"E-mongolia" иргэн, ААН-д 38 сая удаа үйлчилж, 300 тэрбумыг хэмнэсэн. 1.7 сая иргэн бүртгүүлсэн"
УИХ-ын Инновац, цахим бодлогын хорооны 2023 оны ажлын тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлыг хийж байна. 2023 оны товч статистик мэдээллийг хүргэвэл:
- Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо 2023 онд 10 удаа хуралдаж, нийт 14 хэлэлцэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 5 тогтоолыг баталж, Байнгын хорооны 1 тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 109 хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан.
Эдгээр ажлын тайлангаас зарим онцлох ажлуудыг танилцуулья.
- “D-ӨРГӨДӨЛ” БУЮУ “НИЙТИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН СИСТЕМ” АШИГЛАЛТАД ОРЛОО
Иргэдээс олон нийтийн эрх ашгийг хамарсан асуудлаар саналыг нь цахимаар хүлээн авч, парламентын үйл ажиллагаанд Монгол Улсын иргэнийг оролцуулах зорилгоор “D-Өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем” өнгөрсөн оны 10-р сарын 17-ноос ашиглагдаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа.
Энэ системийн хэрхэн ажиллах журмыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан. Монгол Улсын иргэн хаанаас ч гар утас болон бусад цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, дэмжиж санал өгөх боломжтой болсон. Тухайн өргөдөл 33 мянгаас-100 мянган дэмжлэг авбал УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжой болсон.
- НИЙТ 109 ХУУЛЬД ЦАХИМ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛЖ УИХ-ААР БАТЛУУЛЛАА
2023 оны 5-р сард Засгийн газраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан.
Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ ажлыг хариуцан авч өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж ажилласан. Ингээд УИХ-ын шат шатны хэлэлцүүлгээр оруулсны эцэст энэ намрын чуулганаар 109 хуулийнх нь нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдаж хэрэгжиж эхэллээ.
109 хууль нь ерөнхийдөө маш олон салбарыг хамарч байгаа. Товчхон хэлбэл эдгээр хуульд зөвхөн төрийн үйлчилгээ бус нийгэм, эдийн засгийн ихэнх салбарын харилцаанд цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг оруулсан.
Эдгээр хуулийн өөрчлөлтүүд Монгол Улсын цахим шилжилтэд дараагийн реформ болж, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, технологийн асар өндөр хөгжил, дэвшлийг ашиглаж, хүний оролцоо, хүнд суртлыг халах, зардал төсвийг хэмнэх, эдийн засгийн урсгалыг эрчимжүүлэх боломж нээгдэж байна гэж харж байгаа.
Ерөнхий агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал:
- Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож байгаа.
Өнөөдөр тоон гарын үсгээ авсан 800 мянган хүн байгаа ч бодитоор хэрэглэх бараг боломжгүй байсан. Одоо салбарын хуулиудад цахим баримт бичгийг зөвшөөрснөөр гэрээ байгуулахаас эхлээд олон харилцаанд тоон гарын үсгээ хэрэглэж болохоор болж байна.
- Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо.
Хэдийгээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд энэ заалт байгаа боловч цахим баримт бичгийг бусад хуульд хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас иргэд төрийн үйлчилгээг авахдаа заавал биеэр очдог, цаасаар харилцдаг асуудал байсаар байсан. Одоо энэ бүхэн цэгцэрнэ. E-mongolia-д мэдээлэл нь байгаа бол цаас авч явах шаардлагагүй болно.
- E-mongolia, E-business платформуудын хэрэглээ өсч, эдийн засгийн хэмнэлт нэмэгдэнэ.
2023 оны жилийн эцсийн байдлаар:
E-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд:
1.7 сая хэрэглэгч бүртгэгдэж, Төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид 38 сая удаа үйлчилгээ үзүүлж 300 орчим тэрбум төгрөг хэмнэсэн.
E-business нэгдсэн системээр: хуулийн этгээдтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт, тусгай зөвшөөрөл зэрэг 685 үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт дунджаар 1300 үйлчилж байна. Компани байгуулах шат дамжлага 11 байдаг. Үүнийг 100 хувь “E-business”-ээр хийж чадахгүй байсан бол одоо холбогдох хуулиудад нь өөрчлөлт орсноор гэрээсээ гар утсаараа аж ахуй нэгж байгуулах боломжтой болсон гэсэн үг.
- Дэлхийн бусад улс орноос Монгол Улсын аль нэг банкинд данс нээх боломжгүй байсан. Одоо энэ боломж нээгдэж байна. Эдгээр хуаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна гэж харж байгаа.
109 хуулийн өөрчлөлтийн зарим хэсгийг дурьдахад ийм байгаа. Ер нь төр-иргэн, төр-хуулийн этгээд, хуулийн этгээд-иргэний хоорондын харилцаанд их олон өөрчлөлт гарч, хялбар болно гэж хэлж болно.
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ ХОРОО, СУМЫН БАЙРАНД БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Эдгээр хуулийн өөрчлөлтийг дагаад УИХ-ын тогтоол батлагдсан тус тогтоолоортөрийн үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг нийслэлд хороо бүрт, орон нутагт сумын байранд байгуулахаар болсон. Ингэснээр иргэн өөрийн оршин суугаа байршилд хамгийн ойр газраас төрийн үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна. “Хурдан” систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж байгаа. Ямар нэгэн орон тоо нэмэхгүй, төсөв шаардахгүйгээр хийхээр Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа.
- “И-БАРИМТ”-ЫГ ЦААСГҮЙ, АВТОМАТААР БҮРТГЭГДЭХ СИСТЕМИЙГ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
ИЦББХ-ны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр үүрэг өгч ажилласан. Үүнээс онцолбол НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж, автоматаар хэрэглэгчийн системд шууд бүртгэдэг шийдлийг нэвтрүүлэх чиглэлийг өгч, ажил идэвхтэй үргэлжилж байна. 2023 онд нийт бүртгэгдсэн баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаас хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд шууд оруулсан байна. Харилцаа холбоо, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, сөх, цахилгаан гэх мэт тогтмол хэрэглээний төлбөрүүдийн баримт системд шууд бүртгэгддэг болсон бол “Номин”, “CU”, “GS-25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, мөн “UB CAB”, “Shoppy”, “Jet scooter” зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд нэгдээд байна.
- БАЙНГЫН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТУУД
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд цахим хөгжлийг дэмжих чиглэлээр баталсан хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл солилцох, чиглэл өгөх зорилгоор 13 уулзалтыг зохион байгуулж ажиллалаа. Монголын хөрөнгийн бирж, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, И-Монгол академи, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн төв гэх мэт.
Мөн Мэдээллийн технологийн үндэсний парк, Улаанбаатар инновацын төвүүдэд ажиллаж мэдээллийн технологийн салбарын гарааны бизнес эрхлэгчдийн олон улсын хөрөнгө оруулагчидтай танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гарааны бизнесийг дэмжих бодлогын дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МуМу Шулага чинь хэл орж