"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурлыг хойшлуулж, 32 хүнийг хилээр гарахыг хориглолоо

НЭМЭЛТ: 12.10 ЦАГ
-Шүүх хуралдаан дөрөвдүгээр сард болно-
Шүүгчид шүүх хурлын товыг хэлэлцлээ. Тэд дөрөвдүгээр сарын 17-ны 08.30 цагт шүүх хуралдааныг явуулна хэмээн товлосон юм.
Энэ удаагийн шүүх хурлыг хаалттай хэлбэрээр зохион байгууллаа.
НЭМЭЛТ: 12.00 ЦАГ
-32 хүнийг хилээр гарахыг хориглов-
Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан өмгөөлөгчдийн нэг нь хичээлтэй байгаа гэх шалтгааныг хэлсэн байдаг. Тэгвэл шүүгч эл шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг бодолцохыг зөвлөв.
Мөн 32 хүнийг дараагийн шүүх хурал хүртэл хилээр гарахыг нь хориглолоо
НЭМЭЛТ: 11.50 ЦАГ
-Шүүх хуралдааныг хойшлуулахаар боллоо-
Өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүгчид завсарлаад байсан билээ. Тэгвэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдэлд хүрчээ.
Тодруулбал, 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэдийн хоёр нь гадаадад томилолттой байгаа юм. Эдгээр хоёр хүн нь шүүх хуралд зайлшгүй оролцох шаардлагатай тул хойшлуулж байгаа ажээ.
Шүүгчид шүүх хурлыг хойшлуулах найман саналыг харгалзан үзэж, ийн шийдвэр гаргажээ.
НЭМЭЛТ: 11.10 ЦАГ
-Шүүгчид өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэхээр завсарлалаа-
Шүүх хурлыг хаалттай зохион байгуулж байгаа тул зураг авах хийгээд шууд дамжуулан хүргэх боломжгүй билээ. Нээлтийг олон нийтэд шууд хүргэсэн тул шүүхийн явц одоо хаалттайгаар үргэлжилж буй.
Тэгвэл өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүгчид завсарласан байна.
НЭМЭЛТ: 10.05 ЦАГ
-Х.Ганхуяг айлчлалтай тул шүүх хуралд ирсэнгүй-
Өнөөдрийн шүүх хуралд дараах хүмүүс шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт тавьжээ. Үүнд,
- Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар гадаад улсад айлчлалтай
- Ч.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, О.Хуягцогт нарын өмгөөлөгч шүүх хурал давхардсан
- О.Батбаатарын өмгөөлөгч хичээлтэй
- Б.Чинзориг өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа
- Б.Будхүү шинэ өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийнх нь бие өвдсөн гэх шалтгаанаар тус тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.
Мөн "Вертекс майнинг" ХХК-ийн өмнөөс шүүх хуралд оролцож буй түүний өмгөөлөгч "Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлон хойшлуулах хүсэлтээ гаргасан. Иргэний хувиар хүсэлтийг нь дэмжиж байна" гэлээ.
-Шүүх хурал хугацаанаасаа 50 минут хоцорч эхэллээ-
"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Тэгвэл дээрх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.03.02/ 9.00 цагт товлогдсон ч, 9.50 минутад Улаанбаатар чуулгын байранд эхэллээ.
Шүүх хурлыг хаалттай байдлаар зохион байгуулахаар болсон юм. Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ.
Шүүх хуралд нийт 257 оролцогчийн 460 хавтаст хэрэг байгаа юм.
Нийт оролцогчийн 40 гаруй хувь нь нээлттэйгээр зохион байгуулах саналтай гэх мэдээлэл бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.