УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээнд Г.Занданшатар оролцож байна

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ өнөөдөр /2023.09.13/ БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хүн ам, ан амьтны 70 хүртэлх хувь үгүй болох аюул нүүрлээд байна. Дэлхийн агаарын дундаж температур өнөөдөр 2.1 хэмээр нэмэгдсэн, 2050 онд хэрхэхийг таашгүй. Иймд нүүрстөрөгчийг саармагжуулах сайжруулсан технологи нэвтрүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцож, үг хэлэв. Тэрбээр, эрчим хүчний аюулгүй байдлын үндсэн зарчим нь бидний өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг хангасан эрчим хүчний тогтвортой байдал, найдвартай хангамжийн цогц юм. Энэхүү үзэл баримтлал нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшил, экологийн тогтвортой байдлыг хангах үндсэн суурь болж өгдөг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал болоод эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний аюулгүй байдлын тухай ойлголт илүү өргөн ухагдахуунтай болж байна гэлээ.

This image has an empty alt attribute; its file name is Screenshot-764.png

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд эрдэс баялгийн нөөц, эрчим хүч, тээвэр ложистикийн сүлжээ, гуравдагч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй хэвээр байгаа бөгөөд холбогдох хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд талууд нягт хамтран ажиллах болно. Бид эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх замаар нийлүүлэлтийн хомсдол болон үнийн хэлбэлзлийн эсрэг баттай зогсож чадна. Цөмийн, байгалийн хийн, метан хийн, устөрөгчийн гэхчилэн эрчим хүчний шинэ эх үүсвэр, технологиудыг хүчин чадлын хувьд зохистой байдлыг нь тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Иймд эдгээр салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ ногоон технологид шилжих зорилтыг нэн тэргүүнд дэвшүүлж байна хэмээсэн.

Энэ өдөр Эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын зураглал, Геополитик, эрчим хүчний тогтвортой байдал, Цэвэр эрчим хүчний шийдлүүдээр дамжуулан Aзи, Номхон далай дахь эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих, Цэвэр эрчим хүч, хамтын ажиллагаа гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн асан, Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн асан, Митчел сан ТББ-ын тэргүүн А.Ундраа нар панелистаар оролцож байна.

Маргааш Эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдэл, эрчим хүчний аюулгүй байдал, Сэргээгдэх эрчим хүчний улс төрийн эдийн засаг ба эрчим хүчний аюулгүй байдал, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ, Боловсрол ба эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ, Тэгш эрх ба эрчим хүчний аюулгүй байдал: Ирээдүйн үетэйгээ хийх яриа хэлэлцээ гэсэн сэдвүүдийн дор болно.

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад 7 орны 160 гаруй төлөөлөгчид оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button