Ярилцлага

Д.Дорждэрэм: Дурсамжаас чинь урлагтай холбоотой бүхнийг хасчихъя, хэн болж үлдэх вэ

Уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Орон зай дахь өгөгдөл” бие даасан үзэсгэлэн тун удахгүй нээх гэж байна. Хүчтэй барималчаас гадна контемпорари урсгалаар хэв загварт үл баригдан туурвидаг түүнтэй ярилцлаа.

Ярилцлагыг мөн подкэст хэлбэрээр хүлээн авах боломжтой.

ПОДКЭСТ:

Таван настайдаа бүх хийсэн баримлаа базаж хумиад, нэг том морь болгочхож билээ

-Таны урлан дээр уулзахаар шийдсэн маань оножээ. Хүмүүс оффисоо тохижуулах, хэв загварт базах гэж хичээдэг бол уран бүтээлч хүний ажлын орчинд тийм зүйл байдаггүй юм байна. Энэ урландаа хэр удаж байна. Урландаа тодорхой дүрэм журам байлгадаг уу?

-Бааг (Бат-Эрдэнэ) артист бид хоёрын хамтын урлан л даа. Хамтынх учраас өөр өөрсдийнхөө орон зайг мэдэрч ажилладаг. Энд ирээд гурван сар болох гэж байна уу даа.

-Урлантай болохыг мөрөөддөг байв уу, багадаа?

-Багадаа өөрийн орон зайны талаар нэг их гүнзгий боддоггүй байсан. Сүүлд сургуулиа төгсөөд л, ямар ч байсан өөрийн орон зай хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч, багш нараасаа ч суралцсан.

-Таны шинэ үзэсгэлэн удахгүй нээх гэж байна. Дунджаар таван жилд нэг үзэсгэлэн гаргаж харагддаг, бусад уран бүтээлчид. Та 10-аад жил болчхов уу?

-Хамтарсан үзэсгэлэнд цөөнгүй оролцож, процессоо танилцуулаад явж байсан л даа. Харин бие даасан даацтай үзэсгэлэн бол 10-аад ажил болчихлоо доо.

-Урт хугацаа юу?

-Нэг их урт биш. Өмнөх нь саяхан юм шиг л санагдаж байна.

-Өнөөдөр яагаад бие даасан үзэсгэлэн гэж?

-Зарим ажлууд маань дуусахгүй их удсан. Тэд арай дээрдэж, цаг хугацаа нь дөхчихсөн учраас өөртөө түлхэц үзүүлье гэж бодоод л. 10 жил болж байна, яагаад нэг үзүүлчхэж болохгүй гэж. Дууссан гэж бодсон бүтээлүүдээ нэг харуулчихъя гэж бодсон.

-10 жилийн өмнөх үзэсгэлэн дээр байсан бүтээл энд дахиад дэглэгдэж буйг сонссон, сонирхолтой санагдсан. Тухайн үед та дууссан гэж бодож байсан ч хожим дутуу санагдсан гэсэн үг үү. Эсвэл анх л дутуу мэдрэмжтэйгээр дэлгэж байв уу?

-Цаг хугацаа тулаад ирэхээр арай өөр хэмжээнд л дуусаж байгаа юм. Дуусаагүй гэдгийг мэдэх хүртэл ганц, нэг жил хэрэгтэй байсан л даа.

-Дуусаагүй юм байна гэдэг нь яаж мэдрэгдэх үү?

-Баримал орон зайн урлаг. Хаанаас нь ч харсан өөрийн гэсэн орон зайгаа олсон байх ёстой. Цаг хугацаа өнгөрөөд, янз бүрийн юм хийгээд ирэхээр чадамж арай дээрдэж байгаа юм. Түүнээс шалтгаалж, болж байгаа, болохгүй байгаагаа ялгахтайгаа болж байна гэсэн үг.

