УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Батырбек: Хөгжлийн банкийг татан буулгахгүй, арилжааны банктай уралдах нь ч утгагүй. Шинэчлэгдэнэ

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбектэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-47 зээлдэгчээс 2.5 их наяд төгрөг авах өрийн үлдэгдэл байна-

-Зээлийн эргэн төлөлтийн талаар сүүлийн үеийн тоон мэдээлэл өгөөч?

-Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 170 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлээд байна. Үүнээс 30 гаруй тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн эргэн төлөлт. Өнгөрсөн хугацаанд 1.6 их наяд төгрөгийн нийт 38 зээлийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр ажилласан. Үүнээс 22 зээлийн 620.9 тэрбум төгрөгийн өр төлбөрийг шүүхээр эцэслэншийдвэрлүүлж дараагийн гүйцэтгэх шатны арга хэмжээ үргэлжилж байна. Харин 16 зээлтэй холбоотой асуудалхэлэлцэгдээд явж байна. Үүнээс гадна 19 төсөл хөтөлбөрт олгосон санхүүжилтийн асуудлаар 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй шууд дамжуулж байгаа.Та бүхэн иргэний болон эрүүгийн хэргийн шүүх дээр явж байгаа зээлийн асуудлыг салгаж ойлгоорой.

-Одоо зээлийн үлдэгдэл яг хэд байна вэ?

-Энэ оны тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 47 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

-Уржигдрийн /2023.05.18/ Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд С.Жавхлан "Хөгжлийн банк ашиг олохгүй бол удаан ажиллах боломжгүй" гэж шуудхан хэлсэн. Нөхцөл байдал тийм хүнд байгаа юм уу?

-Өнгөрсөн цаг үед алдсан алдаагаа яаралтай засаж залруулаад дараагийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явах ёстой. Гэвч чанаргүй зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Хэдийгээр бид энэ тал дээр ажиллаж байгаа ч зээл авсан компаниуд цаг хугацаандаа зээлээ төлөөгүй нь маш олон боломж хаасан.

-Шүүх, маргааны асуудал дууссаны дараа Хөгжлийн банканд бүтцийн өөрчлөлт хийх байх. Тийм үү?

-Хянан шалгах түр хороо дөрөвдүгээр сард УИХ-д нээлттэй сонсголын талаарх санал, зөвлөмжөө танилцуулсан. УИХ-аас “Хөгжлийн банкийг татан буулгахгүй” гэдэг тогтоол гарсан. Тодруулбал, “Одоогийн бүтцээр ажиллуулж болохгүй юм байна. Тийм учраас шинэчлэн зохион байгуулах, эрх зүйн орчныг нь өөрчилж үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэдэг агуулгатай.

Монгол Улсад Хөгжлийн банк хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Байх ёстой юу гэвэл ёстой. Нийгмийн шинж чанартай томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байх ёстой. Тухайлбал, байнгын тулгамдсан асуудлын нэг болох утаанаасаа салахын тулд, жил бүр төсөв мөнгө зарцуулахгүйн тулд эрчим хүчний дэд бүтэц, том хэмжээний үйлдвэрүүдээ санхүүжүүлэх ёстой. Түүнээс биш улс орны бодлогын банкны хувьд бид арилжааны банкуудын олгодог зээлийг олгох нь өөрөө утгагүй зүйл.

Өмнө нь мах, сүүний үйлдвэрт олгосон зээлүүд ч байдаг. Гэтэл тэр зээлийг салбар яамнаас нь хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээр санхүүжүүлээд, тэндээсээ дэмжлэг аваад явах нь зөв байсан. Мөн барилга барихад зээл олгосон байгаа юм. Барилга бариулах нь Хөгжлийн банкны зорилго мөн үү гээд эргээд харахад бас л асуудалтай байгаа юм.

-Есдүгээр сард Евро бондын 400 сая ам.доллар төлөх том даваа та бүхэнд үлдээд байгаа. Хэдийгээр Хөгжлийн банкны жилийн баланс ашигтай гарсан ч банкны үндсэн үүрэг болох цэвэр хүүгийн зөрүүнээс ашигтай ажилласан гэх зүйл байхгүй гэсэн ойлголттой байгаа. Энэхүү бондын өрөө төлөх боломж байгаа юм уу?

-Өнгөрсөн 2022 он болон энэ оны нэгдүгээр улиралд нийт 80 гаруй сая ам.долларын эргэн төлөлтийг хийсэн. Одоо 420 сая орчим ам.долларыг энэ онд төлж барагдуулах ёстой.Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүний хажуугаар нэн тэргүүнд зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар гол анхаарлаа хандуулж байна.

-Яг үнэнийг хэлэхэд арилжааны банкны 10 зээл тутмын нэг нь эрсдэлд ордог байхад манай 2 зээлийн 1.5 нь эрсдэлд орчихсон-

-Шүүхийн шийдвэр гарсан ч хөрөнгийн маргааны асуудалтай компаниуд бий. Хөрөнгийн маргаанаас болж өрөө авч чадахгүй сунжрах, улам төвөгтэй болох асуудлууд гарч байх шиг байна?

