Х.Болорчулуун: Ургац хураалтад 10 мянган оюутан, сурагч ажиллана

Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрүүдийн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар манай яам хоёр асуудал орууллаа. Нэгдүгээрт, 2023 оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Хоёрдугаарт, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх талаар танилцуулж Засгийн газрын тогтоол гарлаа.
Энэ жилийн ургацын баланс эерэг, өөдрөг гарсан. Үр тариа гэхэд 510 мянган тонныг хурааж авна. Үүнээс улаанбуудай 480 мянган тонныг хураана. 330 мянган тонныг тариалсан. Сүүлийн 10 жилд ийм ургац тогтоолт явагдаагүй. Гаднаас гуилын будаа авахгүйгээр хангах нөөцтэй болж байна. Мөн төмсөө 100 хувь хангана.
Хүнсний ногоо 14,000 га-д тариалж, 165 мянган тонныг хурааж авах урьдчилсан баланс гарсан. 90 оноос хойш ийм хангамжид хүрсэн үзүүлэлт байгаагүй. Ирэх жил хүнсний ногоогоо 90-100 хувь хангах боломж бүрдэнэ. 65 мянган тонн тосны ургамал хурааж авна.
Энэ жил 10 гаруй мянган оюутан, сурагч ургац хураалтад ажиллах тооцоо бий" гэлээ.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Улаанбуудай гурилын үнэ өсөх эрсдэл үүсэх үү. Зоорийн асуудал жил бүр толгой өвтгөдөг. Зоорийн хүртээмж дээр хэрхэн анхаарах вэ?
-Гурил бол Монгол хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг зүйл. Дотоодын улаанбуудай дуусаагүй байхад гаднаас оруулж ирэхийг хориглосон. Хатуу үнэ тогтоох асуудал байхгүй. Зах зээлийн жамаар явна. Зоорийн асуудал төр засгаас анхаарч байгаа. Зургаан хувийн хүүтэй зээлээр аймаг, орон нутагт зоорь барих ажлыг аж ахуй нэгжүүд хийж байна. Цаашид зоорины хангамж хүртээмжтэй болно.
-Үхэр ээмэгжүүлэх ажлын төсөв, ажил хэрхэж байгаа вэ?
-Үхэр ээмэгжүүлэх гэж хэлээд сурчихсан болохоос биш бүртгэлжүүлж, паспорттой болгох ажил юм. Ингэж байж эрүүл, цэвэр махаа гадагшаа экспортлох боломж бүрдэнэ. Энэ жилийн төсөвт үхэр ээмэгжүүлэх хөрөнгө мөнгө тусаагүй. Тав, зургаан аймагт эрүүл бүс байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.