дэд онцлохНийгэм мэдээ

Ахмадууд: Тэтгэврийн зээл болон хүүхдүүдийнхээ дэмээр цагаан сардаа бэлдэж байна


Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр болоход 16 хоног үлдлээ. Энэ жил өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөлт ард иргэдийн толгойны өвчин болж байна гэхэд хилсдэхгүй. Бид энэ удаад "Бөмбөгөр" худалдааны төвөөс ахмад настнууд сар шинэдээ хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тэдний зарим нь "Аргагүйн эрхэнд тэтгэврийн зээл авч цагаан сарынхаа бэлтгэлийг хийж байна" гэсэн бол нөгөө нь "Тэтгэврийн зээл аль болох авахгүй байхыг хичээдэг. Үр хүүхдийнхээ дэмээр цагаан сарын бэлтгэлээ базааж байна" гэж байв.

Иргэн Х: Сар шинийн бэлтгэлээ эхлээд л явж байна. Бараа бүтээгдэхүүний их үнэтэй санагдаж байна. Тийм учраас хүмүүсийн худалдан авах чадвар муу байх шиг. Бүх зүйлийнх нь үнэ зэрэг өсчихсөн. Бидний худалдан авах чадвар ямар байгаа билээ дээ. Би тэтгэврийн зээлийг болж өгвөл авахгүй байхыг хичээдэг. Гэхдээ жилийн жилд бүх л юмны үнэ өсөж байна. Үнэхээр хэцүү байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил хүнсний ихэнх бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээний үнэ маш их өссөн. Жилд ганцхан удаа тэмдэглэдэг энэ баяраар хэчнээн толгой малтай айлууд асар өндөр үнээр цагаан идээгээ зарж байна гэхээр санаанд багтахгүй байгаа. Тийм ч учраас тэтгэврийн мөнгийг нэмэх хэрэгтэй. Улсдаа олон жил ажиллачхаад маш бага тэтгэвэр авч, тэрийгээ сардаа хүргэнэ гэдэг зовлонтой, хэцүү байна. Тэтгэврийг болж өгвөл боломжоороо нэмээд өгөөсэй гэж хүсэж байна даа.

Иргэн Д: Ер нь цагаан сардаа эртнээс бэлддэг. 12 сар гараад л бэлдэхгүй бол цаг нь тулахаар их хэцүү. Бараа бүтээгдэхүүний хувьд зарим нь боломжийн, зарим нь тэнгэрт тулсан үнэтэй байна. Хэзээнээс манай монголчууд уламжлаад ирсэн баяр шүү дээ. Ирж байгаа зочдынхоо гар дээр таван бэлэг тавих юм сан, таван буузаа өгчих юм сан гээд явдаг. Тиймээс өвөг дээдсээс тэмдэглэж ирсэн энэхүү баярыг жил болгон тэмдэглээд явж байгаа минь сайхан байна. Гэхдээ түмэн олондоо буянаа хүртээгээд, хөгшин өвгөдийнхөө буяныг нь хүртээд, тохойг нь өргөөд монгол заншил өшөө цааш нь үргэлжлээсэй гэж хүсэж байна. Мөн орчин цагийн хүүхдүүд ирээдүйд улам хамгаалж яваарай. Үнийн хөөргөдөл бол тэртээ тэргүй аль дээрээс л эхэлсэн. Зөвхөн цагаан сараар биш. Монгол улс тэртээ тэргүй ард түмнээ мөлхүүлж байна шүү дээ. Гэхдээ монголчууд мөлхсөн ч сүлд нь босоо байдаг юм. Би тэтгэврийн насны хүн. Гэхдээ зээл авна гэж боддоггүй. Учир нь хүн тэтгэврийн зээлтэй, зээлгүй амьдардаг. Малаа маллаад, малынхаа ашиг шимийг хүртээд явахад монгол хүн ингэж гундах ёсгүй. Бүгд Улаанбаатар хотдоо шингээд, униартаад байж байна. Зөвхөн төрөөс гуйгаад, горьдоод байхаас илүү бололцоогоо хөдөлмөрлөж байх ёстой. Ялангуяа идэр насны хүүхэд залуус мал дээр гарах хэрэгтэй. Харин үүнийг нь төр засаг дэмжих ёстой. Энэ асуудлыг энд хөдөөгийн авгай яриад ямар ч нэмэргүй нь хайран юм даа.