-Тэгэхээр хийх ёстой юмныхаа гол санааг, зураглалыг дотроосоо эрт олчихсон, харин яг тэр чигээр нь хийхэд ур чадварын хувьд бэлэн болоогүй байсан мэт. Анх хийе гэж олсон юмаа хийхийн тулд чадваржиж яваа процесс юм шиг. Иймд хамгийн анх уран бүтээлч болох ёстой гэж мэдэрсэн тэр үе рүү явъя?

-Одоо ч гэсэн яг “Ёстой” гэж боддоггүй. Хийж байгаа юм маань ухамсартай ч бай, ухамсаргүй ч бай нэг тийш зорьж байгаа нь мэдээж. Дурсамжууд бий. Бүх хүүхдэд тохиолддог амьдралын нэг хэсэг байх л даа. Тэр нь хүүхдийн ганцаардал. Би ач, зээ нараасаа хамгийн том нь, хамгийн түрүүнд гарсан гэсэн үг. Тэгэхээр тэнд нэг жижигхэн амьтан ганцаараа байна биз дээ. Аав ээж, эмээ өвөө бүгд халамжилж байгаа ч ганцаар үлддэг байсан цаг хугацаанууд мартагддаггүй. Би баримлаар их юм хийдэг хүүхэд байсан. Амьтан, ургамал, мал ахуй гээд л, харсан бүгдээ дуурайлгаж. Таван нас жаахан өнгөрч байсан юм уу даа, тэр хавьд жаахан депресстсэн юм шиг байгаа юм. Хүүхдийн сэтгэл зүй ойлгоход бэрх.

Тэр үеийг санахаар, ямар ч байсан их л ганцаардаж, нэг л юм болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Өдөр бүр шугамын радиогоор явж буй мэдээллүүдийг чагнана. “Сонгодог хөгжмийн цаг” гэж нэвтрүүлгийг их сонсож суудаг байсан санагдана. Буланд ганцаараа, яг яахаа мэдэхгүй, бодолд орчихсон, “Сонгодог хөгжим”-ийн цагийг сонсоод сууж байсан. Хөгжим хүүхдэд ч хүчтэй нөлөөлдөг. Тэгээд ширээн дээр хийж тавьсан байсан бүх жижиг баримлаа хумиад базчихсан. Юу ч үлдээлгүй базаад, нэг том морь болгоод тавьчхаж билээ. Урьд нь хийсэн баримлаа бусдад үзүүлэх хүсэл нэг их байдаггүй байсан шиг. Гэтэл удаан хугацаанд хийсэн тэр олон баримлаа базаад, өөрийнхөө тал шиг хэмжээний морь хийгээд, цонхны тавцан дээр тавьчихсан. Орой манай хэд гайхаж байсан. “Юу болчхов, яагаад хамаг баримлаа эвдчихэв” гэж. Тэр л их мартагддаггүй дурсамж. Харин өвөө хараад “Энэ хүүхэд барималч болох нь ээ” гэж хэлсэн. Намайг ийш чиглэхийг гэр бүлийнхэн минь олж харсан.

-Таван настай гэхээр их жаахан байжээ. Уран бүтээлч болъё гэж багадаа хүсээд хожим чадаагүй хүн олон. Та өнөөдөр шийдэж чадаж. Харин шийдэхэд хүнд үе тулгарч байсан уу, амьдралд хэрэгтэй мэргэжил сонгох ёстой гэсэн тулгалтууд ирж байв уу?

-Би уг нь дарханы анги төгссөн. Ядаж хутга шөвөг ирлээд, ээмэг бөгж хийх маягаар амьжиргаагаа аваад явчих боломжтой гэж өвөө маань санал болгосон. Хоёр жил суралцаж төгссөн ч яг үнэндээ дарх хийхэд тийм гүн гүнзгий орж чадаагүй. Миний дүү бас дархан. Дүүгээ хараад, дүүгээсээ долоон дор дархан болчих гээд. Ямар ч байсан гар хуруугаараа юм хийх юм байна. Гэхдээ дарх хийхэд дүү илүү билэг авьяастай байна гэж бодоод. Миний хуруу ч дархны багаж барьж болдоггүй, үеэрээ их өвддөг. Ямартай ч хоёр жил ажилласан. Тэгээд уран зургийн ангид шалгалт өгөөд орж байсан, 2000 онд.

