ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Инфляцын түвшин буурсан ч бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээлээ

Улсын хэмжээнд инфляцын түвшин 12.2, Улаанбаатар хотын хэмжээнд 12.1 хувь болж, буурсан үр дүнг үзүүлсэн.

Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улирал тутмын ээлжит хурлаа өнөөдөр хийж, бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулсан юм.

Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зэх зээл, гадаад дотоод орчны төлөв болон эрсдэлийг тооцоолж, бодлогын хүүг 13 хувь хэвээр нь хадгалахаар шийдвэр гаргалаа.

Мэдээж хэрэг инфляцын түвшин хоёр хувь буурлаа гээд даруй бодлогын хүүг бууруулах боломжгүй. Манай улс шиг эдийн засгийн тогтолцоотой бол гаднын улс орнын эдийн засгийн жишгийг дагахаас өөр аргагүй байна.

Ийн хэлэхийн учир нь хөгжингүй орнуудад инфляц өндөр байгаагийн улмаас Төв банкууд нь мөнгөний хатуу бодлого баримталж буй. Тухайлбал, АНУ-ын инфляцын түвшин зургаан хувьд хүрээд байгаа. Тиймээс үүнтэй зэрэгцэн бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэх магадлалтай байна.

Гэсэн хэдий ч бусад улс орнууд инфляцын түвшин саарах хандлагатай байгаа тул бодлогын хүүгээ аажмаар бууруулах төлөвтэй.

Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт сөрөг хэвээр байхаас гадна Украин-Орос хоорондын мөргөлдөөний улмаас зарим хориг арга хэмжээ бидэнд нөлөө үзүүлж буй нь мөнгөний бодлогын хүүгийн түвшинг хэвээр хадгалах нэг шалтгаан болсон. Инфляцын түвшин цаашид алгуурхан буурах төлөвтэй байгаа боловч төсвийн зардал өндөр байгаа нь эрэлтээс үүсэлтэй инфляцыг үүсгэх боломжтой.

Энэ мэтээр бодлогын хүүг бууруулахгүй байх шалтгаануудыг дурдах боломжтой. Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөө үзүүлдэг. Төв банкнаас арилжааны банкнуудад санал болгодог эрсдэлгүй санхүүжилт нь бодлогын хүү тул нэмэгдэх тусам арилжааны банкнууд гаргах зээлээ хумьдаг юм.

Бодлогын хүүгийн өсөлт мөнгөний хатуу бодлого явуулж буй нь илрэл бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулж, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, эдийн засгийн хэт халалтаас сэргийлдэг. Харин эдгээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг илэрвэл бодлогын хүүгээ бууруулдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button