Н.Мандуул: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын шинэ эх үүсвэр ирэх сард ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуултай ярилцлаа.
-Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд босгосон. Энэ ажил маань хэр үр дүнтэй байна вэ?
-Нийслэл хотын хөгжил цэцэглэлт дан ганц төсвийн хөрөнгөөр явахгүй юм байна гэдгийг хэдэн жилийн өмнөөс бид хаа хаанаа ойлгож эхэлсэн. Өмнө нь нийслэл зөвхөн өөрийнхөө төсвөөр хөрөнгө оруулалтаа хийдэг байсан. Гэтэл манай хотын хүн ам бараг хоёр сая хүрэх гэж байна. Түүнийгээ дагаад барилга байгууламж, нийтийн аж ахуй нь ачааллаа дийлэхээ больж байгаа. Тийм болохоор Д.Сумъяабазар даргын үеэс эхлүүлээд одоо Х.Нямбаатар дарга үргэлжлүүлээд хууль эрхзүйн орчны шинэчлэлүүдийг нэлээд далайцтайгаар хийсэн. Үүний үр дүнд нийслэл хот маань өөрийн бие даасан байдлаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж нь нээгдсэн байдаг. Миний хувьд нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж ажиллаад, долдугаар сард нэгдүгээр орлогчоор томилогдсон. Зөвлөхөөр ажиллаж байхдаа би нийслэлийн энэ анхны бондыг гаргасан. Нийтдээ 500 тэрбум төгрөгийн дотоодын бондыг анх удаа гаргаад, эхний 30 минутад захиалга дүүрсэн. Бондын өгөөжийн хувьд Монголбанкны бодлогын хүүнээс бага зэрэг өндөр буюу зах зээл дээр суурь хүүг тогтоосноороо санхүүгийн зах зээлийн хөгжилд том түлхэц болсон. Манай санхүүгийн зах зээлийнхэн суурь хүүний өгөөжийн муруй эргэн сэргэсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байгаа. Нөгөө талдаа нийслэлийн бондын зарцуулалтыг Засаг даргын ярьж, эхлүүлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн. Энэ төсөл маань 100 хувь хувийн өмчөөр хэрэгжиж байгаа төсөл. Сүүлийн 40 жил буюу 1984 оноос хойш манайх цахилгааны шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй юм билээ. Харин ирэх сарын 5-нд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын шинэ эх үүсвэр ашиглалтад орно. Ингэснээр нийслэлд орлого орж эхэлнэ. Түүгээрээ бондынхоо эргэн төлөлтийг хийнэ гэсэн зохицуулалттайгаар явж байна.
-Бөөрөлжүүтийн цахилгаан станц анх 600 мегаваттын хүчин чадалтай гэж байсан санагдаж байна. Яагаад 150 болчихов?
-Тус цахилгаан станц нийтдээ 600 мегаваттын хүчин чадалтай станц байх юм. Гэхдээ 150, 150-иар нь тусдаа блок байх юм билээ. Тиймээс эхний ээлжийн блок нь ирэх сарын 5-нд ашиглалтад орно гэсэн үг. Харин хоёрдугаар блокын ажил эхэлчихсэн явж байгаа. Ирэх намар ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс гадна бид цахилгаан хураагуур буюу батарей станцын 50 мегаваттын хүчин чадалтай станцын ажлыг эхлүүлж байна.
Ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүн дээрээ тулгуурлаад бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох боломжуудыг судалж байна. Эрчим хүчний яамтайгаа энэ тал дээр хамтраад нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн нэмж хэлэхэд, манай эрчим хүч өдөр нь өндөр ачаалалтай хэрнээ шөнийн илүүдэл нь хаягдаад байдаг. Тиймээс энэ батарей станц шөнийн эрчим хүчийг хуримтлуулаад өндөр ачааллын үед төвийн шугамд нийлүүлнэ гэдгээрээ онцлогтой.
-Дэлхий нийт ногоон эрчим хүчийг дэмжиж, их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж байгаа гэдэг. Тэгэхээр нийслэлээс энэ тал дээр гадаадын зах зээлд бонд босгох зэрэг ажлууд хйигдэх үү?
-Сая хэлсэн цахилгаан хураагуурын станцын санхүүжилтийг бид олон улсын байгууллагаас шийдэж байгаа. Дэлхийн банкны группт харьяалагддаг Олон улсын санхүүгийн корпорацитай яриа хэлэлцээрээ хийгээд дууссан. Яагаад энэ байгууллага орж ирж байгаа вэ гэхээр энэ төсөл бол ногоон эрчим хүчний нэг төрөл юм байна. Тиймээс хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр өгье гэсэн. Тийм болохоор бид дараагийн цахилгаан хураагуурын төслүүдийн талаар өөр олон улсын байгууллагуудтай ярилцаад явж байна.
-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийсэн. Тэгвэл нийслэлийн төсөв дээр барьж байгаа бодлого юу байна вэ?
-Шинээр бүрэлдсэн Засгийн газар томоохон зорилтууд тавьж, тэдгээр нь төсвийн тодотголд тусгалаа олсон. Нэгдүгээрт, Засгийн газрын өргөн барьсан саяын төсвийн тодотгол болон ирэх жилийн төсвийн төсөл дээр ирэх жилүүдэд нийслэлийн хөгжил рүү анхааръя гэдэг зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч сая газар чөлөөлөлтөд 500 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би өөрөө Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Өмнө нь гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх зэрэг олон төсөл яваад хөрөнгө санхүүгийн дутагдлаас болж, газраа чөлөөлж чадахгүйгээс зогсчихоод байсан. Харин Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ жилээс газар чөлөөлөлтөө шуурхай хийгээд барилга угсралтын ажлынхаа тендерийг зарлачихсан явж байна. Хөрөнгийн эх үүсвэрийг нь гадаадын зах зээлээс босгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлт дээр юу хэлэх вэ. Газрын төлбөрийг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байсан?