Дууссан ч байж магадгүй. Дуусах эсэхийг би өөрөө л шийднэ

-Уран зургийн ангиа төгсөхийн өмнө, дипломын ажлын зургаа их сонирхолтой хэлбэрээр зурсан юм билээ. Энэ талаар ярилцах мөч ирж. Дипломын ажлыг хэн багш удирдсан бэ?

-Анги даасан багш маань дөрөвдүгээр курсийн үед Голландад суралцахаар явсан. Тэр хооронд, төгсөх курстээ бид багшгүйгээр суралцсан гэх үү дээ. Өөр төрлөөр хийдэг, өөр аргачлалтай мастеруудтай ойртох боломж тэгж гарсан. Удирдагч багш, шүүмжлэгч багш гэж хоёр багшийг дипломын ажил дээрээ сонгож билээ. Би дөнгөж Голландаас ирээд байсан Гэрэл багшийг удирдагч багшаар сонгосон. Харин шүүмжлэгч багшаар Лхагвасүрэн.

-Гэрэл багштай түүнээс өмнө хамтарч ажиллаж байгаагүй юм байна?

-Биднийг төгсөх курст байх үед л Монголд ирсэн санагдана.

-Өөрөө их хүчтэй хүн байсан. Олон нийт ч сайн мэддэг. Богино хугацаанд ойр ажиллахдаа танд хэр их юм өгсөн бол?

-Багш өөрөө их чөлөөт үзэлтэй хүн байсан. Тэр утгаараа оюутнуудтай нээлттэй харилцдаг байсан. Хийх гэж байгаа юмыг нь “Зүгээр л хий” гэдэг байсан. Болохгүй байна гэж хэзээ ч хэлдэггүй. “Болж байна, хий”. Тэр дэмжлэг нь надад их тус болсон доо.

-Та дипломын ажлаа “тийм” хэлбэрээр зурна гэдэг санааг анх юунаас олсон юм?

-Сэдвээ хайгаад бас болж өгөөгүй юм аа. Олон жил янз бүрийн хөгжимд хорхойсож явсныг хэлэх үү, яагаад хөгжмөөр амьсгалж болохгүй гэж бодоод шийдсэн. Гэхдээ их хүчтэй, ритмлэг, гүнзгий утга санаатай хөгжим сонгоё гэж бодож байсан.

Карл Орфыг багадаа нэг сонсож байсан юм аа. Тэр үед л чихэнд хадагдчихсан уу, “Кармина Бурана” дуурийг удиртгалыг яагаад ч юм сонгочихсон. Судлахад, дэлхийн 2-р дайныг эсэргүүцэж бичсэн бүтээл нь юм билээ. Их егөөтэй санагдсан. “Яагаад байж болохгүй гэж”. Гэрэл багш маань “Болж байна ш дээ, хий” л гэсэн. Лхагвасүрэн багш болохоор шүүмжлэгч багшийн үүргээ гүйцэтгэсэн л дээ. “Төгөлдөр хуурын тэддүгээр октавын тэддүгээр даралтад ямар нот дуугардгийг мэдэх үү” гэж асуусан. Би “Мэдэхгүй” л гэсэн. “Тийм байж чи яаж хөгжмийг зураг болгох юм” гэсэн. “Багш аа, би нотлохгүй, мэдрэмжээ л буулгах гэж байгаа шүү дээ”. Нэлээд ширүүхэн, “Ямар ч байсан хийгээд ир, үзье” гээд л. Энэ хандлага нь нэлээд шар хор буцалгасан гэх үү дээ, жаахан ч хүүхэд байж. Шаралхсандаа хоёрхон минутын тэр хөгжмийг хэдэн цаг болгож CD дээр бичүүлээд, бараг долоо хоног сонссон. Сонсоод байхаар эхнээсээ дуусах хүртлээ төгсгөлгүйгээр чихэнд өөрөө эгшиглэдэг болчихдог юм билээ. Тэр үед нь зурж эхэлсэн.

