Аргентин улсын инфляц 124 хувь боллоо
Аргентин улсад жилийн инфляцын түвшин наймдугаар сард 124.4-д хүрч, 1991 оноос хойш үзэгдээгүй хамгийн өндөр хэмжээндээ очсон байна. Жилийн инфляц гэдэг нь тодорхой сарын инфляц өмнөх жилийн мөн сараас хэдий хэмжээнд өөрчлөгдсөнийг тодорхойлдог нэгж юм.
Харин өмнөх сарын инфляцын түвшин 12.4 хувь хүрсэн байна. Сарын инфляц гэдэг нь өмнөх сартай харьцуулахад инфляц хэрхэн өөрчлөгдсөнийг харуулдаг. Өмнөд Америкийн тус улсад үнийн өсөлт тооцоолж байснаас хурдан явагдсан тул амьжиргааны хямралд олон хүнийг түлхэн унагаав.
Буэнос-Айрес хотын ойролцоо захаас хүнс цуглуулж буй Лаура Селиз “Үнэхээр хэцүү байна. Өдөр болгон л юмны үнэ бага зэргээр нэмэгддэг. Тийм болохоор үнэ нэмэгдэхээс өмнө, цагтай уралдаж хүнсээ авах шаардлагатай. Нэг дэлгүүр ороод тэнд байгаа хамгийн хямдхан зүйлийг нь аваад, дараа нь шууд өөр дэлгүүр зүглэдэг” гэж хэлжээ.
Инфляцын түвшнийг мэдээлсний дараа Аргентины Төв банкны шинжээчид 2023 оны сүүлд жилийн инфляцын түвшин 169 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Тэд сарын өмнө 141 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.