Ярилцлага

Г.Зориг: Дижитал шийдлийг ойлголгүй, цаасан үйл ажиллагааг цахимжуулсаар цаг алдаж байна

“Цахим хөгжил” гэж энд тэндгүй ярих болсоор удлаа. Монголчууд өдгөө төрийн зарим үйлчилгээг цахим системд оруулж, цахим “яам”-тай болж, улмаар G77-гийн хуралдаанд “Инновац ба технологийн хөгжил” сэдвээр илтгэл тавьж байна.

1986 онд тэр үеийн ЗХУ-ийн Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд сургууль одоогийн Новосибирскийн Техникийн Их Сургуулийг Электрон Тооцоолох Машины инженер мэргэжлээр төгсөж ирээд Политехникийн дээд сургууль буюу одоогийнхоор ШУТИС-д программчлал, мэдээллийн технологийн хичээл заах багшаар ажилд орсноос хойш өнөөг хүртэл 40 орчим жил Монголын болон Японы мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй Г.Зориг доктортой энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тэр 2007 онд Японы Ивате Их Сургуульд докторын зэрэг хамгаалж инженерийн ухааны доктор болжээ.

“Би одоо олон ажил зэрэг хийж байна. Гэр бүл маань Японд бий. Хоёр нутагтан шиг 20 гаруй жил явж байна даа. Жилдээ хоёр удаа Япон явдаг” хэмээх Г.Зориг япончуудтай хамтран дижитал шилжилт, хиймэл оюун ухааны чиглэлээр  ажиллаж байна.

Онцлох эшлэлүүд:

  • Цахим шилжилт гэж байхгүй. E тодотгол 20 гаруй жилийн өмнө хоцорсон. Харин дижитал шилжилт гэж бий.
  • Дугаар хязгаарлангуут нэг айл хоёр машин авчихдаг биз дээ. Гаалийн дата авчихаад түгжрэлтэй холбоод байж болохгүй шүү дээ. Харин Real Time датаг боловсруулж эхэлбэл маш олон юмыг шийднэ.
  • Хиймэл оюун ухаан өөрөө биш түүнийг эзэмшсэн хүн л бусдын ажлыг үгүй болгоно гэж ойлгох хэрэгтэй. AI бол туслагч шүү дээ.
  • Би бол үнэхээр гоц ухаантай, тэс өөрөөр сэтгэдэг хүмүүсийг дуурайж чадахгүй байх гэж боддог. Харин дунджуудын ажлын байрыг булаана.
  • Хүний сэтгэлгээ ажиллаж дассан орчныг өөрчлөх нь дижитал шилжилтийг амжилттай хийх хамгийн гол асуудал юм. Хэрэглэгчид шинэ сонин ашигтай зүйлд ямагт бэлэн байдаг бол үйлчилгээ үзүүлэгч, үйлдвэрлэгчид өөрчлөлтөд эмзэг ханддаг.
  • Харин бид дижитал дэд бүтэц, шийдэл, платформуудаа бүрэн ойлгоогүй байна. Тиймээс цаасан суурьтай үйл ажиллагаануудаа голдуу цахимжуулсаар цаг хөрөнгө алдаж байгаа ажиглагддаг. Эд бүгд мухардалд хүргэнэ.
  • Харамсалтай нь төрийн нэгдсэн дата бий болгоогүй байхад e-mongolia төслийг шуурхайлсан нь алдаа болсон.
  • Өөрөөр хэлбэл бид 20-30 жилийн өмнөх шийдлүүдийг хуулбарлан хийж чадаж байгаа ч дижитал шилжилт хийхдээ цаг алдаж байна.  
  • Технологид хил хязгаар байхгүй. Технологи хэн нэгний зөвшөөрөл хүлээдэггүй. Тиймээс бид хувь хүний хувьд ч, улс орны хувьд ч хөгжье гэж бодож байгаа бол технологиос айхгүйгээр шууд хүлээн авч хэрэгжүүлэхийг оролдох шаардлагатай.

-Бид дажгүй хэмжээнд “Цахим шилжилт” хийгээд байна гэж өөрсдийгөө ер нь ойлгож болох уу?

-Electronic буюу E гэдэг нь интернэттэй холбоотой тодотгол л доо. Дэлхий нийт 20-иод жилийн өмнөөс E-commerce, E-mail гэх мэтээр хэрэглэж эхэлсэн. Харин одоо дижитал шилжилт рүү орсон. Digital Transformation гэж бүгд ярьдаг. Electronic Transformation гэж байхгүй, байгаагүй. Өөрөөр хэлбэл цахим шилжилт гэдэг ойлголт байдаггүй. Харин цахимжуулалт гэж ярих нь зөв. Энэ бол интернэтээр дамжуулан ажиллана л гэж байгаа юм.

Бид хурал, зөвлөгөөн дээр цахим шилжилт гээд л яриад байдаг. Жишээ нь E-Mongolia бол цахимжуулалт мөн, дижитал шилжилт биш. Үүнийг ойлгохгүй бол дэлхийд инээдэм болно л доо.

