УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэвЭДИЙН ЗАСАГ

Буруугүй нь хэлмэгдэж, буруутан нь ял завших эрсдэлтэй ХААЛТТАЙ шүүх хурал

“Хөгжлийн банкны” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Улмаар хоёр дахь шат болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулсан.

Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүүсэн билээ. Тэгвэл гэм буруугийн шүүх хурал нь өнөөдөр /2023.03.02/ 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.

Шүүх хурлыг ХААЛТТАЙ байдлаар зохион байгуулах болсон. Хаалттайгаар зохион байгуулах шийдвэр нэгэнт гаргасан тул нээлттэй болгох саналыг хүлээж авахгүй гэгдэж буй.

Уг хэрэг олон нийтийн эрх ашгийг хөндсөн, хамгийн олон оролцогчтой хэрэг. Тодруулбал, 257 оролцогчтой, 460 хавтаст хэрэгтэй.

Өнгөрсөн удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр нэлээдгүй алдаа, дутагдлууд гарсан.

-Шүүхийн тухай хуулиа зөрчив-

Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай зохион байгуулсан нь эхлэлээсээ л асуудал дагуулсан.

НЭГ. Шүүх хурал явуулах шүүх танхим байсангүй

Манай улсад 260 орчим оролцогчийг багтаах шүүх танхим байхгүй. Тиймээс зориулалтын бус танхимд хурал хийх шаардлага үүссэн юм. Ингэхдээ олон хүнийг багтаах боломжтой хэмээн үзэж Улаанбаатар чуулгын байрыг сонгон шүүх хурлыг явуулсан билээ.

Ингэхдээ тайзан дээр шүүгчийг суулган, үзэгчдийн суудалд өмгөөлөгч болон яллагдагчдыг суулгасан байдаг. Энэ нь шүүх хуралдаанд ялгавартай хандсан хэрэг болсон. Тухайлбал, прокуроруудад тайзны урд эгнээнд ширээ засаж өгч, техник хэрэгслээр хангасан байдаг. Харин өмгөөлөгчдийг гадуур хувцастайн суулгаж, олон давхар цаасыг өвдөг дээрээ тавих, түүгээр ч зогсохгүй үйлчлэгтэйгээ уулзах боломжийг нь хязгаарласан дүр зурагтай болж байв.

Энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх наад захын эрхийг зөрчсөн үйлдэл.

ХОЁР. Өмгөөллийн хугацаа

Дараагийн асуудал нь өөрийгөө өмгөөлөх, үг хэлэх боломжийг нь 10 минут хэмээн хязгаарлалт тогтоосон явдал байлаа. Шалтгаан нь олон оролцогчтой хурал гэх тайлбар. Тиймээс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөх боломж нь дээрх хугацаанд шахагдаж байв.

Хуулиндаа урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ийн хугацааны хязгаарлалт тогтоох заалт байхгүй ажээ.

ГУРАВ. Олонх болон цөөнхийн шийдвэр

Олон оролцогчтой, онцгой хэрэг гэх түлхүүр үгс энэ хэргийг дагалддаг. Тэгвэл эдгээр үгэнд баригдаж, зарим шийдвэрийг олонхын саналаар шийдэх, цөөнхийн хүсэлтийг хүлээн авахгүй байх тохиолдлууд байв.

ДӨРӨВ. Нэг хэргийн доор хэт олон оролцогч

Өмнө нь дурдсанчлан “Хөгжлийн банкны” гэх эл хэргийг үйлийн хамаарлаар нь нэгтгэж, тусгаарлах боломж бий. Гэтэл 10 гаруй жилийн турш үргэлжилсэн үйл ажиллагаа, холбоо хамаарлыг нь ялган авч үзэлгүйгээр нэг хэрэгт нэгтгэж, нэг лор шүүх явдал.

ТАВ. Шүүгчийн материалтай танилцах хугацаа

Уг хэрэгт холбоотой 460 орчим хавтаст хэрэг бий. Хэргийн шүүгч эдгээр материалтай 15 хоногт уншиж танилцаж, судалсан болж таарч буй. Хэрэв ийн тооцож үзвэл өдөрт 31 хавтаст хэрэгтэй танилцсан гэсэн үг. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчид ч нэг хавтаст хэрэг хамгийн багадаа 150-200 хуудас буйг дурдаж байв. Ингээд тооцоод үзвэл шүүгч өдөрт 4650-6200 хуудас хэргийг уншсан гэсэн үг.

Хэргийн материалыг уншихын хажуугаар шүүх хуралд оролцож байсан гэж үзвэл нэг өдөрт 31 хэрэгтэй бүрэн танилцах боломж байхгүй гэдгийг салбарын эх сурвалжууд дурдсан юм. Тиймээс хавтаст хэргүүдтэй бүрэн гүйцэд танилцсан эсэх тодорхойгүй нөхцөл үүсээд буй.

Тэгвэл өнөөдрийн шүүх /2023.03.02/ хурлыг хэрхэн явуулбал ёстой юм бэ гэдэг нөхцөл байдал заавал үүсч буй.

-Шүүх хурлыг хаалттай хийж буй нь ял завшуулах, хэлмэгдүүлэх эрсдэлтэй-

Урьдчилсан хэлэлцүүлгээ ХААЛТТАЙ явуулдаг шиг шүүх хурлаа ч ХААЛТТАЙ явуулбал:

-Гэм буруутайд нь ял завших боломж олгох

-Гэм буруугүй нь хэлмэгдэх гэсэн хоёр том эрсдэлтэй.

Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой.

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурлыг шударга, үнэн зөв явуулъя л гэж байвал

Нэгдүгээрт, өөр өөр зүйл заалт бүхий яллагдагч нарыг хэргийг ялган тусгаарлах,

Хоёрдугаарт, шүүх хурлыг нээлттэй явуулах явдал юм. Олон хүний эрх ашгийг хөндөж буй тул ийм шаардлага байгаа.

Нээлттэй явуулахдаа хувь хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, байгууллагын нууцтай холбоотой гэх мэт хэргийг ялгаж хаалттай болгох л арга зам яагаад байж болохгүй гэж.

Хөгжлийн банкны яллагдагч болон өмгөөлөгчдийн 40 гаруй хувь нь нээлттэйгээр зохион байгуулах саналыг өгч байгаа ажээ. Үүний тэргүүн эгнээн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч багтаж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочганааин
Зочганааин
3 сар 3, 2023 11:17

НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ Л БАЙСАН ЮМ ДАА

Холбоотой мэдээ

Back to top button