүхдээ унуулж үзэх гэсэн юм мөнгө байхгүй гээд шударга хэлбэл ойлгоно шүү дээ” хэмээн халаглан ярив.

Мөн тэрбээр “Хүүхдүүд нь харин урцанд орж үзчихээд воов ямар янзтай юм бэ. Сантагийн цаа буга байна гээд л нэг их өхөөрдөм байгаа. Урцны дотор талыг ч гэсэн тэдний сонирхлыг татахуйц байдлаар засаж чимэглэсэн байгаа” гэв.

Үнийн мэдээлэл:

  • Цаа буга, урцан гэр орчны зургийг дарахад 5000 мянган төгрөг
  • Тайгын отогтой танилцаж, цаа бугатай зураг даруулахад нэг хүнээс 10 мянган төгрөг
  • Цаа буга унахад 20 мянган төгрөг
  • Цан чаргаар явахад 20 мянган төгрөг
  • Урцанд хоноход 25 мянган төгрөг зарцуулах юм байна.

Харин П.Гэрэлчимэгийн урцанд хонох талаар өгч буй зөвлөгөөгөөр “Маш дулаахан хонодог гэж амлахгүй. Сайн мишоктой ирэхэд жаахан даарч хонож магадгүй. Цаатан иргэд ч гэсэн үүнээс хүйтэн нөхцөл байдалд дасаад амьдраад байдаг юм шүү гэдгийг харуулах гэсэн юм. Хэдийгээр цаатан иргэдэд зориулсан бодлого явуулдаг хэдий ч тэдэнд тулгамддаг маш олон асуудал байдаг. Жишээ нь эмч эмнэлгийн тусламжаа авч чаддаггүй. Ийм хүйтэн, халуун харшсан эрс тэс нөхцөл байдалд амьдардаг учраас даралт нь өндөр гарч улмаар амь эрсдэх ч тохиолдол бий. Асар уудам энэ нутагт бид нэгнээ хайрлаж бас ойлгох хэрэгтэй юм болов уу гэж бодох юм. Цаг хугацаа юмс үзэгдэл асар хурдтай хувьссаар л байна.

Үүнийг дагаад зарим залуус маань өв уламжлал, зарим өөрийн гэсэн зүйлээ мартахад хүрч бүр тэртээ хол юм шиг санах болжээ. Тиймээс заримд нь гадаад дотоод явах, эх орноосоо зугтах сэдэл төрдөг биз. Гэтэл бид хоёр том гүрний дунд өөрсдийн гэсэн ардчилалтай, ялгарах ялгаралтай хүмүүс шүү дээ. Тэрийгээ ойлгоосой гэж бодох юм. Тэгвэл эд эс бүхнээрээ энэ газар нутаг, эх хэл соёлынхоо төлөө, наанадаж л төр төлөөлж суусан ч хулгай хийж болохгүй гэдэг мөн чанар суух юм болов уу.

Энэ муу дөрөвхөн цаа бугаар юу ойлгуулах гэсэн юм бэ гэж хэлэх хүн ч гарч магадгүй. Гэхдээ л ямар нэг зүйлийг ойлгоод авбал, миний хэлэх гээд ойлгуулах гээд байгаа тэр жижигхэн санааг мэдчих юм бол бид илүү тулхтай залуучууд, хүүхдүүдийг ирээдүйд бэлдэж байгаа хэрэг болж таарна даа” хэмээн ярилаа.

Харин Д.Гэрэлчимэгийн хувьд хэдийгээр Хөвсгөл нутгийнх ч гэсэн багаасаа нутгаа орхин Улаанбаатар хотод ирж боловсрол эзэмшсэн. Гэхдээ сэтгэл энд нэг л сэтгэл тогтож өгөхгүй байсан учраас нэг л өдөр эрс шийдмэг зориг гарган Цагаан нуур сумын зүүн тайгыг зорих болжээ. Эхлээд чадахгүй болов уу гэж бодож байсан талаараа ийнхүү хуучилсан юм. “Анх манай нөхөр, найз нөхөд чи тайгад очиж амьдарч чадахгүй байх. Наанадаж л чи даарч хөрнө гэж байв. Нээрээ л айж байсан хэдий ч зориг шулуудаад л гарсан.

Одоо харин Улаанбаатарын энэ утаа түгжрэлд орохоор толгой эргээд байдаг юм. Манай хүүхдүүд ч гэсэн одоо цаа бугад, тайгад их дуртай болсон. Хүн тэгээд эцсийн эцэст адал явдалтай амьдрах хэрэгтэй биз дээ. Байгальтайгаа ойр байх нь надад тийм гэж хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм. Байгалиа, хүнийг хайрлах бүх л ухаан тэвчээрийг би эндээс олж авдаг” талаараа ярилаа.


