Өдрийн сурвалжилга: Гэр хорооллын ШТС-ууд түгээлтээ хүлээж, иргэд шатахуунгүй машинаа түрж байна

Олон нийтийн дунд ОХУ шатахуун экспортлохгүй гэх хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүслээ хэмээгээд байгаа. Улмаар ШТС-ууд монголчуудын дунд түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахуун тасарч эхэлсэн, цаашлаад компаниуд үнээ нэмэх гэж байгаа гэх хардлага үүссэн. Тэгвэл Эгүүр мэдээллийн агентлаг энэ удаагийн өдрийн сурвалжилгаар шатахуун тойрсон асуудлуудыг сурвалжилсан юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын долоо хоног бүрийн тайлан мэдээлэлд хамгийн сүүлийн байдлаар аравдугаар сарын 3-ны өдрийн шатахууны нөөцийг зарласан байна. Тодруулбал,
Улсын хэмжээнд,
- А-80 - 27
- АИ-92 - 32
- АИ-95 - 20
- ДТ - 32
- ТС-1 - 17 хоногийн нөөцтэй байгаа юм.
Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд,
- АИ-92 - 26
- АИ -95 - 22
- ДТ - 39 хоногийн нөөцтэй байна.
Эдгээр нөөцүүдийг ОХУ-ын хориг гарах үетэй зэрэгцэж, буюу есдүгээр сарын 29-ний өдөртэй харьцуулахад шатахууны нөөц 3-5 хоног буурсан үзүүлэлт юм.
-Иргэд: ШТС-ууд нөөцгүй байна. 2 км газар машинаа түрлээ. Компаниуд дахин үнээ өсгөх вий-
Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор бид жолоочдын байр суурийг сонссон юм.
Шатахуун авахаар дугаарлаж зогссон жолооч "Петровис, Шунхлайгийн ШТС АИ-92 байхгүй, өгөхгүй байгаа гэх тайлбарыг өгсөн. Тэгээд хүмүүс М-Oil өгч байна гэхээр нь шатахуун авахаар дугаарлаж байна. Ингэж хааж боож байгаад нэг л мэдэхэд шатахууныхаа үнийг нэмчих вий. Өмнө нь тэгж байсан. Шатахуун оруулж ирж байгаа компаниуд дээгүүрээ ярилцаж, лобби луйвар хийж байна л гэж харж байна. Шатахуун олдохгүй байгаа учраас нэг авсных дүүргэж л шатахуун авна гэж бодож байна даа" хэмээлээ.

Шатахуун аваад явж байсан жолооч "Хэд хэдэн ШТС-ууд шатахуун өгөхгүй байна. Баянбүрдийн тойрог орчмын ШТС-ууд ер нь бол шатахуун өгөхгүй байна. Тиймээс сая М-Oil-оос 50 мянган төгрөгөнд авлаа. Нөөцгүй болж байгаа болохоор л ШТС-ууд шатахуун өгөхгүй байна гэж бодож байгаа. Одоо шатахууны хомсдолд орсон даруйд үнээ өсгөчихдөг. Бүхий л зүйлийн үнэ өсөж байгаа болохоор үнэ нь ч дагаад өсөх байх" гэв.

ШТС-ууд хотын төвд хийгээд гэр хорооллын хэсэгт нөөц нь хэр ялгаатай байгаа, зарим салбар нь өгч байгаа юу, хотыг захлах хэсгийн салбарууд шатахуунтай байгаа эсэхийг судласан юм. Энэ мэтээр хотын төв хэсэгт иргэд шатахуунтай байгаа ажээ.
Тэгвэл гэр хороолол эргэсэн ШТС-ууд шатахуунтай байгаа эсэхийг судаллаа. Ийн явж байх үед машинаа түрсэн гурван залуутай таарав. Жолоо барьж явах залуу нь "Ганцхудгаас явж байх замд шатахуун дууссан. 32-ын тойрог орчмын өөрт хамгийн ойр гэх ШТС болох Сод Монгол болон Тэс Петролиумын салбаруудад ирсэн ч хоёуланд нь шатахуун байхгүй байна. АИ-95 болон АИ-92 байхгүй байна. Евро ч алга. А-80 л байгаа гэж хэллээ. Бид нийт хоёр гаруй км газар машинаа түрж ирсэн.

Хоёр машинтай. Нэгийг нь унаад өнөөдөр гараад ирсэн юм. Хүнд үзүүлэх гээд. Шатахуун багатай байсан л даа. Замд ШТС-ууд байгаа болохоор гээд л унаад гараад ирсэн юм. Ойрын өдрүүдэд ер нь бол шатахууныг хүссэн хэмжээгээр нь өгөхгүй байгаа бололтой. Нийгэм ямар байгаа билээ дээ. Нэг удаадаа шатахуун авахдаа дүүргээд хэсэгтээ шатахуун худалдаж авахгүй байх ёстой юм уу гэж ч бодлоо" хэмээлээ.

-ШТС-ууд: Нөөц түгээлтээ хүлээж байна. Өнөөдөр түгээж байгаа болохоор түр хугацаанд ажиллахгүй-
Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор ШТС-уудаас тодрууллаа. Тэдний зарим салбар нь хааж, зарим нь АИ-92 дууссан, худалдаалахгүй гэх бичигтэй цаасыг өлгөжээ.
НЭГТ. Тэс петролиум ШТС-уудад түгээлт хийж байгаа тул түр хаасан гэв.

