Төрийн банк цалинтай дадлагажигч оюутан хөтөлбөрийг дэмжин ажиллана

Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн дагуу Монгол Улсад хэрэгжиж буй “Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг Отгонтэнгэр их сургуулийн байранд боллоо.
Уулзалт хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Аксель Никэйз, Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Хэльмут Кулитц, Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Сэбастиен Сүрүн нар болон СЭЗИС, Отгонтэнгэр их сургууль, Төрийн банк, Голомт банкны төлөөллүүд оролцож төслийн зорилт, үр дүн, ажлын байранд суурилсан сургалтын зорилго, зохион байгуулалт, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөв, Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэхэд баримтлах бодлого чиглэл, төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Энэ арга хэмжээний үеэр Төрийн банк төслийг хэрэгжүүлсэн туршлага, тулгамдсан сорилт бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагаа бусад ажил олгогч байгууллагуудтай хуваалцсан байна.
Төрийн банкнаас СЭЗИС, Отгонтэнгэр, ХААИС, Их засаг олон улсын их сургуулиудтай хамтран ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа нь цаашид оюутнуудыг цалинтай дадлагажуулах асуудал нээлттэй болж илүү өргөн цар хүрээг хамрана гэж үзэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.