Нийгэм мэдээ

МҮБХ: Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулж, нэг сар туршилт хийнэ

Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо.

МҮБХ-ноос Барилдааны дүрмийн өөрчлөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулжээ. Уг хурлаар улсын баяр наадамд мөрддөг "Үндэсний их баяр наадмын, үндэсний бөхийн барилдааны дүрэм" болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлэн ажилладаг "Монгол бөхийн барилдааны дүрэм"-ийн заалтуудыг хэлэлцжээ.

Тус нээлттэй хэлэлцүүлэгт бөхийн зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид, ахмад болон залуу бөхчүүдээс 16 санал гаргасан байна. Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн улсын начин Б.Бадам-Очир, С.Багахүү, Б.Батсуурь, Ж.Чулуунбат, Ч.Ганзориг, Ө.Батзул, аймгийн начин Д.Сод-Эрдэнэ, Н.Анхбаяр, улсын хүндэт засуул Л.Хадаа, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд, тэргүүлэгч гишүүн, улсын начин Бо.Батжаргал, тэргүүлэгч гишүүн, улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр, хөлийн цэц, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн начин Б.Улаалзгана, улсын хүндэт засуул Р.Сампилдондов нар Барилдааны дүрмийн талаар санал гаргажээ.

Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхи дэмжин дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад саналыг хүргүүлж нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлж, ажиллахаар шийдвэрлэжээ.

Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв гэж санал нэгдсэн байна.

Дараах дүрмүүдийг нэг сарын хугацаанд туршина

“Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдах” заалтыг хасах,

Дүрмийн 2.5.2.Б-д заасан “… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн, “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр 2 удаа барьж барилдана” гэж өөрчлөх, тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд барилдааны явцад идэвхтэй барилдсан бөх дараах идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар дэмжээ.

Идэвхийн А барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь нэг гараар сугадаж, нөгөө гараар шуудагдах, учраа бөх нь сугадуулсан талдаа дээлчилж, нөгөө гарыг өрсөлдөгчийн шуун дээр дарсан байдалтай эхлэх, /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ж.Чулуунбатын санал/

Идэвхийн Б барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь гар холбож хөл авах, холбохдоо гар даруулсан гараар алсын шуудаг барих, учраа бөх нь хоёр гар барьцгүй байх /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ө.Батзулын санал/

Идэвхийн В барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх өөрийн талаа сонгон хоёр бөх зөрж хөл авч барилдана. Дээрх Идэвхийн 3 барьцны барилдааныг 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 05, 09, 10-ны барилдаануудад оролцох бүх бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их дээд сургуулиудаас ирсэн саналуудыг дүгнэн шийдвэрийг гаргахаар тогтсон байна.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button