Иргэн Х: Цагаан сарынхаа бэлтгэлийг хийгээд гийгүүлсэн зүйл байхгүй л байна. Одоо тэгээд хийх л байх даа. Юмны үнийг жил болгон нэмэгдсээр байгаа нь хүчилж авах ч юмгүй болох юм биш үү. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс л авах байх. Энэ жилээс бол бүр болохоо байлаа. Гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээг бол авч чадахааргүй болсон байна лээ. Ядаж байхад нь тэтгэвэр амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байна. Цагаан сарын баяраас гадна хүүхдийн төлбөрт бүгдийг нь өгчихдөг. Тийм ч учраас тэтгэврийн хүрэлцээ үнэхээр бага. Би тэтгэвэр гэж 550 мянган төгрөг авдаг. Энэ мөнгийг гар дээрээ тоолоод авахад их мөнгө хэдий ч юмны үнэ өндөр болчихсон болохоор ямар ч хэрэг алга даа.

-Хүүхдүүдийнхээ дэмэнд цагаан сарын бэлтгэлээ базааж байна-

Иргэн Л: Бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилээс 2-3 дахин нэмэгдсэн байна. Ахмад хүмүүс бидний хувьд бага тэтгэвэр авдаг болохоор юм худалдаж авах их л хэцүү болж дээ. Үр хүүхдийнхээ буянаар ямар ч байсан цагаан сарынхаа баярыг тэмдэглэнэ гээд явж байна. Миний тэтгэвэр энэ жилээс нэмэгдээд тун дажгүй байгаа. Ам бүл цөөхөн, хүүхдүүд тусдаа гарчихсан болохоор даарч хөрөхгүй, ядрахгүй, өлсөхгүй, цангахгүй амьдраад болж л байна. Гэхдээ надаас доошоо тэтгэвэр авдаг маш олон ахмад байдаг. Тэд нар маань л их хэцүү байгаа байх. Миний хувьд зовох зовлонгүй болгоод л амьдарч байна.

Иргэн А: Энэ жилийн тухайд юмны үнэ нэлээн өссөн нь анзаарагдсан. Гэхдээ ямар бараа хэдий зэрэг өссөнийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэтгэвэр бол өдөр хоногийн талх, хүнсний ногоо зэргийг аваад л дуусчихдаг. Гэхдээ бас болохгүй ч байгаа юм биш. Би бол тэтгэврийн зээл авахыг хүсдэггүй. Аль болох орж ирсэн мөнгөөрөө амьдрахыг боддог.

Иргэн М: Цагаан сарынхаа бэлтгэлийн арай хийгээгүй л явж байна. Хүнсний, ногооны үнэ их бага хэмжээгээр нэмэгдсэн анзаарагдлаа. Жишээ нь сонгино 4500 төгрөгийн үнэтэй байсан бол одоогоор 6500 гаран болсон байх жишээний. Чихэр, жимс бол замбараа алдсан үнэтэй байна. Тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна шүү дээ. Үр хүүхдүүдийнхээ дэмд л амьдарч байна. Би цагаан сарынхаа бэлтгэлийн хийх гээд саяхан очиж дөрвөн сарын зээл аваад л явж байна.

Иргэн Х: Манай юмны үнэ өсөх нь аргагүй. Монголын эдийн засаг бол дамын наймаан дээр үүссэн. Материаллаг бүтээгдэхүүн хийдэг нэг ч хүн байхгүй. Монголчууд сүүлийн 30 жил нэг нэгнээ шулж амьдарч сурлаа. Дамын наймаа хийж л сурлаа шүү дээ. Материаллаг баялаг ерөөсөө бүтээхгүй байна. Ийм ард түмэнтэй юм чинь юмны үнэ өсөхгүй гээд яах юм. Иймд монголчууд материаллаг баялаг сурах хэрэгтэй. Үйлдвэрээ эрчимжүүлэх хэрэгтэй. Монголд замбараагүй их дээд сургууль, уул уурхай, дамын наймаанаас өөр зүйл огт алга. Энэ бол монголын эмгэнэл. Тэтгэвэр гэдэг бол монголын ард түмэнд нэмэр болохгүй шүү дээ. Тэтгэврээр амьдарвал улаан гуйлгачин л болно. Манай тэтгэвэр авагчдын 80 хувь 550 мянган төгрөгийг гар дээрээ авдаг. Энэ мөнгөөр юу ч авч чадахгүй. Баян хүний бахтай баяр, хоосон хүний хохитой баяр гэж үг бий. Энэ баяр монголын ард түмнийг туйлдуулж байна. Цагаан сараар бид орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй шүү дээ. Жишээ нь, Хөгшид цагаан сарын баяраа хийнэ гэж 24 сарынхаа тэтгэврийг авдаг. Яагаад бид туйлдаа хүртэл ядуурчихсан юм бол гээд бодохоор тэтгэврийн хангалтгүй байдал мөн нөлөөлж байгаа санагдсан. Өнөөдөр хэдхэн төрлийн бараа бүтээгдэхүүндээ хатуу үнэ тогтоох хэрэгтэй.