Хоёрт, шилжилт  гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол сайжруулах биш юм. Харин хувьсгал юм. Мухардаж зогсоод, цоо шинээр эхлэхийг шилжилт гэдэг. Хүн төрөлхтний түүхэнд технологийн хувьд хэд хэдэн шилжилт явагдсан. Жишээ нь, галыг ашиглаж сураад эрс өөрөөр амьдарч эхэлсэн. Ингэснээр галыг ашиглаж сураагүй, өмнөх үеийнх шигээ амьдарна гэдэг ойлголт үгүй болж байгаа юм. Цахилгаан бий боллоо. Нэгэнт цахилгааныг хэрэглээд ирэхээр тог тасрахгүй л бол лаа бариад суухгүй болсон. Ингэж цоо шинэ амьдралын хэв маяг, загвар луу шилжихийг Transformation буюу шилжилт гэдэг.

Одоо бидэнд цахилгаан орж ирчихээд байхад лаа асаагаад суугаад байх уу гэдэгтэй адил асуудал тавигдаж байгаа юм. Өмнөхөөрөө амьдрах уу.

-Өмнөхөөрөө гэдэг нь?

-Олон зуун жил хүмүүс цаасаар болон гар аргаар үйл ажиллагаа явуулж ирлээ. Цахимжуулснаар энэ үйл ажиллагааг зүгээр л интернэтээр дамжуулаад арай хурдан, амар хийдэг болсон хэрэг. Одоо цаасан болон гар ажиллагаа байсаар л байгаа.

Тэгэхээр дижитал шилжилтэд орсноор цаасаар, гараар ажилладаг загвар тэр чигтээ өөрчлөгдөх ёстой. Байгууллана бүтэц, зохион байгуулалтаараа өөрчлөгдөнө. Харин үүнийг дижитал байгууллага гэнэ. Монголд ойр нь UBCab, гадаадад бол Amazon зэрэг компаниуд үүнийг хийсэн.

Өөрөөр хэлбэл ямар ч даргаас зөвшөөрөл авахгүй. Систем буюу платформ нь өөрөө бүх үйл ажиллагааг хариуцна. Ингэхээр бүх юм хувирч байна.

-E тодотголтой цахимжуулалтад цаашлах ирээдүй, хөгжил байхгүй гэж үү?

-Цахимжуулалт өөрөө явсаар хана мөргөсөн. Цаашаа явахгүй гэсэн үг. Тэнд хүн сууж л байгаа. Гар аргаар ажиллаж л байгаа. Цаасан хүнд суртал цахим хүнд суртал болно. Асуудал буцаад хүрээд ирнэ.

Харин дижитал хэв загварт шилжихээр олон мянган хүн ажлаас халагдаж таарна л даа. Энэ л амаргүй тусдаг. Одоо бол төрийн алив байгууллагуудад цахимжсан гээд амарсан биш бүр ядаргаанд орчихлоо гэж хэлж байна. Бараг хоёр дахин хийх ажилтай болчихлоо гэж ярьцгааж байгаа шүү дээ. Технологи ажил хөнгөвчилж, бүтээмж нэмдэг. Тэгэхгүй бол буруу ашиглаж байна гэсэн үг.

Дэлхийд бол шинэ шилжилтэд дасан зохицсон нь салбартаа бут цохин гарч ирж байгаа. Хуучин нь зах зээлийн зарчмаар дампуурч байна.

Учир нь дижитал загварт хэрэглэгч өөрөө төв нь. Хэрэглэгч өөрөө дата үүсгэж, сайжруулалтаа шаардаж явдаг.

-Одоогийн E-Mongolia системийн анхны суурийг таныг тавилцаж байсан гэж сонссон?

-2000-аад оны дараа “E-Estonia” гэж загвар гарч байсан. Одоо түүнийг хуулсан л даа. Бид концепц дээр нь ажиллаад, загвараа тэр чигт нь дижитал болгож өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэж үзэж байсан. Гэтэл үүнийг тэр чигт нь аваад явчихсан.

Угтаа миний ID байхад нь төр надаас дахиж ямар ч мэдээлэл шаардах ёсгүй юм. Одоо бол цахим л болсон болохоос нэг бичиг аваад, нөгөө байгууллагад аваачиж өгдөг хэвээрээ үү дээ. Харилцах хэлбэр нь л интернэт болсон.

-Бид тэгвэл дижитал гэдэг үг, тодотголыг бараг ашигладаггүй шүү дээ. Бүр Цахим хөгжлийн яамтай болоод байна?

-Одоо E тодотголтой яам гэж хаана ч байхгүй. Харин дижитал яам гэж байна.

Төрийн үйлчилгээг гэхдээ дижитал хэлбэрт шилжүүлэх бол хэцүү. Хамгийн болхи загвар л даа, төр бол. Харин хувийн хэвшлийн байгууллагууд үүнийг олж анзаарах ёстой юм.

