Бэлх, Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудалд "Хурдан" цэг байгууллаа
Төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг “Хурдан” цэгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Бэлхийн автобусны эцсийн буудлын байр болон 16-р хороо, Тоосгоны үйлдвэрийн автобусны эцсийн буудал дээл байгуулж, нээлээ.
-Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна-
ЦХХХ-ны Н.Учрал: "16-р хорооны 11 мянга, 18-р хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ улам ойртож байна. Өмнө нь тус хороодын иргэд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны байранд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”, Чингэлтэй дүүргийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн байранд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” рүү 5-8 км замыг туулж төрийн үйлчилгээг авдаг байсан.
Цаашид төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна. Уг систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж, ямар нэг орон тоо, төсөв шаардахгүйгээр зохицуулахаар Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Нийслэлийн 46 цэг, орон нутгийн 81 цэг, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын 24 улсын 38 цэг, хилийн боомтын 1 цэг, нийт 166 цэгээр дамжуулан хүн, хуулийн этгээдэд төрийн цахим үйлчилгээг хүргэж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.