УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 14 сургуулиас арвыг нь анхаарч байна"

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.15/ ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Хуралдаанаар, Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсэн байнгын ашиглалтад оруулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд өндөр ачаалалтай гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх талаар танилцуулга хийлээ. Өнгөрсөн хоёр жилд бид цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлж, сугалааны тогтолцоог халсан. Цоожтой хаалганы цаана хүүхэд үлдэхгүй тойрогтоо хамран суралцах боломжийг бүрдүүлж өгсөн.

Өнгөрсөн жилээс гурван ээлжийн эрсдэлд орох сургуулиудад анхаарал хандуулсан. Тухайн сургуулиудын хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт тусгасан боловч зарим ажлууд удаашралтай байна. Тиймээс НЗДТГ-т энэ асуудлыг шилжүүлж, хамтран ажиллах талаар шийдвэр гарлаа. Хамгийн их ачаалалтай Хан-Уул дүүргийн 26-р хороо Нарны хороолол, тус дүүргийн 15, 17 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36, 25, 45 дугаар хороо, Баянгол дүүргийн 24-р хороо буюу "Алтай" хотхон гэсэн сургуульгүй байршлууд бий. Тиймээс Хотын дарга сургуульгүй зарим хотхонуудтай хэлэлцээр хийж, зарим газруудыг чөлөөлөх ажлыг хийж байна.

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 14 сургуулиас 10-т нь онцгойлон арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хотын захиргаатай БШУЯ хамтран ажиллах чиглэл өглөө.

11 байршилд 5981 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл арга хэмжээг эхлүүлнэ. Мөн 40350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг энэ онд гүйцээж дуусгах ажил хэрэгжүүлнэ.

Яагаад сургуулийн ачаалал үүсээд байгаа вэ гэвэл жил бүр 70-80 мянган хүүхэд сургуульд шинээр элсэж байна. Жилд 30-40 мянган хүүхдийн сургуулийн хэрэгцээ шаардлага үүсэж байна. Ойрын 5-8 жилд энэ хэрэгцээ өснө.

2024 ондоо 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баянгол дүүрэгт 28-р сургуулийг хэсэгчилж хүлээж авна. Баянзүрх дүүргийн 2-р сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна. Чингэлтэй дүүрэг ЕБС-ийн 5-р сургуулийн барилга ашиглалтад орно. 19-р хорооны бага сургуулийн цогцолбор, ХААИС-ийн өргөтгөл, СХД-ийн 62-р сургуулийн өргөтгөлийг эрчимжүүлж ашиглалтад хүлээж авна. Эдгээр ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button