Нийгэм мэдээ

Т.Баярхүү: Улсын нийт малын 3.1 хувь нь зуданд хорогдоод байна

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.02.29/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цаг уур орчны шинжилгээний байдлаар ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Гуравдугаар сарын эхээр дахин судална. Одоогийн байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Нийтдээ 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрсэн байна.

Малын хорогдол 2 сая 136 мянгад хүрсэн. Оны эхэнд тоологдсон мал сүргийн 3.1 хувьд хүрсэн дүн мэдээлэлтэй байна. УОК-ын шуурхай штаб хүнд нөхцөлд байгаа буюу өвөлжөө хаваржаа нь цасанд дарагдсан айл өрхийн судалгааг гаргасан. Нийтдээ 11 аймгийн 46 суманд гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрхөд хүндрэл үүссэн мэдээлэл гарсан. Эдгээр айлд хүн хүчний дэмжлэг үзүүлж, орчны цас цэвэрлэх зорилготой албан хаагчдыг томилсон. Зэвсэгт хүчний 214 албан хаагч 21 нэгж техниктэйгээр Сүхбаатар, Дорнод, Төв аймаг руу явсан. Эхний бүлэг очих газраа очиж, таван сумын 11 өрхөд үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Өвөлжилт хаваржилт хүндэрсэн 12 аймгийн онцгой комисс гамшгаас хамгаалах улсын алба хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зам гаргах, өвс тэжээл хүргэх ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 4416 малчин өрхийн 1817 өрхийг түлээ түлшээр хангах, 2541 өрхийн малчин өрхөд эрүүл мэндийн үйлчилгээ, 1223 малчин өрхөд хоол хүнс тэжээл хүргэх ажлыг зохиосон.

Нийтдээ орон нутгийн онцгой комисс 286 албан хаагч 58 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Төрийн цэргийн байгууллагуудаас  нийтдээ 326 албан хаагч 123 тээврийн хэрэгсэлтэй 17 аймгийн 77 аймагт өвөлжилт хүндэрсэн өрхүүдэд өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 65674 км замыг энэ сарын 19-ний өдрөөс хойш гаргасан. Иргэнд аж ахуйн нэгж байгууллагууд ир тус болж байна. Хандив өргөж байгаа. Цугларсан хандив тусламжийг УОК-т өгч байна. Өнөөдрийн байдлаар 108 иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, холбоодоос 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн 37 аж ахуйн нэгж байгууллагаас 773.1 сая төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалын хандив цуглажээ.

УОК-ын гуравдугаар хурал хоёрдугаар сарын 27-ны өдөр болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Төмөр болон цагаан зудын нөхцөлд байгаа малчин айлд улсын нөөцөл байдаг хүнсний тусламжийг үзүүлэхээр болсон. Үүнийг ирэх хоёр хоногт үйлдэнэ.

Хүндэрсэн аймаг сумдын малчдад хоёр дахь ээлжийн тусламж болгож Хөдөө аж ахуйн корпораци дээр байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг хүргүүлэх ажлыг зохиож байна. Эхний ээлжээр өмнөх үнэлгээний дагуу 14 аймгийн 111 суманд тэжээлийн будааг хүргэх ажлыг зохиож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button