Нийгмийн

Урт цагааны түрээслэгчид хаачсан бэ

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авсан. Ингэхэд 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр нэгдүгээр сарын 03-ны өдөр нурааж дуусгасан билээ.

Тус барилгад үйл ажиллагаа явуулж, хоногийн хоолоо залгуулж байсан худалдаа эрхлэгчдийн ажлын байрны асуудал хэрхэн шийдэгдсэн, тэд өнөөдөр хаана үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар түрээслэгчдээс мэдээлэл авлаа.

-Түрээсийн байр хамгийн хямддаа 600-700 мянган төгрөгийн хооронд байна-

Иргэн А: "Монголын анхны хоршоологчдын хөрөнгөөр баригдсан “Урт цагаан” үйлчилгээний төвийн халуун, хүйтэн ус, дулаан, цахилгааныг 2020 оны гуравдугаар сараас хойш ус цахилгаан тасалж эхэлсэн. 200 гаруй түрээслэгчид энэ төвд үйл ажиллагаа эрхэлж байсан. Урт цагааныг буулгасанаас хойш түрээслэгчид бид санхүүгийн асар их хямралд ороод байна. Мөн нийслэлийн зүгээс ямар шийдвэр гаргаж, эдгээр бизнес эрхэлж буй иргэдийг ажлын байраар хангах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Түрээсийн байр гэхэд л хамгийн хямддаа 600-700 мянган төгрөгийн хооронд байна. Тийм болохоор одоогоор түрээс эрхлэгчдийн дийлэнх хувь нь урт буйраа тойроод л өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Иргэн Ш: Урт цагаанд тулгамдаад байгаа асуудал бол бидний ажлын байрыг булаах байсан. Олон жил амьдралаа залгуулсан газраасаа өвлийн хүйтэнд хөөгдөнө гэж төсөөлсөнгүй явлаа. Урт цагаан нурснаар нийтийн ахуйн үйлчилгээ бүрэн устлаа. Бид хөрөнгө мөнгө босгоод “Урт цагаан”-аа засч сайжруулъя гээд удаа дараа хүсэлтээ хүргүүлсэн. Харамсалтай нь, хүлээж авдаггүй, зөвшөөрдөггүй. Анхнаасаа л муухай харагдуулж, газрыг нь авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга байсан. Миний хувьд энэ газраас өдөрт 20-50 мянган төгрөг олоод таван ам бүл тэжээдэг байсан. Гэтэл одоо байрлах байргүй, идэх хоолгүй байгаадаа үнэхээр санаа зовж байна. Ядаж байхад цагаан сар ойртсон эдгээр өдрүүдэд адаглаад тавгийн боов, таван буузтай сууж байхсан.

Иргэн М: Урт цагаан түрээслэгч байсан бидний хувьд аль олон жилийн өмнөөс л буулгах асуудал ярьж эхэлсэн. Энэ бол бидний хувьд хамгийн байж боломгүй онцгүй шийдвэр байсан. Нийслэлийн холбогдох хүмүүс түрээсийн байраар хангана гэж ярьсан хэдий ч одоо болтол ямар нэгэн шийдтэй хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Бид урт цагаанд байхдаа бүхий л үйлчилгээ нэг дор байдаг байлаа. Одоо харин бүгд дөрвөн зүг найман зовхис руу таран одсон доо. Одоо бол болж бүтэж байгаа зүйл үнэхээр байхгүй байна. Өвлийн хүйтэнд хаашаа ч явах билээ. Гэртээ л сууж байна. Байнга үйлчлүүлдэг байсан үйлчлүүлэгч нар минь хааяа ирж гутлаа засуулж байгаа.

“Урт цагаан”-д гуталчин, цагчин, оёдолчин, дархан, үсчин гээд цөм байсан. Гэтэл тэд одоо хаашаа ч явахаа мэдэхгүй буйраа тойрон өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь энэ юм.

Уг асуудлаар нийслэлийн захиргааны холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад, "Энэ бол бидний мэдэх асуудал биш. Урт цагааны түрээслэгчид ойр орчимдоо ажиллаж байгаа сурагтай байсан. Энэ асуудлыг нийслэлийн өмчийн газар мэднэ" гэв.

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газар "Бид 2009 оноос хойш түрээсийн гэрээ байгуулаагүй. Тийм учраас энэ асуудал манай байгууллагад хамааралгүй гэж ойлгож болно" гэсэн хариултыг өглөө.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
1 сар 18, 2024 12:06

гэрээгүй бол юу ярихав дээөөрсдөө л учраа олцгоо

Холбоотой мэдээ

Back to top button