Ачаалал ихдэх хэрээр л одоо уламжлалт загвар мухардалд орж буй. Эхлээд дуудлагын утсаар “Сайн байна уу, танд юугаар туслах вэ?” гээд хариулдаг байсан бол одоо дуудаад дуудаад авахгүй байх жишээтэй. Харин дижитал загварт орвол байгууллагуудын ихэнх хэлтэс, албаны ажил ердөө систем өөрөө дата цуглуулах, боловсруулах үйл явцад зангидагдаад явчихна. Тэгээд өөрөө өөрийгөө сайжруулаад явчихдаг.

Үүнийг хийхэд уламжлалт сэтгэлгээ л саад болж байна. Хамгийн хэцүү юм нь хүний хуучин сэтгэхүй байдаг.

-Гэхдээ бүх юм дижитал болох боломжтой юу. Дижитал хэлбэрт шилжүүлэхгүй авч үлдэхээс өөр аргагүй зүйл гэж бий юу?

-Хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт суурь технологиуд ороод ирчихээр хүн бүрийн амьдралыг өөрчилдөг л  дөө. Ямар ч ажил үйлчилгээнд хэрэглэгдээд эхэлнэ, яг цахилгаан шиг. Бүгдээрээ л хэрэглээд эхэлдэг технологи юм. Хамаарахгүй хүн, ажил үйлчилгээ, бизнес гэж байхгүй болдог.

Гол нь дата үлдээдэг. Тэр датаг боловсруулахад эргээд мэдээ, зөвлөгөө, дохио, шийдэл, дүгнэлт өгдөг.

Намайг “Ухаалаг Улаанбаатар” төсөл дээр ажиллаж байхад Э.Бат-Үүл дарга хэлсэн юм.  “Наадах чинь аюултай юм байна, Зоригоо” гэж. Хотыг дижитал удирдлагатай болговол түгжрэл 40-50 хувь буурах боломжтой. “Наагуур чинь зогсоол байхгүй, хайгаад нэмэргүй. Энэ замаар явбал түгжрэл рүү орно, тойроорой” гэх мэт чиглүүлэг өгнө. Аль гэрлэн дохио яаж асахыг хүртэл датанд суурилаад ухаалаг зохицуулаад явчихна.

Харин Э.Бат-Үүл даргын хэлдгээр, нэг өдөр интернэт байхгүй бол хот таг зогсох нь гэдэг үнэн. Гэхдээ цахилгаан станц зогсвол мөн л амьдрал таг зогсдогтой ижил ойлголт шүү дээ.

-Өнөөдөр бид цаг тутам интернэт мөрөө үлдээж, тэр хэрээр дата үүсгэж байгаа. Уг нь тэр датаг цуглуулдаг, боловсруулдаг болбол олон ажилд шийдэл болох юм шиг санагддаг. Монголчууд ер нь дата цуглуулж чадаж байна уу?

-Бүх байгууллагад дата үүссээр байгаа ч түүнийг боловсруулж чаддаггүй. Одоо өдөр бүр бид интернэтэд мөрөө үлдээж, тэр хэрээр асар их дата үйлдвэрлэгдэж байгаа.

Монголд бол бүх дата хог. Дата бол газар доор нуугдсан эрдэнэс. 5 хувийг нь ч болов ашиглахад л эрдэнэс болно л доо. Одоо дата боловсруулж байгаа компаниуд хүчээ авч байна. Уул уурхайн компаниудтай өрсөлдөж байна.

Дата гэдэг нэгдүгээрт их, хоёрдугаарт үнэн, гуравдугаарт хурдан байх гэх мэт шаардлагуудтай. Хамгийн сайн дата бол хамгийн сайн хэвлэлийн редакцуудад уг нь үүснэ.

Статистик гэхэд л жилд нэг удаа өөрчлөгддөг бол тэр маш удаан дата. Үнэ цэн нь бага. Харин машины хөдөлгөөний хяналтын дата бол амьд болно. Цаг тутам өөрчлөгдөж байвал тэр үнэ цэнтэй дата гэсэн үг.

-Ж.Сүхбаатар түгжрэлийн сайдаар ажиллаж байхдаа “Яг үнэндээ замаар зорчдог машинуудын дорвитой дата ч байдаггүй юм билээ. Тийм учраас эхлээд дата хяналттай болъё гээд RFID чипийг санаачилсан” гэж ярьж байсан. Одоо бол төлбөртэй бүсийн санаа руу явчихлаа л даа?

-Одоо төлбөртэй бүс байгуулна гэж ярьж байна. Жил бүр машины тоо нэмэгдсээр байхад энэ нэмэргүй. Хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо чухал. Хилээр орж ирж байгаа биш.

Дугаар хязгаарлангуут нэг айл хоёр машин авчихдаг биз дээ. Гаалийн дата авчихаад түгжрэлтэй холбоод байж болохгүй шүү дээ. Харин Real Time датаг боловсруулж эхэлбэл маш олон юмыг шийднэ.