Тэдний зүгээс "Зарим салбар тав дахь өдөр татан авалтаа хийсэн. Гэвч амралтын өдрүүдэд дууссан. Улмаар одоо ШТС-ууд нөөцөө хүлээж байгаа болохоор түр хугацаанд хаасан. Нөөцийг бүрэн хуваарилж, ШТС-уудад түгээлт хийж байна. Нөөцөө бүрдүүлж дуусталаа ажиллах боломжгүй. Тиймээс л зарим салбар хаалттай байгаа юм. Манай компанийн шатахууны нөөц хэвийн байгаа. Бүх төрлийн шатахууныг өгч байна" гэв.
Харин гэр хороолол дахь салбарууд нь ямар ч шатахуун байхгүй гэдгийг дурдсан юм. Өчигдөр буюу аравдугаар сарын 8-ны өдөр шатахуун нь дууссан ч одоог хүртэл нөөц нь ирээгүй гэх салбарууд ч байлаа.
ХОЁРТ. Шунхлай: Агуулах бямба, ням гарагт ажиллаагүй тул салбаруудын нөөц дууссан. Өнөөдөр түгээж байна

Шунхлай компанийн хувьд агуулах нь бямба болон ням гарагт ажиллаагүй тул салбаруудын нөөц дууссан хэмээлээ. Тодруулбал, "Өнөөдөр салбар бүрд нөөцөө түгээж байна. Нөөц хэвийн, олон нийтэд хангалттай хүрнэ. Ямар нэгэн салбар хаасан асуудал байхгүй. Агуулах нээсэн учраас түгээлт хэвийн үргэлжилж, салбарууддаа нэмэлтээр шатахуун зөөвөрлөж, хүргэж байна" гэлээ.
ГУРАВТ. Сод Монголын зарим салбар: АИ-92 хэзээ ирэх нь тодорхойгүй

Сод Монгол компанийн хотын төв дэх салбарууд түгээлтээ хүлээгээд, нөөцөө бүрдүүлэхийн тулд түр хугацаанд ажиллахгүй байгаа гэх мэдээллийг өгсөн юм. Харин хотын захын хэсгийн салбараас нь тодруулахад "Түгээлт хэзээ ирэх нь тодорхойгүй байна. АИ-92 тасарсан. Харин АИ-95 байгаа. Түүнчлэн Сод Монголын карттай иргэдэд хязгаартай олгож байна. Тодруулбал, 30 мянган төгрөгт хязгаартай өгч байгаа" хэмээсэн юм.
ДӨРӨВТ: МТ, Петровис болон M-Oil нар шатахуунаа огтоос таслахгүйгээр худалдаалж байгаа гэв.

Тэгвэл МТ, Петровис болон M-Oil-ын ШТС огтоос шатахуунаа таслахгүйгээр олон нийтэд худалдаалж байгаа гэж мэдээллээ. Тэдний хувьд толгой компаниас нь нөөцийг хангалттай бүрдүүлж өгч байгаа бөгөөд нэг ч өдөр, ямар ч салбарт шатахуун тасрахгүй гэх чиглэлтэй ажиллаж байгаа гэсэн юм.
Түүнчлэн хотын төвийн салбарууд нь шатахуунтай хэдий ч гэр хорооллын салбарууд түгээлт хэзээ ирэх нь тодорхойгүй гэх тайлбарыг өглөө.
Дээрх ШТС-уудын гэр хороолол эргэсэн салбаруудад АИ-92 байсангүй. Түгээлтээ хүлээж байгаа, хэзээ ирэх нь тодорхойгүй байна гэдгээс өөр тайлбарыг өгсөнгүй. Ингэхдээ зөвхөн АИ-92 бус АИ-95, Евро ч байхгүй гэдгийг дурдсан юм. Тэр дундаа зуслан явах зам дагуух ШТС-ууд дээрх хариултыг өгч байв.
-Ж.Ганбаатар: ОХУ-аас өчигдөр 92 вагон, өнөөдөр 52 вагон АИ-92 шатахууныг оруулж ирсэн-
Тэгвэл АИ-92 шатахуун тасалдаж буйтай холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр "ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахуун экспортлохыг хязгаарлах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолд дизель түлш хамаарахгүй. АИ-92 хамаарч байна. Аравдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орж, АИ-92-ын асуудал шийдэгдлээ.
Өчигдөр /2023.10.08/ гэхэд 92 вагон АИ-92 орж ирсэн. Өнөөдөр 52 вагон АИ-92 орж ирлээ.
Манай томоохон импортлогчид болон “Петровис”, “Шунхлай”-н ШТС-уудад АИ-92 байсан. “Сод Монгол” зэрэг зарим газарт бензин байгаагүй. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан есдүгээр сарын 20-ны өдрөөс хойш шатахуун импортлогч ААН-үүд 20 хоногийн хугацаанд нөөцөлсөн шатахуунаа нийлүүлж байв. Зарим ШТС-ын нөөц дууссан. Одоо нөөц хэвийн болсон тул иргэд сандрах шаардлагагүй. Тайван байгаарай" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха Ер сайд нь энэ тэнд попроод байдаг. Бодит байд�##� дээр бүх с�##�бар нь унаж байна дөө
Оросыг үзэн ядаад байсан АН ынхан шатахуунаа хаанаас авч байгаа бол �######�уул.
Онигоо олон жил боллоо дотооддоо шатахуунаа үйлдвэрлэж чадахгүй