Нийгэм мэдээ

Манай улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлаар 9-т эрэмбэлэгджээ

Хог хаягдлын хураамжийг нийслэлийн хэмжээнд 8000 төгрөг боллоо.

Улаанбаатар хот 410 мянган өрх, 175 мянган аж ахуйн нэгж байгууллагатай. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ч мөн өсөж буй. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн хогийн зургаан цэг ажиллаж, хог хаягдлыг хөрсөөр дарж булж байгаа.

Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Налайх, Багануур, Багахангай дүүргийн хогийн цэгүүдийг харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хариуцан ажилладаг. Нийслэлд өдөрт дунджаар 4,000 тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэгээс 200 мянган тонныг ангилан ялгаж, 1.3 сая тонн хогийг ландфилдах буюу дарж булж байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай тогтоолоор нэг тонн хог хаягдлыг хөрсөөр дарж булах ажлын зардлыг 2,080 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэд одоог хүртэл өөрчлөлт ороогүй бөгөөд үүнээс үүдэн төвлөрсөн цэгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Тухайлбал, хог хаягдлын хэмжээ 2006 онд 642 мянган тонн байсан бол 2021 онд 1.3 сая тонн болж нэмэгдсэн байна.

Мөн шатахууны үнэ 3.48 дахин өсөж, нэг цагт зарцуулах шатахууны зардал 2.02 дахин өсжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2006 онд 53 мянган төгрөг байсан бол өдгөө 420 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээ тогтворгүй, ачааллаа даахгүй, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсэж байгаа юм. Иймээс төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээг сайжруулахын тулд дарж булах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Хотын дарга төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг устгах зардлын тооцооллыг НИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг даалгасан байна.

Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтыг Микронези, Бермуд, Палау тэргүүлсэн бол манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Манай улсын хог хаягдлын хэмжээ 2010 онд 840,000 тн байсан бол 2018 онд 3.3 сая тн болж өссөн байна.

Төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж буй нийт хог хаягдлын 41.6 хувь буюу 1,393,753 тн нь Улаанбаатар хотод үүссэн бол үлдсэн 58.4 хувь буюу 1,959,795 тн хог хаягдал нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-06 14:10

Болж байна дэмжиж байна хогны мөнгөө бол төлнө шүү

Зочин
Зочин
2024-05-06 16:51

Энэн шиг худлаа юм байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button