Одоо болохоор “Нийт тэдэн машин байна”, “Тэдэн хүнд тэдэн машин ноогдож байна” гэсэн маш амьгүй, хэрэглэгдэх боломжгүй датан дээр суурилж бодлого гаргах гээд байна. Үүнээс яг бодит дүгнэлт хийх, шийдэл боловсруулах боломж байхгүй.  

Япон улс 80-90 сая машинтай. 100 хүний 80 нь машинтай гэж болно. Тэгсэн мөртлөө хорьж цагдалгүй зохицуулаад байдаг. Манайх энэ дүнд хүрээгүй. Тиймээс зохицуулалт л алга. Үүнийг датанд суурилж оновчтойгоор зохицуулах боломж бол бий.  

-Н.Харари номдоо бичсэнчлэн, ирээдүйд хүн төрөлхтний шашин дата болох хэмжээнд хүчирхэгжиж байх шиг. “Үнэн гэж юу вэ?”, “Ёс суртахуу гэж юу вэ?” гэх мэтээр асуувал олон зуун жил хуримтлагдсан ном, сурвалжийн датаг боловсруулаад хариулт өгч байна шүү дээ. ChatGPT хэрэглээнд нэвтэрлээ. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Ашигтай тал маш ихтэй ч дутагдалтай тал бий. Фундементал мэдлэгийн хувьд гайгүй. Real Time боловсруулалт дээр бол дутуу, учир нь суурилах дата нь байхгүй.

Жишээ нь, миний тухай мэдээлэл интернэтэд цөөн учраас “Зориг Гүнжээ гэж хэн бэ” гэж асуухаар Санжаасүрэнгийн Зоригийн тухай гаргаад ирдэг. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, магадлалтай мэдээллүүдийг шүүж байгаа болохоор.

Тэгэхээр ChatGPT маягийн хиймэл оюун ухааныг зөв хэрэглэж сурах хамгийн чухал. Адаглаад асуултаа зөв тавих. Асуултыг буруу тавибал буруу хариулт ирнэ. Нэг гол асуулт тавиад, араас нь тодруулаад явдаг, ChatGPT бол.

-Нөгөө талаар бас хиймэл оюун ухаан хүчирхэгжсэнээр ирээдүйд хүнд хийх ажил олдохгүй нь, урлагийн олон төрлийг хүртэл гүйцэтгэх нь гэж “айх” тал байна?

-Тийм ээ. Хиймэл оюун ухаан өнөөдөр урлагийн олон төрлийг гүйцэтгээд эхэлсэн.  Ихэнх ажлын байр устах эрсдэлтэй нь үнэн.

Би бол үнэхээр гоц ухаантай, тэс өөрөөр сэтгэдэг хүмүүсийг дуурайж чадахгүй байх гэж боддог. Харин дунджуудын ажлын байрыг булаана. Хиймэл оюун ухаан дотроо маш олон төрөл  л дөө.

Хиймэл оюун ухаан өөрөө биш түүнийг эзэмшсэн хүн л бусдын ажлыг үгүй болгоно гэж ойлгох хэрэгтэй. AI бол туслагч шүү дээ. Тэгэхээр хүн бүр ижилхэн харьцаад эзэмшээд ирвэл асуудал өөр.  AI бусдыг биш AI-ыг эзэмшсэн хүн л бусдын ажлын байранд нөлөөлнө гэсэн үг.

-Нэгэнт зочноо уншигчдад тоймтой танилцуулах үүднээс таны эзэмшсэн боловсрол, эрдмийн зэрэг, ажилласан төслүүд зэргийг товч сонирхъё. Алийг та “Би үүнийг хийсэн хүн байна” гэх үүднээс дурдахыг хүсэж явдаг вэ?

-Миний ажиллаж ирсэн он жилүүд дэлхий нийтээр технологийн хөгжил асар хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдөж, түүнийг дагаад улс орон, байгууллага, хүн бүр шинэ орчинд дасан зохицох, шинэ сэтгэлгээ чадварт суралцан амьдарч, ажиллах хэцүү боловч сонирхолтой үе байлаа.

Тиймээс салбарынхаа анхдагч мэргэжилтнүүдийн нэг болж бэлтгэгдсэний  хувьд цаасан ба гар ажиллагаатай системүүдийг бүрэн автомажсан, улс орон даяар холбогдсон систем болгох олон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад оролцож  ирсэн.

Тухайлбал, Иргэний бүртгэлийн мэдээллийн систем, Хөрөнгийн зах зээлийн системүүд, компьютертэй монгол хэлээр харилцах систем, монгол үсгийг Unicode, Windows-д оруулах, банкны суурь болон нэгдсэн систем, гаалийн болон нийгмийн даатгалын мэдээллийн систем, их дээд сургуулийн мэдээллийн систем, ухаалаг хотын системүүд гэх мэт олон улс орныг бүхэлд нь болон салбаруудыг хамарсан систем байгуулахаас гадна төрөл бүрийн байгууллага, бүтээгдэхүүнийг хөгжүүлж хэрэглэгчдийн хүртээл болгосон.

