УРЛАГ

Үзэсгэлэн: Амьдралын өмнөх орон зайд таныг урьж байна

Д.Дорждэрэмийн "Орон зай дахь өгөгдөл" үзэсгэлэн гуравдугаар сарын 19-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна.

Түүний 10 жилийн өмнө гаргаж байсан бие даасан үзэсгэлэнгийн нэр нь "Орон зай дахь дуу хоолой". 10 жилийн хугацаанд тэр хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож, өөрийнхөө туурвилч процессыг танилцуулж явсан. Харин өдгөө 10 жилийн урд барьж авч байсан концепцоо илүү төгөлдөржүүлэхээр хичээж, "Орон зай дахь өгөгдөл"-ийг дэлгэж буйгаараа онцлог юм.

Д.Дорждэрэм өөрөө баримлаар илүүтэй танигдсан. Харин энэ үзэсгэлэнд холимог техник илүүтэй ашигласан, баримал байхгүй. Энэ оны сүүлээр дан баримал бүхий бас нэгэн үзэсгэлэн дэлгэхээр ажиллаж буй нь анхаарал татсан.

"Орон зай дахь өгөгдөл"-д эр бэлгийн эсийг томоор дүрсэлсэн контемпорари өрөг бүтээлээс эхлээд үхэл, амьдралын зааг буюу энэ амьдралд хөл тавихаас өмнө бидний оршиж байсан гэмээр тэр орон зайн мэдрэмжийг дүрсжүүлснээрээ онцлог.

Хүмүүн бид нар амьдралыг олохоосоо өмнө, эр эм бэлгийн эсийн хэмжээнд байж, дараа нь эхийн хэвлийд боловсордог. Гэтэл энэ амирлангуй далд бөгөөд нандин үйл явц нь өөр цаг хугацаа, өөр орчин, өөр орон зайд холбогддог юм биш биз гэсэн өгүүлэмж рүү "Орон зай дахь өгөгдөл" таныг хөтөлнө.

Үзэсгэлэнгийн куратор Ж.Анунаран "Даваагийн Дорждэрэмийн 10 жилийн дараа гаргаж буй энэхүү үзэсгэлэн гараг ертөнц үүссэн шиг басхүү мөхдөг тэрхүү тэсрэлт хооронд гэрэлтэх хугацааг туулах хүний оршихуй, оноогдсон богино үйл явцыг бүтээлч онцгойлсноороо төсөөлөл мэдрэмж, итгэл үнэмшил дахь төрөл авах ертөнцийн хууль, жаягаас гадна эл оршихуйн үнэ цэнийг тодотгожээ. Хүний амьдрахын эхлэл болон төгсөх үйл явцыг бүтээлдээ шингээж, оршихуйн өгөгдсөн цаг хугацаа, өгөгдсөн зүйлсийн тухай түүнийг туулах, мэдрэх, илэрхийлэх бүтээгчийн эрмэлзэл нэгэн мөчлөг өнгөрөхөд хувирсангүй.

Хоёр хэмжээст боловч хагас товгор бүхий шинэ барилаар хэлэмжээ нэгтгэсэн холимог техникийн бүтээл, өрөг-орон зайн бүтээл, биет хэмжээст хийгээд дуу авианы нийлэмж бүхий эргэлзээгүй бас шийдэмгий ажлууд энэ үзэсгэлэнгийн төрх. Хүүхдийн дүртэй баримлаас эвэр толгойт (бие давхар) эмэгтэй, тас хар огторгуйгаас холограм, гэрэл ойлгосон өнгөт огторгуйлаг мэдрэмжээс зэсэн хийгээд баялаг өнгийн орчлон, сүүн боловч зөөлөн товгор хэлбэрт бүтээл рүү сүлэлдэх мэдрэмж  “ОРОН ЗАЙ ДАХЬ ДУУ ХООЛОЙ” хэмээсэн анхны өгөгдөл бүтээлээс “ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” хэмээх (найм дахь бие даасан) үзэсгэлэнгээ тэр үргэлжлүүлэн нээлээ" хэмээн бичжээ.

“ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” үзэсгэлэн 2023 оны 03-р сарын 19-30-ны хооронд МУЭ-ийн Арт Галерейд дэлгэгдэнэ.

Холбогдох дугаар: 11323274, 91091101, 91091102

Уран бүтээлч Д.Дорждэрэмтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button