Харин түүний хувьд ачиж ирсэн цаануудаа хооллох л жаахан бэрхшээлтэй байгаа гэдгээ хэлэв. Ганцхан энд ч гэлтгүй Хөвсгөл аймагт мөн адил цаа бугын бэлчээр нутаг хомстож байгаа талаар хэлэхдээ “Цаа буга хавар, зуны цагт хагийг энгийн өвстэй хольж иддэг, өвөл, намрын улиралд дан хаг иднэ. Цаа бугын иддэг гол тэжээл хаг өвсний ургалт удаан доод тал нь 5-10 жил болоод цаа буга идэхтэй үгүйтэй ургадаг. Бусад малын өвс тэжээлтэй адилгүй ургалттай. Тийм учраас цаа бугын бэлчээр талхлагдаж байна.

Зун гэхэд ганцхан газар зусдаг. Өөр зусах газар байхгүй. Тусгай хамгаалалтад авахаас өмнө ойролцоогоор долоо хоноод бэлчээр сэлгэдэг байсан одоо нэг газраа 2 сар болж байна. Цаа буга нь зэрлэг амьтан гэдэг утгаараа үргэлж шинэ соргог өвс хайж иддэг. Хаг сайтай газар очихоороо цаа буга маш хурдан тарга тэвээрэг авч, өнгө засдаг. Нэг газраа олон жил нутаглаад ирэхээр цаа бугын өвчин их гарч үхэж байна” гэдгийг онцолж байсан юм.

Нэмэлт мэдээлэл:

  • Цааны бух - этэр
  • Цааны тугал - хугаш
  • Цааны эмээл - цаанд тохох эрвээлж
  • Эм цаа - дунгуй, гунж
  • Эр цаа - зарь
  • Хоёр настай цаа - дасван
  • Гурван настай цаа - донгор
  • Дөрвөн настай цаа – хуудай гэнэ

Ямартай ч тэдний хотын залууст өгөх гэсэн утга санааг ойлгож, цаашлаад хүүхэд хөгжлийн төв байгуулах гэж байгааг ойлгож иргэд дэмжих биз дээ. Нөгөөтээгүүр цаатнуудын хэлж буйгаар нээрээ л цаа бугын тоо толгой буурч, үндэсний цөөнх болсон цаатан иргэдийн цааны аж ахуй үеийн үед үргэлжлэх бус үлгэр домог шиг түүх болон үлдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болж буй үндэсний цөөнх Цаатан иргэдээ   аж ахуйтай нь хадгалан  үлдээхээр ийнхүү зориг гарган яваа тэднээр бахархмаар. Тэд хэдхэн хоног үдлээд зүүн тайгаа зорих аж.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2022 09:02

Үнэхээр хайрламаар өгөгдөлтэй хүмүүс юм.

Зочин
Зочин
12 сар 13, 2022 09:03

Цаа бугаа болон цааиангуудынхаа өв уламжл�##�аа авч үлдэх гэсэн дотоод сэтгэлтэй хамт гь хайрлаж анхаар�##�даа авах хэрэгтэ

Зочин
Зочин
12 сар 13, 2022 09:03

Surleg saihan amitan shvv

Зочин
Зочин
12 сар 13, 2022 09:04

Зүгээр л хайрламаар...

Зочин
Зочин
12 сар 13, 2022 09:04

Uneheer baharhaw

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:04

Богд уулын хаанюм бэ �##�ь аманд байгаа юм хэлээд өгөөч хүүхдүүддээ үзүүлье

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:04

Сайхан мэдээ байна

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:04

Хөгжилд ойртож байна

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:05

богд уулын газрыг цаатангуудад өгөе

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:06

Goe yum aa

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:06

Ochj hvvhdde vzlhmsan hna bgn bloo

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:07

Хаана бгаан болоо

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:07

Очиж үзнэ ээ

АРД
АРД
12 сар 13, 2022 10:56

Баярл�##�аа. Байнга төрийн элдэв хулгай сонссоор гэгээтэй юм үлдэхээ байсан үед ямар сайхан мэдээ вэ, баярл�##�аа. "Тэд хэдхэн хоног үдлээд зүүн тайгаа зорино" ямар хөөрхөн бичээ вэ. Хэдэн хүртэл үдлэх юм бол? Хүүхдүүдээ аваад очноо, хаана байгаа юм бэ?

Зочин
Зочин
12 сар 13, 2022 11:46

Хөөрхөн юм хаана юм бол очмоор байх юм

Холбоотой мэдээ

Back to top button