Япон улсад ч хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, зочид буудлын сүлжээ, эмнэлгийн дүрс боловсруулах гэх  мэт олон системийг боловсруулан нэвтрүүлсэн ба одоо ч төрөл бүрийн төслүүд дээр ажиллаж байна.  

Мэдээж энэ төсөл хөтөлбөрүүдийнхээ хажуугаар их дээд сургуулиудад хичээл заах, судалгаа шинжилгээний ажлуудыг тасралтгүй хийсээр ирлээ.

-Бид цахим шилжилт биш, дижитал шилжилт гэж ярьж, бодлогоо тодорхойлох ёстой талаар буюу дотоодын асуудлаар тодорхой ойлголт авлаа. Мөн дата цуглуулах, судлах, ашиглахын давуу талын талаар ярилцсан. Харин олон улсад саяхан болсон хурлаар дэлхий нийт хиймэл оюун ухаан болон дата шинжлэх ухааны асуудлаар ямар ямар шинэлэг мэдээллүүдийг хуваалцаж, нэгэн зүгт харж байна вэ?

-Дэлхий нийтээр цахимжуулалт буюу интернэтээр дамжин харилцах, үйлчлэх, мэдээлэл солилцох горимд ороод 30 орчим жил боллоо. Харин дижитал шилжилт хийх нь зайлшгүй болсныг ойлгоод 10 орчим жил болж байна.

Цахим нь интернэтийг ашиглаж үйл ажиллагаагаа боловсронгуй болгох хэлбэр бол дижитал нь дата суурьтай технологиудын нөлөөгөөр өөрчлөгдөх үйл ажиллагааны шинэ загвар, бүтэц, харилцан хамаарал, өмнө байгүй бизнес, хэрэглэгч, менежмент, инновацын  тухай маш өргөн хүрээтэй ойлголт.

Тухайлбал - хиймэл оюун (AI), блокчейн (Blockchain), хүн, ухаалаг төхөөрөмжүүд,  дата,  үйл ажиллагааны нэгдсэн холболт (IoT, IoE) гэх мэтийг ашиглан эрс өөрөөр ажиллах тухай дэлхийн нийтийг хамарсан томоохон хувьсгал юм. Ийм мега шилжилтийн үед улс орнуудын хөгжлийн стратеги, геополитик гэнэт шинэчлэгдэж байна.

Технологийн дайнд ялсан нь дэлхийг ноёлно, ялагдсан нь асар хурдтайгаар дампуурна гэдгийн бүгд ойлгож шинэ бүлэглэл, бодлого, хөрөнгийн хуваарилалтууд явагдаж байна. Олон улсын хурал цуглаанууд дээр чипийн дайн болон сансрын технологиуд, дата эзэмших болон хамгаалах тэмцэл, кибер армиудын талаар ил болон далд ярилцаж байна.

Энэ их өрсөлдөөний хажуугаар технологийн ийм хүчтэй тэсрэлтэд хүн төрөлхтөн тэсэж үлдэх үү, устан үгүй болох уу гэдэг асуудалд нийтээр санаа зовох нь эрс нэмэгдлээ.    

-Хиймэл оюун ухаан бидний хувьд үл ялиг хол байгаа. Үүний өмнө дата шинжлэх ухааныг илүү цэцэглүүлэх, учир холбогдлыг үндсээр нь, зөвөөр ойлгох шаардлагатай байх шиг. “Амьд” дата үйлдвэрлэх, цуглуулах хэрэгтэй байгаа талаар бид ярилцсан. Энэ ер бидний өмнө  тулгамдсан ямар ямар асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох вэ?

-Сүүлийн жил орчим шуугиулж байгаа ойлгон бүтээх хиймэл оюун (Generative AI) нь дэлхийн нийт мэдлэг мэдээллийг нэгтгэн дүгнэж нийлүүлэн хүлээн авах боломжийг олгосноор программ, апп, хүн бүр асар ухаалаг хүчтэй туслагчтай боллоо.

Интернэтэд холбогдсон хүн бүр өмнө олон жил сарын хугацаанд олон арван хүний тусламжтайгаар хийдэг байсан ажлаа хэдхэн минутад хийх боломж хэрэгсэлтэй болсон. Монгол хүн бүр энэ боломжийг үнэгүй шахам ашиглаж болно. Энэ их мэдлэгийн санд монгол мэдээлэл хомс байгаа нь бидний санаа зовох асуудал.

Хиймэл оюун хүн бүрд нөлөөлөх ажилтанд хүртлээ урт хугацаанд алдаж онон хөгжиж ирсэн. Сүүлийн 10 орчим жилийн гэнэтийн өөрчлөлтийн цаана үндсэн гурван шалтгаан бий.

Нэгдүгээрт, сошиал сүлжээ, электрон ном, вебүүд, мэдээллийн систем, ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар асар их дата цугларсан. Хоёрдугаарт, асар хурдтай тооцоолох сервер-үүлэн дата төв, өндөр хурдны сүлжээнүүдийн хөгжлийн ачаар үлэмж их дата боловсруулж чаддаг болсон. Гуравдугаарт, дата боловсруулалт болон машин сургалтын судалгаа хүний нөөц бүрдсэнээр гайхалтай ухаалаг алгоритмуудын талаар судалгаа шинжилгээний ажлууд олширлоо.