Иргэн Ш: Цагаан сарын бэлтгэлийг хүүхдүүд маань хийж өгч байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ асар их нэмэгдсэн байна. Би ганцаараа амьдардаг, хүүхдүүд тусдаа гарчихсан болохоор өдөр хоногийнхоо амьдралыг болгоод л амьдарч явна. Тэтгэврийн зээлээ авна гэж боддоггүй. Хүүхдүүдийнхээ ачинд л цагаан сарынхаа баярыг тэмдэглэх гэж байна.

Иргэн Ц: Юмны үнэ их өсжээ. Ялангуяа манай дотоодын цагаан идээ бусад зүйлс санасныг бодвол их үнэтэй харагдлаа. Тэтгэврийн мөнгө бол өдөр хоногийн л эд зүйлсээ авахад зарцуулагдаж байна. Цагаан сарын баяраар юмны үнэ их байлаа гээд яахав дээ. Баяраа тэмдэглэхийн тулд авахаас өөр арга байхгүй шүү дээ. Одоо байгаа мөнгө хангалтгүй байгаа болохоор хоёрдугаар сарын 01-нээс тэтгэврийн зээл авах гэж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

-Сар шинийн баяр"-ын бэлтгэлд нэг өрх дунджаар 1.2 сая төгрөг зарцуулдаг-


Өнгөрсөн онд 3.7 их наяд төгрөгийг 496,991 хүнд олгосон байна. Үүнд тэжээгчээ алдсаны тэтгэмж, цэргийн тэтгэмж зэрэг багтаж байгаа. Үүний 388,300 гаруй нь ахмад настанд өндөр насны тэтгэмж олгосон бөгөөд 2.9 их наяд төгрөг болсон байна.
2023 оны 12 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас өндөр настны, хөдөлмөрийн чадамжаа алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр авагч 479 мянган хүний тэтгэвэр 3.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

ҮСХ-ны тооцоолсноор "Сар шинийн баяр"-ын бэлтгэлд нэг өрх дунджаар 1.2 сая төгрөг зарцуулдаг хэмээн гарчээ. Гэвч бодит байдал дээр өрхийн цагаан сарын төсөв дээрх хэмжээнээс даваад байна.

ҮСХ цагаан сарын бэлгийн зардал нэг хүнд дунджаар 8000-18.000 төгрөг ногдож, нэг айл гарын бэлэгт дунджаар 400-500 мянган төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Гэвч бодит байдалд гарын бэлгийн зардалд нийт 700 мянга орчим төгрөг зарцуулж буй мэдээтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2024 12:39

Энэ байдлаас гарах маш амархан. Энэ настай хүмүүс дээр очдог хүмүүс очихоо байчихв�##� тэд их юм бэлдэх шаардлагагүй. Жоохон идээ шүүс өөртөө бэлдээд шинэлчихнэ. Хамаатны з�##�уус нъ ухамсартай байж танай төрсөн эцэг эх эмээ өвөө биш бол битгий айлд оч. Хамаатнууд уулзах гээд байгаа бол зун намарт ургийн баяраа 5 жилд нэг удаа хийнэ биз. Одоо соошлтой уулзах шаардлага байдаггүй.

Зочин
Зочин
1 сар 24, 2024 12:42

Хүмүүс ирж золгосонгүй гэж манжилж байхад итгэдэг хүмүүс инээдтэй. Цагаан сар хамгийн муухай баяр.

Холбоотой мэдээ

Back to top button