Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"ОПЕК+" нефтийн үйлдвэрлэлээ буурууллаа: Хийн үнэ өсөх төлөвтэй байна

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх төлөвтэй байна. Учир нь газрын тос олборлогч томоохон орнуудын бүлэг болох "ОПЕК+" газрын тосны олборлолтоо бууруулахаар боллоо. Энэ шийдвэрээ 2024 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Тэд дээрх шийдвэрээ ням гарагт гаргасан даруйд Брент газрын тосны үнэ өчигдөр 78.73 ам.долларт хүрсэн юм. Саудын Арабын сайд нар Венад болсон "ОПЕК+" уулзалтын үеэр ирэх долоодугаар сарын 1-нээс эхлээд өдөр бүр газрын тосны нийлүүлэлтээ нэг сая баррелиар бууруулна гэдгээ мэдэгдэв.

-"ОПЕК+" гэж юу вэ-

Газрын тосны талаарх мэдээллийн өмнө тус байгууллага нь яагаад дэлхийн газрын тосны зах зээлд чухал нөлөөтэй болох талаар тайлбарлая.

"ОПЕК+" бол газрын тос экспортлогч 23 орны нэгдэл бөгөөд дэлхийн зах зээлд түүхий нефтээ борлуулахаар хуралддаг бүлэг юм. Гол цөм нь Ойрхи Дорнод, Африкийн орнууд болох ОПЕК-ийн 13 гишүүн орон юм. 1960 онд дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлт, үнийг тогтоох зорилготойгоор байгуулсан байгууллага билээ.

Тус бүлгийн орнууд дэлхийн түүхий нефтийн 30 орчим хувийг үйлдвэрлэдэг. Саудын Арабын хувьд өдөрт 10 сая баррель нефть олборлосноор уг бүлгийн хамгийн их хэмжээгээр газрын тос нийлүүлэгч орон гэх тодотголтой.

Анх "ОПЕК" гэх нэршилтэй байсан ч 2016 онд нефтийн үнэ хямд байх үед бусад 10 газрын тос үйлдвэрлэгчтэй нэгдэн "ОПЕК+"-ийг байгуулсан. Ингэснээр тэд дэлхийн түүхий нефтийн 40 хувийг үйлдвэрлэдэг болсон юм. ОХУ ч эл бүлгийн нэг хэсэг билээ.

-"ОПЕК+"-ийн орнууд яагаад газрын тосны нийлүүлэлтээ бууруулахаар болов-

Одоогоор эл бүлгийг Саудын Араб даргалдаг. Тус улсын Засгийн газрын зардал, импортын төлбөрөө нөхөхийн тулд Брент маркийн нефтийн үнийг нэг баррель нь 80 ам.доллар буюу түүнээс дээш болгох шаардлагатай хэмээн үзсэнтэй холбоотой юм.

Цар тахлын хөл хориотой холбоотойгоор улс орнууд худалдан авагчгүйн улмаас түүхий нефтийн үнэ ихээр унасан. Тиймээс тэд уг алдагдлаа нөхөхийн тулд өдөрт есөн сая баррелиар бууруулах замаар үнийг нь өсгөх аргыг хэрэглэх байв.

Гэсэн хэдий ч ОХУ Украин хоорондын мөргөлдөөний дараа Брент маркийн нефтийн үнэ баррель нь 130 ам.долларт хүрч, өсөлтийг харуулсан. Энэ оны гуравдугаар сар гэхэд нэг баррелийн үнэ 70 ам.долларт хүрч, сүүлийн 15 сарын хамгийн доод түвшинд хүрээд байв.

"Argus Media" группийн газрын тосны олборлолтын судлаач Дэвид Файф "Газрын тосны баррель бүрийн үнэ 70 ам.доллароос өсөх хэдий ч дээд хэмжээ нь 80 ам.долларт хүрнэ. Учир нь эрэлт хангалттай биш. Хөгжингүй улс орнуудын эдийн засгийн өсөлт ч огцом удааширч байгааг харж байна. Ирэх хэдэн сард Хятад дахь нефтийн эрэлт их хэмжээгээр нэмэгдэхгүй гэж бодож байгаа" гэлээ.

-Оросын газрын тосод юу тохиолдов-

Орос Украиныг эзлэн орсны дараагаар Европын холбооны орнууд тус улсын нефтийг далайгаар тээвэрлэж авахаа зогсоосон.

АНУ, Их Британи зэрэг орнууд худалдаж авахаа ч бүрэн зогсоосон юм. Тиймээс Москвагийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй Энэтхэг болон Хятад зэрэг орнуудад түүхий нефтээ илүү ихээр экспортолж буй.

Гэсэн хэдий ч "Их долоогийн бүлэг"-ийн улсууд Оросын газрын тосны орлогыг бага байлгахыг хичээж буй. Тус улсын хувьд өдөрт 10 сая баррель газрын тосыг олборлодог билээ.

-Газрын тосны үнэ өссөн ямар нөлөө үзүүлж байна вэ-

Нефтийн үнийн өсөлт дараах байдлаар зах зээлд нөлөө үзүүлж байна.

  • Их Британийн инфляцыг удаан хугаанд өндөр байлгах төлөвтэй
  • Европын Засгийн газрын бондуудын өгөөж нэмэгдэж байна
  • Туркийн Ерөнхийлөгч Эрдагон сонгуулийн өмнө айл өрхүүдэд нэг сарын турш байгалийн хийг үнэ төлбөргүй өгнө хэмээн амалсан ч түүхий нефтийн үнэ өсөв
  • Нефтийн томоохон компаниуд боох BP болон Shell нарын ханш дунджаар нэг хувиар өслөө
  • Хийн үнэ өсөх төсөөлөлд хүрлээ.

-Хийн үнэ өсөх төлөвтэй байна-

"ОПЕК+"-ийн шийдвэрийн улмаас дэлхийн зах зээлд хийн үнэ өсөх хандлагатай байна. "GasBuddy"-гийн газрын тосны шинжилгээний албаны дарга Патрик Де Хаан "Олборлолтоо бууруулснаар газрын тосны үнэ өсөж, долоо хоногийн дундуур шатахууны үнэ өсөх магадлалтай" хэмээлээ.

АНУ-д гэхэд л хийн үнэ жилийн өмнөхөөс буурсан шалтгаан нь газрын тосны үнэ буурсантай холбоотой юм.

Гэвч олон улсын судлаачдын үзэж буйгаар эл нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй хэмээн таамаглаж байгаа. Учир нь хамгийн том эдийн засагтай хоёр гүрэн болох АНУ болон Хятадын хөгжил зогсонги байдалд байгаа нь түүхий нефтийн үнийг өсгөхгүй гэх урьдчилсан хүлээлттэй байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button