Тиймээс бид бүгд хиймэл оюуны хөгжилтэй хөл нийлүүлэх алхаж, Монголоо хоцрогдлоос аврахыг тул Монголдоо цугларсан үхмэл датануудаа ил гаргаж боловсруулах, параллель процессорууд (GPU) бүхий тооцооллын төвийг байгуулах, өндөр ур чадвартай хүний нөөцөө яаралтай бэлтгэх нь чухал байна л даа.

-Монголд цахим шилжилт гээд “E” тодотголтой зорилго тавиад байгаа ч үндсээр нь асуудлыг ярихын тулд төрийн байгууллагуудын бүтцийг өөрчлөх шаардлагатай гэлээ. Энэ бүтэц таны хувьд ямар загвартай байх талаар өөрийн төсөөллийг хуваалцаач?

-Би өмнө нь хэлсэн. Бид ихэвчлэх цахимжуулалт хийж байгаа боловч дижитал шилжилт хийхгүй байна. Дижитал шилжилт хийхийн тул бүх датагаа нэгтгэж, үндэсний их өгөгдлийг бүрэн утгаар хэрэгжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагаанаас аажмаар татгалзаж, бүх байгууллагын бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааг өөрчлөх шаардлагатай.

Мэдээж маш болгоомжтой, шат дараатай хийхгүй бол замбараагүй байдалд хүрч хаос болно.

Юуны түрүүнд хүний оролцоогүй ажиллах дижитал платформуудыг олноор бий болгох шаардлагатай. Дижитал платформ нь одоогийнх шиг цаасан хүнд суртлыг цахим хүнд суртал болгож байгаа хэлбэр биш UBCab мэтийн үйл ажиллагаа, хэрэглэгч ажиллагсад нь шууд харилцах горимд оруулах ухаалаг системийн тухай ойлголт юм.

Энэ бүгдийн хийхэд одоо ажлаа хийж байгаа хүмүүс ажилгүй болох, дижитал чадвар мэргэжил шаардсан ажилд шилжих, хүнд суртлын нүсэр систем нуран унах тул маш их эсэргүүцэлтэй тулгарна.

Хүний сэтгэлгээ ажиллаж дассан орчныг өөрчлөх нь дижитал шилжилтийг амжилттай хийх хамгийн гол асуудал юм. Хэрэглэгчид шинэ сонин ашигтай зүйлд ямагт бэлэн байдаг бол үйлчилгээ үзүүлэгч, үйлдвэрлэгчид өөрчлөлтөд эмзэг ханддаг.

Аливаа байгууллага гадна орчныхоо өөрчлөлтийг мэдрэхгүй бол дампуурдаг. Дижитал шилжилтийн нэг онцлог нь тухайн байгууллага өөрчлөгдөхгүй бол хажуугаас хэн ч ирээд хэрэглэгч зах зээлийн булаах эрсдэлтэй.

Байгууллага бүрийн шилжилт өөр өөр хэлбэртэй боловч дотоод хэвшсэн сэтгэлгээгээ мартаж гадна орчин хэрэглэгчээ ойлгосон нь зөв шилжилт хийж чаддаг нь олон жишээгээр нотлогдож байна. 

-Одоо EMongolia-д суурилсан хүүхдээ хаана явааг харах, хянах боломжтой цонх гэх мэт шинэ үйлчилгээнүүдийг  нэвтрүүлж, тэр хэрээр монголчууд боломжийн хэрээр “цахимжлаа” гэсэн ойлголт аваад байгаа. Дижиталын тухай ойлголт биш ч гэсэн, цахимжих асуудлаар (яг E гэсэн тодотголоороо) бид ер нь хэр хол гишгэж чадаж байна вэ. Энэ цахим платформ, үйлчилгээнүүдийг та ямар нүдээр хардаг бол. Илүү сайжруулах өнцгүүд харагддаг уу?

-Цахимжилтыг хэрэглээ талаас нь харвал бид их хоцроогүй.

Интернэт, ухаалаг гар утсыг бүх нийтээрээ хямд ашиглаж байна. Интернэтийн холболт, гурвалсан үйлчилгээ, банк, санхүүгийн систем, е-mongolia, ТҮЦ машин, е-баримт, татвар, нийгмийн даатгалын системүүд олон хүний цагийг хэмнэж үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой болголоо.

Харин бид дижитал дэд бүтэц, шийдэл, платформуудаа бүрэн ойлгоогүй байна. Тиймээс цаасан суурьтай үйл ажиллагаануудаа голдуу цахимжуулсаар цаг хөрөнгө алдаж байгаа ажиглагддаг. Эд бүгд мухардалд хүргэнэ. Учир нь суурь загвар нь өнөөгийн технологиос өмнө бий болж хуучирсан тул технологижсон дэд бүтцэд таарахгүй, хөгжүүлэх тутам илүү олон хүндрэлүүдийг бий болгоно.

