ДЭЛХИЙУРЛАГЭнтертайнмент

“Оскар”-ын өнгө: Ямар бүтээл, уран бүтээлчдийн дунд өрсөлдөөн өрнөх вэ

Америкийн кино академиас зохион байгуулдаг, кино урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулах хамгийн нэр хүндтэй ёслолын ажиллагаануудын нэг “Оскар” өнөө жил 95 дахь удаагаа болно. Тодруулбал, энэ сарын 12-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болох юм.

Энэхүү нэр хүндтэй ёслолын ажиллагааг хэн хөтлөх нь жил бүр олны дунд хүлээлт үүсгэдэг.

Тэгвэл энэ жил Америкийн телевизийн хөтлөгч, комедиан, зохиолч Жимми Киммел хөтлөхөөр болжээ.

Тэрбээр өмнө нь 2017, 2018 онд “Оскар”-ыг хөтөлж байсан туршлагатай. Өнгөрсөн жилийн “Оскар”-ын наадмыг хөтөлсөн комедиан Крис Рокийн мэдрэмжгүй хошигнолын хариуд жүжигчин Вилл Смит түүнийг алгадсан нь олны дунд шуугиан дэгдээсэн.

Эл явдлын дараа “Оскар”-ын наадмын зохион байгуулагчид Крис Рокт энэ жил дахин хөтлөх санал тавьсан ч тэрбээр татгалзжээ.

Харин Жимми Киммел хөтлөгчийн үүрэг хүлээн авсныхаа дараа “Оскар”-ын наадмыг гурав дахь удаагаа хөтлөх нь нэр төрийн хэрэг. Гэхдээ энэ нь намайг занганд оруулж байгаа хэрэг ч байж мэднэ. Ямартай ч “Оскар”-ыг хөтлөх саналаас хүн бүр татгалзсаны дараа надад санал тавьсанд талархалтай байна” хэмээн хошигносон байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр “Оскар”-ын наадамд нэр дэвшсэн уран бүтээл болон уран бүтээлчдийг зарласан. Тэдгээрээс онцлох заримыг нь танилцуулъя.

Энэ удаагийн наадамд “Everything everywhere all at once” уран сайхны кино хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшээд буй.

Энэ нь  Ази гаралтай америкчуудад тохиолддог асуудлуудын талаар өгүүлсэн, инээдмийн төрлийн кино юм. Түүний араас “All quiet on the western front”, “The banshees of inisherin” кинонууд нийт есөн төрөлд нэр дэвшсэнээр удаалж байна.

Тодруулбал, “The banshees of inisherin”  кино өнгөрсөн сард болсон “Алтан бөмбөрцөг” наадамд “хол давхисан” уран бүтээлүүдийн нэг. Харин “All quiet on the western front” кино нь эл наадмын шилдэг олон улсын кино номинацад Германы уран бүтээлчдийн ирүүлсэн бүтээл бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны талаар өгүүлдэг. Түүнчлэн эл номинацад өнөө жил найруулагч Сантьяго Митрегийн “Argentina” өрсөлдөхөөр гадна Бельги, Франц, Камбож, Дани, Герман, Энэтхэг, Ирланд, Мексик, Марокко, Пакистан, Польш, БНСУ, Шведийн найруулагчил бүтээлээ илгээжээ.

Ташрамд дурдахад, энэ төрлийн шагналыг 1947 оноос олгож эхэлсэн бөгөөд ингэхдээ өрсөлдүүлэхгүйгээр, Америкийн кино академи нэг уран бүтээлийг онцлон шагнадаг байв. Харин 1956 оноос албан ёсоор уран бүтээлүүдийг өрсөлдүүлж эхэлжээ. Энэ төрөлд алдарт найруулагч Федирико Феллини 12 бүтээлээрээ нэр дэвшиж, “Зам”, “Кабириагийн үдэш” зэрэг киногоороо дөрвөн удаа хүртэж байв. Мөн Ингмар Бергман, Сергей Бондарчук, Луи Бунуэль нарын алдартан өрсөлдөж байлаа. Өнөөдрийг хүртэл уг төрөлд 73 уран бүтээлийг шилдгээр тодруулсан бөгөөд үүний 57 нь Европ, найм нь Ази, тав нь Америк, гурав нь Африк тивийн орнуудынх аж.

Түүнчлэн өнөө жил кино урлагийн түүхэнд ашиг орлого болон үзэгчдийн хандалтаар тэргүүлсэн “Top gun: Maverick”, “Avatar: The way of water” кинонууд тус бүр дөрвөн төрөлд нэр дэвшлээ.

Мөн дээрх “Top gun: Maverick” киноны дууг дуулсан Леди Гага, “Black panther: Wakanda forever” киноны дууг амилуулсан Рианна нар шилдэг дуу төрөлд өрсөлдөж буй.

Үзэгчдийн хамгийн их сонирхдог, ярианы сэдэв болгодог номинацуудын нэг шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд Ирландын жүжигчин Колин Фаррелл Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер тэргүүтэй жүжигчид , шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагналд Америкийн жүжигчин Мишель Уильямс, Малайзын жүжигчин Мишель Йео нарын жүжигчид “уралдана”.

Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино төрөлд энэ жил 144 уран бүтээл сонгогдсоноос сүүлчийн шатанд Канадын найруулагч Дэниел Роэрын бүтээсэн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн тухай “Navalny”, Энэтхэгийн найруулагч Шаунак Сенийн “All that breathes”, Америкийн найруулагч, сэтгүүлч Лора Потрайсын “All the beauty and the bloodflow” зэрэг таван уран бүтээл өрсөлдөх юм.

Харин шилдэг кино шагналын төлөө “Everything everywhere all at once”, “The banshees of iisherin”, “All quiet on the western front”, “Elvis”, “Avatar: The way of water” зэрэг 10 кино өрсөлдөнө. АНУ-д төвтэй дүн шинжилгээний “Comscore” компанийн мэдээлснээр энэ жил шилдэг кино төрөлд нэр дэвшсэн уран бүтээлүүд нь тухайн цаг үеийн байдлаар хамгийн их орлого олсон бүлэг киногоор тодроод байгаа аж. Тодруулбал, тэдгээр уран бүтээлүүд Хойд Америкийн зах зээлээс нийтдээ 1.574 тэрбум ам.долларын орлого олоод байгаа аж. Тэдгээрээс өмнө 2009 онд нэр дэвшсэн кинонууд 1.52 тэрбум ам.долларын орлогоор дээд амжилт үзүүлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button