Ойлголцох хүн, уйлах газаргүй хүмүүст зориулсан төв ойн цоорхойд ярилцаж эхэллээ

Хүссэн үедээ очиж сэтгэл, мэдрэмжээ уудлан ярилцах орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй "Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв" 2024 оны 1 дүгээр сард байгуулагджээ. Тус төв нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд шийдэл, сэтгэл мэдрэмжээ хуваалцах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд цаашдаа олон ярилцлагын төв үүсгэхээр төлөвлөжээ.
Харин одоогийн байдлаар нэг төвтэй мөн гудамжны активизм ярилцлагыг их хотын хаа нэгтээ бас ойд хийж байна. Төвийн болон гудамжны ярилцлагад хэн ч ирж болно. Өөрөөр хэлбэл ярилцахыг хүссэн, сэтгэлээ уудлахыг хүссэн бол нээлттэй бөгөөд дүрэм нь маш энгийн. Тэд ярилцагчдаа зөвлөгөө өгөхгүй, шүүмжлэхгүй, асуудалд нь дүгнэлт хийж сэтгэгдлээ илэрхийлэхгүй. Зүгээр л сэтгэлийг нь уудалж, чиглүүлэх, сайн сонсох ажлыг хувийн асуудал, өөрийн сэтгэл санааны төлөв байдал дээр нь төвлөрч гүнзгий ярилцана.
Тус төв нээгдсэнээс хойш 700 гаруй иргэн ирж ярилцсан бөгөөд зарим нь тогтмол ирдэг болжээ. Амиа хорлох оролдлого удаа дараа хийсэн иргэн энд хэдэнтээ ирж ярилцаад илаашраад явж. Энд ирсэн хүн бүр баярлаж, урьд өмнө олон хүний өмнө нь ингэж нарийн зүйлийг, гүн гүнзгий ярьж байгаагүй, ярилцахын ач тусыг мэдэрлээ гэцгээдэг аж.
Монголд сэтгэл зүйн бүлгийн ярилцлагын анхдагч төв учраас шинэ зүйлийг таниулах гэж нэлээн ажиллагаа орж байгаа гэж санаачлагчид ярьж байв. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн тэд ярилцлагын төвийн байраа санхүүгийн асуудлаас шалтгаалж гурван ч удаа сольжээ. Тиймээс өнгөрсөн 5 сарын турш үнэ төлбөргүй явуулсан сэтгэл, мэдрэмжийн ярилцлагаа 20 мянган төгрөгийн төлбөртэй болгосон байна.
Мөн "Ярилцах чөлөө" ТББ-ыг байгуулж ярилцах хөдөлгөөн болон үргэлжлэх бөгөад энэ онд хүн амын 1% буюу 35.000 хүнийг ярилцлагад хамруулж гүнзгий ярилцах туршлага мэдрүүлэх зорилго тавьжээ.
Чөлөө - Сэтгэл мэдрэмжийн ярилцлагад 16-70 насны хэн ч оролцож болох бөгөөд санаачлагчид таныг хаа нэгтээх ойн цоорхой, их хотын аль нэгэн гудамжид хүсвэл ярилцлагын төв дээрээ хүлээн авч, 2-4 цаг ярилцана. Ярилцах, ойлголцох хүнгүй, уйлах газаргүй дотроо шаналж, ганцаардаад л яваа бол энэ хамгийн тохиромжтой шийдэл байж болох нь.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.