Цаг алдахгүйгээр нэгдсэн дата архитектур, төрийн болон тусгай зориулалтын их өгөгдлүүдийг бий болгож байж л дижитал шийдлүүдийг бүтээнэ. Монгол Улсад үйлдвэрлэгдэж байгаа бүх төрлийн дата харилцан холбогдож, төрийн болон хувийн салбарыг ажил үйлчилгээнд олон төрлөөр ашиглагдах тутам үр дүнгээ өгөх болно.  

Өөрөөр хэлбэл бид 20-30 жилийн өмнөх шийдлүүдийг хуулбарлан хийж чадаж байгаа ч дижитал шилжилт хийхдээ цаг алдаж байна.  

-Өнгөрсөн хугацаанд бодлого тодорхойлогчид дата, дижитал тойрсон сэдвийг хэр ойлгож ирсэн гэж та боддог вэ. Бидний хардгаар агентлаг толгойлсон Б.Болор-Эрдэнэ, цаашлаад одогийн сайд Н.Учрал нарыг л энэ салбарт анх юм хийсэн хүмүүс гэж харах гээд байдаг л даа. Тодорхой хэмжээний цахимжилтын суурь ер нь хаана боловсорсон, тэд яг шинэчлэл хийсэн хүмүүс мөн үү?

-2000-аад оны эхээр боловсруулагдсан E-Mongolia хөтөлбөрийг үргэлжлүүлж, түүний хүрээнд л сэтгэж ажиллаж байгаа хүмүүс. Мэдээж цахимжуулах талаар их ч хөрөнгө гаргаж багагүй ажлуудыг хийж байгаа.

Харин цахим шилжилт гэж ярьсаар байгаа нь дижитал шилжилтийн талаар маш бүрхэг ойлголттой байгааг илтгэдэг. Цахимаар сайжруулалт өөрчлөлт хийж чадах ч шилжилт хийж чадахгүй.

Бид 2016 онд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байхдаа төрийн 500 орчим үйлчилгээний үйл ажиллагааг загварчилж, Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байлаа.

Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл явж ирсэн үйлчилгээнүүдийн шат дамжлагууд, үйлчилгээ үзүүлэх хугацаа, шаардагдах баримт бичгүүд зэргийг тодорхойлсон юм. Дараагийн алхам нь бүх үйлчилгээний хоорондын давхардлыг арилгах, датаг нэгтгэх, ангилал кодчлолыг жигдрүүлж төрийн нэгдсэн дата архитектур болон их өгөгдлийг байгуулж төрийн үйлчилгээний дижитал шилжилт хийх дэд бүтцийг бий болгох ажил байсан.

Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй, хотыг засаг дарга биш дата удирдах гэсэн гол зарчмын хэрэгжүүлэхийг зорьж байв. Харамсалтай нь төрийн нэгдсэн дата бий болгоогүй байхад e-mongolia төслийг шуурхайлсан нь алдаа болсон.

Өнөөдөр улс орон бүү хэл нэг байгууллагын доторх датанууд ч хоорондоо холбогдох боломжгүй байгаа нь элбэг тохиолддог.

Суурь загвар, дата архитектур нь өөр тул E-Mongolia-с D-Mongolia руу шууд шилжүүлэх боломжгүй, бүгдийг нурааж шинээр эхлэх шаардлагатай болно.  

-Хиймэл оюун ухаан хийгээд дата салбар хүнийг тэнэг, залхуу болгох бус боломжийн хэрийн чадварлаг хүний бүтээмжийг улам нэмэгдүүлэх л ашигтай талаар бид ярилцсан. Харин холын ирээдүйдээ ер нь хүмүүсийн ярьж бичдэг шиг хиймэл оюун ухаанаас хүн төрөлхтөн өөрөө айх шаардлага яг бий юу. Бид энэ салбарын үсрэнгүй хөгжлийг юу гэж харж, хөрсөн дээрээ хэрхэн “газардуулан” буулгаж, хөл нийлүүлэх ёстой вэ?

-Хөгжил бол бүтээмж. Цаг наргүй их ажилласнаар бүтээмж дээшилдэггүй. Технологи нь өмнө байгаагүй шинэ боломжийг нээж бүтээмжийг эрс нэмж байсныг гал, ном хэвлэх, механикжуулалт, цахимжуулалт, дижитал эрин зуунд бидний ажлын арга барил, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдсөнөөс харж болно.

Технологид хил хязгаар байхгүй. Технологи хэн нэгний зөвшөөрөл хүлээдэггүй. Тиймээс бид хувь хүний хувьд ч, улс орны хувьд ч хөгжье гэж бодож байгаа бол технологиос айхгүйгээр шууд хүлээн авч хэрэгжүүлэхийг оролдох шаардлагатай.

