УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.24) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, хатагтай Ким Ён Жү-г Монгол Улсад тавтай зочлохыг уриад Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархалтай байдаг.

Таны Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн хичээл, зүтгэлийн үр дүнд “Хүүхдийн өвчлөл эрүүл мэндийг дэмжих” төсөл амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жил “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай дахин уулзсандаа баяртай байна гээд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хоёр дахь жилдээ оролцох урилга илгээсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр, өнгөрсөн жил хоёр өдрийн турш олон улсын эрдэмтэн, судлаачид, улс төрчид жендэрийн асуудлыг авч хэлэлцэж, үр дүн гаргасныг онцлоод энэ удаад энх тайвны асуудлыг хөндөж байгаа нь олон улсын нөхцөл байдал эгзэгтэй байгаа өнөөгийн цаг үед чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Хатагтай Ким Ён Жү хэлсэн үгэндээ, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байна. Бид Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх төслөө энэ жил үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд тавдугаар сард Солонгосоос нарийн мэргэжлийн эмч нар долоо хоногийн хугацаатай ирэхээр болсон. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Юн Сог Ёль-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотлов. Уг айлчлал нь манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгаж, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чухал үйл явдал болох бөгөөд айлчлалыг бодит ажил хэрэг болгоход БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс анхаарал хандуулахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button