-Эхэлж дан сонссон. Чихэнд өөрөө эгшиглэдэг болоод ирэнгүүт нь зурж гарсан?

-Тийм. Чихэвчнээсээ холдоод.

-Зурж байх үедээ сонсоогүй гэсэн үг үү?

-Зурахдаа дотроосоо сонссон.

-Эхэлж хоногшуулаад...

-Тийм.

-Их сонирхолтой юм. Хэр сайн бүтээл болсон гэж дараа нь үнэлэв?

-Тухайн үедээ хамгийн сайнаараа л хийлээ гэж бодсон.

-Одоо та Карл Орфын “Кармина Бурана” дуурийн удиртгалыг санамсаргүй ч юм уу сонсоод ямар мэдрэмж авдаг вэ?

-Нөгөө зургаа нүдэндээ хардаг.

-Нүдэнд төсөөлөгдөх үү?

-Ммхн.

-Тэгэхээр зураг, хөгжим хоёр холбоотой болчихжээ?

-Яг үнэн. Холбогдчихсон.

-Гэтэл тэр зургийг хоёр жилийн дараа бас л дутуу болсон санагдаад, дахиад зурсан юм билээ. Юу хийх ёстойгоо эхэндээ мэдрээд, санасандаа хийхэд ур чадвар нь дутуу санагдаж, дахин дахин сайжруулах гэж оролдоод байгаа юм шиг таны энэ шинж чанарын талаар хоёул эхэнд багахан ярилцсан, сэдэв дахиад холбогдож байна. 10 жилийн өмнөх үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлийг энэ удаа дахиад дэглэх юм билээ. Тэр ямар бүтээл вэ?

-Нэг л ажил байгаа. Эхнэрээсээ сэдэвлэж хийж байсан юм. Эхнэрийнхээ амьдралд хандаж буй хэлбэр, зан чанарыг нь арай илүү таниад ирэв үү гэсэндээ л тэр баримлыг дахиад өөрчилмөөр санагдсан гэх үү дээ.

-10 жилд эхнэрээ илүү танин мэдэж байгаа юм шиг санагдсан болохоор, дахиад өөрчилмөөр...

-Тухайн үед баримлаа хэр хийв, яг тэр түвшинд эхнэрээ таньж байгаа ч юм шиг мэдрэмж төрж байсан. Цаг хугацаа явах хэрээр өөрчлөгдөж, хувьсана. Тэр хэрээр баримал хэлбэрээ олоод л байсан.

-Тэгэхээр энэ баримлыг одоо ч дууссан гэж болохооргүй юм байна.

-Тийм. Дууссан ч байж магадгүй. Дуусгах эсэхийг би өөрөө л шийднэ. Бүтээлийг үргэлжлүүлэн хийгээд байвал хийгээд л байна.

-Тэгвэл, дууслаа гээд хаасан бүтээлүүд хэр олон бэ?

-10 жилийн өмнөх үзэсгэлэнд дэлгэсэн хоёр баримлыг бол дуусгасан, тухайн үеийн хэмжээнд. Хүнд өгчихсөн болохоор үргэлжлүүлэх боломж ч үгүй болсон. Хэвийг нь устгасан.

Зарим бүтээлийн тухайд хийхээс өөр ямар ч сонголт байдаггүй. Байнга бодогдоод, тархи амрахгүй.