Хиймэл оюун хувь хүн болон бизнесийн хүчин чадал чадварыг сар ихээр нэмэгдүүлж байна. Хэдхэн жилийн өмнө хэдэн арван хүн олон сар жилээр хийдэг байсан ажлыг өнөөдөр нэг хүн хэдхэн цагт хийх боломжтой боллоо. Дэлхийн хүн бүрийн өмнө нээлттэй, хүрэлцээтэй, хямд байгаа энэ боломжийг хүн бүр ашиглахыг тэмүүлэх шаардлагатай.

Айх аюул зөндөө бий. Элон Маск саяхан болсон хиймэл оюуны эрсдэлээс сэргийлэх хурал дээр хиймэл оюуны хүн төрөлхтөнд заналхийлэх эрсдэл 20 орчим хувь гэж хэлсэн байна лээ. Тиймээс том улс гүрнүүд хиймэл оюуны хөгжлөөр өрсөлдөн уралдахдаа өөрийн хөгжлийн замаар явах нь зөв боловч эрсдэлээс хамгаалахдаа хамтран ажиллах нь зөв гэж дүгнэн яриа хэлэлцээнүүдийг хийж эхлээд байна.     

-Эцэст нь таны одоо ажиллаж буй төсөл болон хувийн компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авмаар байна?

-Одоо би хоёр чиглэлээр голлон ажиллаж байна. Нэг нь Японд хиймэл оюуны судалгаа, нөгөө нь Монголд өөрийн санаачилж байгаа дижитал шилжилтийн төсөл юм.

Өндөр хөгжилтэй улс орнууд хиймэл оюуны судалгаа шинжилгээнд ихэд анхаарч том бага олон төслийг төрөөс санхүүжүүлж байгаа тул Япон дахь төслүүдэд туслан гүйцэтгэгчээр оролцож мэдлэг чадвараа дээшлүүлэхийг хичээж байна.

Дижитал шилжилтийг олон жилийн хугацаанд тогтон бүрэлдсэн бизнес, байгууллага, салбарт хийх маш хэцүү, заримдаа боломжгүй тул өөрийн санааг бусдаас хамааралгүй хэрэгжүүлж, Монголын нийт хүн ардын хүртээл болох зорилгоор хиймэл оюун ашигласан зарим төслийг эхэлсэн.

Үр дүнд хүрэх эсэхийг мэдэхгүй ч хүн бүрд хэрэгтэй зүйл болж чадвал хэдэн жилийн дараа бидний төслийн үр ашгийг нийтээр мэдрэх цаг ирэх байх гэж найдан мөрөөдөн ажиллаж байна.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-13 09:08

Сүүлийн үеийн дата бол бүүр хог. Өмнөхүүд нь болохоор байхгүй. Хаана юу хийж байсан, юу хийж байгаагаа ч мэдэхгүй хоттой хонин дотор эхээсээ төөрсөн хурганууд шиг хэдэн улс. Өнгөрсөн өнөөдрөө мэдэхгүй юм чинь ирээдүйдээ хаана хүрэхээ ч мэдэхгүйш дээ. Дууслаа дууслаа энэ улс.

Зочин
Зочин
2023-11-15 18:53

Манайд их дутагд�##�тай байдаг зүйл нь с�##�барын жинхэнэ экспертүүд. Одоо бол нэг вэндорын төхөөрөмж, софтвэйр суд�##�сан нь тэрийгээ бу�####�даа зарах баыдлаөр л амьдарч байна. Тухайн мэргэжлээ бүр эд эс бүхэнд нь тулт�##� суд�##�сан хүн баыдаггүй, овоо тасархай зарим нь хуучин брл архинд ороод, оддд бол гадагшаа явж, дундаж лэвэлд очиж ажиллаад, тэндэхийн моргэйжээ төлөөд л таарч баына даа.Ахын яриа бол хэтрүүлэгтэйдүү л яриа байна

Guest
Guest
2023-11-16 16:18

Нөхөр жаахан хэтрүүлэгтэй, хөөрлийн байд�##�тай байх үедээ ярилцлага өгчээ. Ахын жишээ аваад байгаа улсууд ч яриад байгаа шиг нь өндөр түвшинд очоогүй, маниустайгаа ойролцоо л яваа. Манай улс харьцангуй бас датагаа цуглуулж чаддаг болоод байгаа, цугласан датаг нь ашиглаад юм хийдэг з�##�уучууд ч бас байгаа шүү. Нэг зүйл дээр нь сан�##� нийлнэ, бидэнд одоо дата хадг�##�ж, цуглуулж, хамга�##�даг програмистуудаасаа илүү датаг ашиглаж, өгөгдлийн загварчл�##�, шинжилгээ хийдэг, математик, статистик суурьтай з�##�уучууд илүү олноороо хэрэгтэй байна.

Saruul
Saruul
2023-11-19 09:03

Olon hun unshij zuv oilgolttoi boloosoi. Tom ulsuudiin jishee avch bgaa ni tuhain ulsuudad garaad bgaa aldaanuudiig davtahgui bgaasai gej haRitsuulsan sanagdlaa. Mergejliin humuus mun Udirdah humuus bas ZUV OILGOLTTOI boloh l chuhal yum Dahin dahin unsh BOD!!!!TUNGAA!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button