-Хөрөнгийн маргааны улмаас төвөгтэй байдал үүсэж байгаа нь үнэн. Тухайлбал, 2019 оноос хойш “Монгол Драй милк” ХХК-тай шүүхдэж байна. Хөгжлийн банк тус компаниас 74 тэрбум төгрөг нэхэмжилсэн ч иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны нэгдүгээр улиралд тус компаниас 58.4 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Хөгжлийн банк үүнийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдаж 74 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь шууд зээлээ төлнө гэсэн үг биш. Хэрвээ барьцаа хөрөнгөөр шийдвэрлэх хүсэлт гаргавал ахин маргаан үүсэж дахиад л хугацаа алдана гэсэн үг. Хөгжлийн банкны хувьд хугацаа алдах тусам хохирч байгаа.

-Хөрөнгийн маргаантай яг хэдэн компани байгаа юм бэ. Тэднээс авах мөнгөн дүн яг хэд юм бэ?

-11 зээл дээр 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа. Ихэнх нь хөрөнгийн маргаан гаргачихсан. Тухайлбал, дээр дурдсан Мон Лаа ХХК 8.2 тэрбум төлүүлэхээр 2019 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хөрөнгийн маргаан гаргачихсан. Тэр үеийн 8.2тэрбум төгрөг, өнөөдрийн 8.2 тэрбум төгрөгийг харьцуулахаар бараг тэрбум гаран төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Нэг ёсондоо шүүх 8.2 тэрбум төгрөг төлүүлэхээр  шийдвэр гаргаад хүү нь зогссон. Үүнээс хойш дөрөв орчим жил ямар ч хүү төлөлгүй өнөөдрийг хүртэл уг мөнгийг ашиглаад явж байгаа. Банканд ямар ч өгөөжгүй энэ компанийн өмнөөс Хөгжлийн банк хохироод явж байна. Энэ мэт олон жилийн цаг хугацаа зарцуулсан компаниудын талаарх мэдээллийг Та бүхэн одоо нээлттэй болж байгаа шүүх хурлаас харж байгаа байх.

-Бэрэн группийн хувьд “гангийн үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай явж байсан. Үлдэгдэл санхүүжилтгүйгээс гацсан” гэдэг тайлбарыг хэвлэлд өгдөг юм билээ?

--Тухайн байгууллага “Ийм хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна” гэж хүсэлт гаргасны дагуу Хөгжлийн банк санхүүжилт олгосон. Тэгэхдээ тодорхой хэмжээний санхүүжилтийг өөрсдөө гаргах ёстой байсан ч бүрэн гүйцэд гаргаагүй мөн банкны мөнгийг зориулалт бусаар ашигласныг түр хорооны сонсголын үеэр та бид бүгдээрээ сонсож үзсэн. Үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй л байна.  Банкны зүгээс ч гангийн үйлдвэр баригдаасай, ашиглалтад оруулаасай гэдэг үүднээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бэрэн группийнхэнтэй хамтарч ажиллаад хэлцэл хийсэн. Харамсалтай нь үр дүнд хүрэхгүй байна. Нөгөө талаар зээл болон барьцаа хөрөнгийн харьцаа алдагдсан буюу барьцаа хөрөнгөөр зээлийг төлөх боломжгүй болж байна гэсэн үг.

Мөн нэг зүйлийг тодруулж  хэлэхэд Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжчихсон, Монголын топ 100 аж ахуй нэгжид багтдаг компаниуд манайхаас зээл авъя гээд хандсан байгаа юм. Гэтэл тэдэнд санхүүжилт өгөөгүй байж шалгуур хангахгүй компаниудад нөхцөл тавиад санхүүжилт өгснөөрөө өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь өөрөө буруу жишиг. Засаж сайжруулах шаардлагатай.Эдгээр алдаа дутагдал, түүнийгээ засаж сайжруулаагүйгээс болж маш олон боломжуудыг хаасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2023 09:56

Gomo

Зочин
Зочин
5 сар 19, 2023 09:56

Gomo gesen

Зочин
Зочин
5 сар 19, 2023 10:21

Ийм банкны ойлголтгүй поп гарууд банк удирдаад байв�##� яаж хүндрээлээс гарах вэ дээ. Улам л дэвсэлж нураах байх. Естой нэг "Жавхлан" юм даа хаха

Зочин
Зочин
5 сар 19, 2023 10:53

Татан буулгах гүйн энэ нөхөр мэдэхгүй л дээ. Өөрийн эрх мэдлийн хүрээгээ ойлгоогүй баг

Зочин
Зочин
5 сар 19, 2023 13:25

Нэн даруй татан буулга

Зочин
Зочин
5 сар 20, 2023 06:23

Өр төлбөрөө дуусгаад бушуухан татан буулга.

Зочин
Зочин
5 сар 20, 2023 08:47

Хөгжлийн банкны хэрэг нийгэмд байсан булхайг илчилсэн. Ар араасаа нүүрсний хэрэг, боловсролын зээлийн сан гээд улсын мөнгийн цөлмөсөн хэргүүд ил тод гарч байгаа нь сайн хэрэг. Эцсийг нь үзэх ёстой. Энэ хүн зөв ярьж. Үр дүнг нь харж энгийн иргэдийн боломжийг хулгайлсан новшнууд айж ичдэг болох биз.

Зочин
Зочин
5 сар 22, 2023 09:22

10-20 удаа хойшлоод болохгүй бн гээд байсан "Эрэл"-ийн Эрдэнэбатын гэх мэт шүүх хурлууд нь эхнээсээ шийдвэр гараад үр дүнтэй л бгам биш үү. Овоо шд.

Холбоотой мэдээ

Back to top button