-Уран бүтээл дээр ажиллах явц нь тасралтгүй процесс болж байдгаараа та онцлог бололтой. Нэг “юм”-аа сайн мөлждөг. Уран бүтээлчид тодорхой хугацаанд барьж авсан, автсан зүйлээ орхиж, өөр шатанд гишгэдэг, тэр нь ил тод анзаарагддаг. Таны онцлогийг тэр гээд тодорхойлчихвол хэр нийцтэй вэ?

-Энэ бол өдийг хүртэл явж ирсэн л би. Цаашид хэрхэхийг тэнгэр л мэднэ байх даа.

-Ядаж техникийн тухайд. Шинээр оролдож буй техник байна уу?

-Зураг зурах гээд л рельеф хийгээд байх шиг байгаа юм даа. Гэхдээ би бүтээлээ “Ийм юм хийчихлээ” гэж ухамсарлахыг урьтал болгодоггүй. Юу болсон нь яваандаа, надтай надгүй илрэх учраас. Ухамсартай, ухамсаргүй хийж, туршиж байгаа зүйлс маань хэзээ нэгэн цагт ямар нэгэн юм болж болно, хог болж ч болно. Хог болсон ч ямар нэг юм болж байгаа хэрэг. Хэцүү юм даа, эд өөрсдөө хувь заяагаа шийдээд “төрж” байгаа ч юм шиг санагдах нь би. Заримдаа би зүгээр л дамжуулагч юм шиг. Миний ухамсартай үйлдлүүд шингэж байгаа нь мэдээж, гэхдээ талд нь ч хүрэхгүй. Хүн дандаа нөлөөлөл дунд амьдардаг, тэ. Бүх зүйл нөлөөлөлтэй, хоорондоо холбоотой. Маш олон хүчин зүйлсээс л уран бүтээл төрөх явц, тавилан шалтгаалдаг байх гэж боддог.

-Та бүтээлээ өөрөө тайлбарлах, тайлбарлахыг оролдохоос татгалдаг гэсэн үг үү?

-Ер нь сүүлийн үед “Таны зөв” л гэдэг болсон.

-Тэгэхээр энэ уран бүтээлчдээс асуумаар санагддаг сэдэв рүү аваачиж байна л даа. Артист нэг өдөр эмороод ч юм уу, өнгөрсөн дэх нэг дурсамжаа уудлаад бүтээл хийдэг, түүгээрээ үзэсгэлэн дэлгэчихдэг. Тэгснээ “Би юу хийснээ мэдэхгүй, та бүхэн л ойлго” гэх нь хариуцлагагүй явдал гэж Төрийн соёрхолт зураач Б.Саранцацралт ярьж байсан юм. Тэр эсрэгээрээ, артист ямар концепц барьснаа мэддэг, түүнийгээ тайлбарлаж чаддаг байх ёстой гэж байсан.

-Уулын мод урттай, богинотой гэдэг. Бүгд өөр өөрийн гэсэн өгөгдөлтэй ирсэн. Тэгэхгүй хүмүүс ч бий. Урлаг гэлтгүй бусад салбарт ч ийм. Тайлбарламаар байвал тайлбарла, тайлбарламааргүй байвал тайлбарлахгүй байж ч болно. Тэртэй тэргүй үгээр тайлбарлаж болохгүй байгаа зүйлээ дүрсэлж буй юм чинь. Үг мөхчихдөг, хүрэхгүй байгаа байхгүй юу, энэ хэлбэр лүү.

-Бүх юм барим тавим мэт ойлгогдож байна. Өөрөө зүгээр л дамжуулагч лугаа, амьдардаг, бүтээл юу болж дуусах нь ч мэдэгддэггүй гээд л. Залхмаар ч юм шиг санагдмаар уу?

-Хэдий тэгж хэлж байгаа боловч “дамжуулах” уу, “дамжуулахгүй” юу гэдгээ өөрөө шийдэж байгаа шүү дээ. Зарим бүтээлийн тухайд хийхээс өөр ямар ч сонголт байдаггүй. Байнга бодогдоод, тархи амрахгүй. Хийж байж л амьд байгаагаа мэдрэх ч юм уу, тийм мэдрэмж байна. Бусдаар адилхан л, энгийн л хүн шүү дээ.

