Нийгмийн

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нэгдсэн чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нэгдсэн чуулган буюу хаалтын үйл ажиллагаа өнөөдөр /2023.05.27/ Төрийн ордонд эхэллээ.

Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд оролцогчид парламентын боловсрол, эрчим хүч, өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцлог, хувь хүний хөгжил зэрэг сэдвүүдээр цахим хичээлүүдэд хамрагдаж, эрчим хүчээ хэмнэх зөв дадал зуршилтай болох талаар нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулжээ.

зураг

Тус үндэсний хэмжээний хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 9-11 дүгээр ангийн сурагчид хамрагддаг бөгөөд энэ жил Улаанбаатар хотоос 35, аймгийн төвүүдээс 39, сумдаас 17 сурагч сонгогдон оролцсон байна.

зураг

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, “Хоёр жилийн өмнө энэ хөтөлбөрийг эхлүүлж байхдаа өнөөдрийн амжилтад хүрч чадах эсэхдээ эргэлзэж байсан. Олон нийтийн зүгээс хүүхдүүдийг улс төржүүлж байна гэх шүүмжлэлтэй тулгарч байсан. Гэхдээ бидний зорилго бол шийдлийг олдог, шинийг санаачилдаг, ирээдүйн салбар бүрийн шилдэг удирдагчдыг бэлтгэх юм. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдтэй Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, өсвөр үеийнхний оролцоог хэрхэн яаж хангах талаар ярилцаж суухдаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг анх эхлүүлэхээр болж байсан.

Энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан 91 сурагчийн 17 нь сумдын сургуулиас шалгарсан. Өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлт, эрүүл хооллолт зэрэг асуудалд төвлөрсөн бол энэ удаагийн хөтөлбөрийн гол агуулга нь эрчим хүчний хэмнэлт, байгаль орчинд ээлтэй хэрэглээний асуудлыг хөндсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсад эрчим хүчний хэрэглээний ямар бодлого баримталж байгаа, иргэдийн оролцоо тэр дундаа өсвөр үеийнхэн, залуучуудын оролцоо, манлайлал ямар хэрэгтэй байгаа талаар мэдлэг, мэдээлэл өгсөн. Бидний хувьд Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байгаа. “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн маань амьдралд нэг шинэ хэв маягийг нээсэн байх гэж найдаж байна” гэлээ.

зураг

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Хүүхэд, залуу хүн бүр дуу хоолой, үзэл бодлоо парламентын түвшинд хүргэнэ гэдэг маш чухал. Энэ боломжийг олгож буй хөтөлбөрийн санаачлагчдад талархал илэрхийлье. Өсвөр наснаасаа эхлэн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт мэдлэгтэй болж, энэ асуудлыг шийдэхэд яагаад оролцох ёстой вэ гэдгээ мэдэж авна гэдэг том давуу тал. Ирээдүйд үүсэх олон асуудлаас урьдчилан сэргийлж, одооноос хамтран шийдэхэд хүүхэд, залуусын оролцоо, үзэл бодол, манлайлал чухал.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд өнгөрсөн хугацаанд маш олон зүйлийг шинээр сурч, мэдэж авсан. Мөн түүнийгээ бусдадаа хуваалцаж, нөлөөллийн ажлуудыг хийж, өөрийн хүрээлэлдээ эерэг өөрчлөлт хийж эхлүүлсэнд баяртай байна. Өнөөдрөөс эхлэн Та бүхний хийсэн бүх зүйл зөвхөн өөрийнхөө төлөө биш, ангийнхан, найз нөхөд, үе тэнгийнхнийхээ, улс орныхоо өнцөг булан бүрд байгаа хүүхэд нэг бүрийн дуу хоолойг төлөөлөх болно” хэмээгээд эрчим хүчээ хэмнэх энгийн 10 аргын талаар зөвлөмж өгөв.

зураг
зураг

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар болон уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хайрлан хамгаалахад өсвөр үеийнхний оролцоо, багаар ажиллах, манлайлал үзүүлэх, хүмүүнлэгийн ажлуудад оролцох зэрэг олон сонирхолтой мэдлэг мэдээлэл, ур чадварыг тус хөтөлбөрөөс суралцсан талаараа Говь-Алтай аймгийн Д.Номин, Дорноговь аймгийн оролцогч Э.Дөлгөөнтамир нар сэтгэгдлээ хуваалцав. Мөн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш Ч.Алтанчимэг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан, техникийн салбарын ахлах багш, доктор Т.Батгэрэл нар үг хэлж, оролцогчдод баяр хүргэв.

зураг
зураг
зураг

Хөтөлбөрийн оролцогчид үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гурван үндсэн асуудлын хүрээнд “Өсвөрийн парламент-2022” нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг хийнэ.

Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хүүхдийн эрхийг хангахад эрчим хүчний салбарыг оролцоог нэмэгдүүлэх асуудал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Боловсролын ерөнхий хуулийн төсөлд өгөх саналыг хэлэлцэнэ.

Мөн өсвөр үеийнхний нийгмийн оролцоог дэмжих, парламентын боловсролыг түгээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар цахилгаан, дулааны хэрэглээ болон эрчим хүчний хэмнэлтийг дадал хэвшил болгох асуудлыг хэлэлцэх юм. Байнгын хороодын хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гарсан саналыг Улсын Их Хуралд өгөх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button