НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: П.Сайнзоригийн хуульд хамаарах 5 барилдаан, цол нэмэх бөхчүүд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл чуулганы босго давлаа. Тодруулбал, гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-аар хэлэлцэж эхэлнэ гэсэн үг. Цааш анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах хүртэл дунджаар дөрвөн шат бий.

Бөхийн цол нөхөн олгох тухай асуудлаар нийгэмд талцал үүсгээд буй тус хуулийн төслийн заалтуудыг тайлбарлан хүргэе. Чухам хэдэн онд зохион байгуулсан аль наадам энэ хуулийн хүрээнд багтах хийгээд хууль батлагдсан тохиолдолд хэн хэний цол, чимэг хөндөгдөх зэргийг тодруулав.

Хуулийн төсөлд дараах наадмуудад үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг МҮБХ-ны саналыг үндэслэн баярын наадмын хороо Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэхээр тусгажээ.

Нэг. 1987 онд зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спартакад

Тухайн үед бүх ард түмний спартакиад нь дөрвөн жил тутам зохион байгуулдаг БНМАУ-ын томоохон наадам байсан аж. 1987 оны спартакиад хүрээнд зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд цол олгоогүй асуудал өнөөг хүртэл үргэлжилсэн. Тус барилдаанд Дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, Дархан аварга Д.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Хэрэв хууль батлагдвал 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн харьяат Улсын начин С.Эрхэмбаяр Улсын заан цолтой болно гэсэн үг.

Хоёр. 1989 оны Улсын баяр наадам

Ардын хувьсгалын 68 жилийн ой, улсын баяр наадамд Б.Бат-Эрдэнэ аварга улсын арслан цолтой байхдаа түрүүлж, Улсын аварга О.Балжинням улсын начин цолтой байхдаа үзүүрлэсэн байна. Үзүүрлэсэн О.Балжиннямд арслан цол олгосон ч хураасан байдаг. Тэрбээр 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн. Иймээс хууль батлагдсан Улсын аварга О.Балжинням Даян аварга цол болж ахих юм.

  • Гурав. 1991 оны улсын баяр наадам

Хууль батлагдвал Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн П.Сүхбат агсанд улсын аварга цолыг нөхөн олгоно.

Дөрөв. 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам

Тухайн үед цол хүртсэн боловч дараа нь хүчингүй болсон хоёр бөхийн цолыг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал, долоо даван шөвгөрсөн Ш.Батхуяг Улсын начин|-т улсын заан, тавын даваанд дархан аварга Ж.Мөнхбатыг авдаг шороодуулж начин цолны болзол хангасан, хураалгасан Ч.Баттуяа |аймгийн арслан| нар цолоо нөхөн гардана. Мөн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтоход улсын арслан цолыг нөхөн олгох, улсын аварга Д.Сумъяабазарт дүйцүүлэн цол олгох боломж бүрдэнэ.

Тав. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 512 хүчит бөхийн барилдаан.

Хуулийн дээрх заалтад ковидын үе буюу 2021 онд Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан бөхийн барилдаан багтаж буй. Тухайн үедээ цол олгоно хэмээн зохион байгуулсан гэдэг. Хууль батлагдвал тус барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгох аж.

Уг барилдаанд тухайн үеийн цолоор улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн.

Хууль батлагдсанаар

  • Улсын харцага Б.Бат-Өлзийд улсын арслан
  • Улсын харцага Э.Ууганбаяр улсын гарди,
  • Улсын начин Ч.Батчулуун улсын заан,
  • Улсын начин Т.Довчинсэмбэ улсын заан ,
  • Улсын начин Э.ЭнхАмгалан улсын харцага,
  • Аймгийн арслан Н.Батсайхан улсын харцага,
  • Аймгийн арслан Ц.Адъяа улсын харцага,
  • Аймгийн заан Б.Уртнасан улсын харцага,
  • Аймгийн арслан Э.Мөнхбаатар улсын начин
  • Аймгийн арслан Б.Хадбаатар улсын начин цол тус тус хүртэнэ.

Д.ХАДААН

Холбоотой агуулгыг дарах линкээс уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button