-Таны бүтээлд байгалийн, онгон зэрлэг элементүүд харагддаг. Эвэр, эсгий, ноос гэх мэт. Энэ нь монгол ахуй уламжлалтай холбогдож чаддаг. Манай дүрслэх урлагийн артистууд дэлхийд ер гологдохгүй, харин ялгарах ялгаа нь монгол ахуй байж мэднэ. Та магадгүй дотроосоо тэмүүлж, ийм элементүүд ашигладаг байх, гэхдээ уламжлалаа хүчээр бүтээлд шингээе гэж бодож байсан удаатай юу?

-Бид өөрсдийгөө гаднаас харж байгаа юм шиг амьдарч чадахгүй байна л даа. “Улс дотроо” амьдарч байна. Гадаад руу гарсан уран бүтээлчид эргээд төрсөн нутаг, төрөлх соёл руугаа хүссэн хүсээгүй, байгалийн жамаар, жимээр живж байна. Тэр алсаас живж буй. Гэтэл нүдээ нээгээд харахаар өөр орчинд амьдраад байдаг. Мэдээж дэлхийн хаана ч ийм сайхан байхгүй л дээ...гэж хэлж чадна шүү.

Өвөг дээдсийн маань бүх замналыг дагаж, нүүдэлчин соёл оршсоор ирсэн. Гэхдээ ирээдүйд яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй л байна. Ферм болоод л ирвэл биш болно. Яг өнөөдөр, энэ цаг үед ирээд эвдэрч буй.

-Танд уран бүтээлч хүний хувиар нийгэмд чиглэсэн зовнил бий юу?

-Нийгмийн үзэгдлийг маш хурдан өрнөж өнгөрдөг, шуурга шиг зүйл гэж боддог. Яваандаа голдиролдоо орох цаг нь ирнэ. Түүх өөр өөрийн гэсэн жимтэй. Нэг жимээрээ л явж буй болов уу. Үүнд санаа зовниж, аймшгийн их зовлон тээж, юм хийгээгүй л байна. Гэхдээ нөгөө талдаа, бид бол яах вэ, доороос гарч ирж буй залуус хаашаа явах нь анхаарал татдаг. Тэд мөн дараагийн үеэ чиглүүлнэ шүү дээ. Харин улс төр яримааргүй байна, юуг нь ч, хаанаас нь ч эхэлж ярих юм. Нийгмийг авч явах залуусын хандлага ямар байна, түүнээс их зүйл шалтгаалах юм шиг санагддаг.

Төвөгтэй л дөө. Нийгэмд оршин тогтнох гэдэг. Цалинтай, тогтмол ажил хийдэг бол өөр хэрэг. Өөрөө өөртөө ажил өгөөд, түүнийгээ өөрөө хийгээд явна гэдэг... өөрөө эхлээд өөрөө дуусгана. Энэ бүгдийг дээр нь ч, доор нь ч юу ч байхгүй.

-Энэ дунд захиалгат ажлууд хэр орж ирэх вэ?

-Ер нь цөөн хийсэн дээ. Захиалгыг халтуур талаас нь харах дургүй. Хүссэн хүсээгүй миний амьдралын цаг хугацаанаас нэг хэсгийг аваад явчхаж байгаа юм чинь. Мөнгөний ажил гэж л харах юм бол өөрийгөө худалдсанаас ялгаагүй. Би бол өөртөө үнэнч хийнэ. Түүнийг бусад хүн бүтээл гэж харна уу, захиалгат ажил гэж харна уу, тэдний хэрэг.

-Таны хувь уран бүтээлчийн тухай ярилцсан тул одоо нөгөө талд нь байдаг, үзэгчдэд хамаатай зүйлсийг ярья. Ер нь урлаг хүнд ямар хэрэгтэй талаар. Гэхдэа та үзэгчдэдээ зориулж юм хийдэг хүн бол биш байх?

-Яаж мэдэв ээ /Инээв/. Тоглосон юм. Мэдээж хүн хүнд хэрэгтэй байхыг л бодно. Гэхдээ сүүлийн үед би өөрөө хэрэгтэй байя гэж бодолгүйгээр хэрэгтэй байхыг хүсэж байна. Ухамсартай, ухамсаргүй хийсэн зүйл маань хүнд хэрэгтэй л байх болов уу гэж.

-Тэгж итгэх л асуудал юм уу даа. Баталгаатай биш шүү дээ?

-Баталгаатай биш. Гэхдээ тэгж итгэхгүйгээр нисэхгүй шүү дээ.

-Ер нь миний хийж байгаа юм бусдад ямар нэгэн байдлаар хэрэгтэй гэж итгэх нь бүтээж, туурвихын гол үндэс юм биш үү?

-Сая урлаг ер нь хүн төрөлхтөнд ямар хэрэгтэй юм бэ гэж асуусан. Энгийн талаас нь бодъё. Чиний дурсамжуудаас амтагдаж, үнэртэж, сонсогдож, дүрслэгдэж байгаа урлагаас дам хүртсэн бүх бэлгийг хасчихъя. Бүр цаашид ч хэрэглүүлэхээ больчихьё. Одоо хэн бэ, хэн байна. Тэнд хэн үлдэв. Эсвэл одоо хэн байна. Ингэж л асуумаар санагдаж байгаа юм. Хэрэгтэй, хэрэггүй нь хувь хүний л асуудал. Тэр утгаараа хэнд ч хэрэггүй байж болно. Гэхдээ хэрэгтэйг нь мэдэхгүй байж болохгүй.

-Хүчтэй буух асуулт юм байна. Хүн хэн нэгэн болоход урлаг заавал байдаг юм байна.

-Өөрөө өөртэй нь ойртуулдаг зүйл л гэж боддог.

-Дүрслэх урлаг дээр буулгаад ярья л даа. Хөгжим, кино, уран зохиол тодорхой хэлбэржээд ирдэг. Баримал, уран зургийг хараад л зогсоод байдаг. Дуугарахгүй, хөдлөхгүй шүү дээ. Энэ яаж хүнд нөлөөлдөг, өөрөө өөртөө ойртоход нь тус нэмэр болдог бол?

-Бас л энгийн юм ярих гээд байна л даа. Чи гэртээ ороод ямар нэг эд хогшил ч бай, юу ч бай, ер юу чамайг хүрээлж байгаасай гэж бодож байна, тэд чинь дүрслэлээр бууж байна уу. Тэднийгээ цуглуулаад тавихаар тухтай болж, өөрийгөө мэдэрч чадаж байна уу. Тийм учраас л дүрс, орон зай, өнгө хэрэгтэй. Оршихуйг чинь тодорхойлох бас нэг боломж.

-Хамгийн анхны урлагийн төрөл гэж явдаг?

-Хамгийн анхны гэдгийг хүмүүс тодорхойлох гээд л байдаг болохоос бүгд хамтдаа л байсан юм биш үү. Хүмүүс л хойно, урд нь оруулж бичдэг учраас тэгдэг байх. Нэг түвшинд, давхарлаад бичиж болдог байсан бол өөр хэрэг болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-06 10:18

Уран бүтээлч нарын дотор нь юу болж байдаг юм болдоо

Зочин
Зочин
2023-03-06 11:35

Урлагийнхан тэгээд байраа барьцаанд тавин барин ингэж бүтээл хийж үзэсгэлэн гаргаад дэмжиж өгдөг газар гэж байдын болов уу

Зочин
Зочин
2023-03-06 11:54

Очиж үзнээ

Холбоотой мэдээ

Back to top button