-Нийслэлийн төсвийн дийлэнх нь хувь хүний орлогын албан татвараас бүрддэг. Хуулиараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь нийслэлд орж ирдэг. Мөн төлбөр хураамжаас бүрддэг. Гэхдээ олон улсын жишгийг харахад хотын төсвийг бүрдүүлдэг гол зүйл нь үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр байдаг. Манайх энэ жишигт хараахан хүрээгүй байна. Тиймээс бид ирэх жилийн төсвөөс эхлэн энэ асуудлыг цогцоор нь авч үзээд төсвийн шинэчлэлийн ажиллагаа руу орох гэж байгаа юм. Бид зөвхөн үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр гэж механик байдлаар нь харж болохгүй. Үл хөдлөх хөрөнгө, газар гэдэг чинь маш том хөрөнгө шүү дээ. Гэтэл эдийн засгийн эргэлтэд ордоггүй ийм хөрөнгүүд нийслэлд маш их байна. Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр хотын эдийн засгийг өргөжүүлэх маш том хөшүүрэг болно. Үүн дээр захиргааны хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Одоо бол хотын төвд том газартай хэрнээ түүнийгээ ашигладаггүй. Эсвэл үнэ хүргэж зарах гээд хүлээгээд байдаг тохиолдлууд байна. Энэ нь газрын төлбөр хэт бага байгаатай холбоотой. Тиймээс үүнийг бид эргэж харна. Зориулалтын дагуу ашиглаж байна уу. Хэдэн жил ашиглаагүй байна гэдгийг үзээд болохгүй бол нийслэлийн өмчид буцаан авна. Харин эргүүлээд зориулалтынх нь дагуу ашиглах, хөрөнгө санхүүгээ шийдсэн байгууллага, хувь хүмүүст нь үнэ хаялцуулан худалдаж, нийслэлийн орлогоо дэмжих ёстой. Нөгөө талдаа үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цэвэр, цахилгааны төлбөр нь маш бага. Тийм болохоор эдгээрийг цогцоор нь эргэж хараад төлбөрийг нь зохих түвшинд авна. Түүнийгээ эргүүлээд нийслэлийн газар доорх дэд бүтэц рүүгээ оруулна. Ингэж байж нийслэл маань тэлнэ.
-Таны хувьд Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцаж байгаа юм байна. Энэ ажил хэр яваа вэ. Мөн иймэрхүү бүтээн байгуулалтын үеэр газрыг нь бодитоор үнэлэхгүй байна гэсэн гомдлууд байдаг. Энэ тал дээр та тайлбар өгөөч?
-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлууд амжилттай болоогүй хэдэн шалтгаан байдаг юм билээ. Нэгдүгээрт, газар чөлөөлөлтөө хувийн компанид гэрээгээр өгчихөөд ямар барилга байгууламж барих дээр нь нийслэл бараг оролцоогүй явж ирсэн. Ингэхээр хувийн хэвшил маань газраа боломжоороо чөлөөлөөд барилгаа барьж байгаад санхүүжилт зэрэг шалтгаанаас болоод гацчихдаг. Одоо чинь хэдэн зуун өрх байна шүү дээ. Газраа чөлөөлөөд өгчихсөн. Тэгсэн хэрнээ орон сууцанд орж чаддаггүй. Эдгээр хүмүүстэй ч гэсэн бид одоо уулзаж байгаа. Гэрээг нь цуцлаад тухайн газрыг нь нийслэл өөрөө аваад барилгыг нь барья гэдэг рүү эхнээсээ орж байна. Хоёрдугаарт, хөрөнгө санхүүгийн дутагдал байсан. Хувийн хэвшилтэй гэрээ байгуулаад ажлыг нь эхлүүлээд явж байсан чинь төсөв дээр мөнгөгүй болоод ажил нь зогсчихсон. Гуравдугаарт, дэд бүтцээ татаагүй байж газар чөлөөлөөд ажлаа эхлүүлсэн алдаа байгаа юм. Тэгэхээр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалтыг бид энэ мэт алдаа гаргахгүйгээр хийж байна. Ингэхийн тулд газар чөлөөлөлтөө нийслэл дангаараа бүрэн хариуцаж хийнэ. Мөн газрын үнэлгээг нь зах зээлийн зарчмаар хийж байгаа. Хөндлөнгийн үнэлгээний компаниудаар хийлгэж байна. Одоо бол нэг айл гэхэд 160-250 сая төгрөг авч байгаа. Ингэхээр иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Сэлбэ дээр нийтдээ 158 га газрыг чөлөөлөхөд 2200 орчим айл өрх хамрагдаж байгаа юм. Энэ газартаа 12 мянган айлын орон сууц барина. Үр дүнд нь 12 мянган яндан, нүхэн жорлон байхгүй болно. Энэ нь түгжрэл, утааг шийдэх том суурь болж өгнө гэж харж байгаа. Үүнээс гадна “20 минутын хот” хөтөлбөрөө бариад ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг, сургуулийг нь бүрэн шийднэ. Дэлхийн жишиг ч ийшээ л явж байна.
-Газар чөлөөлөлтийг олонхын саналаар шийддэг болсон нь бас шүүмжлэл дагуулаад байсан?
-Газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын тухай хуулийг ноднин жил УИХ-аар баталсан. Энэ хуулиараа ийм боломж нь байгаа. Гэхдээ бид аль болох ингэж захиргаадалтын аргаар шийдэхгүй байхыг зорьж байна. Иргэдтэйгээ байнга уулзаж байна. Одоо зарим айл нь эзэмших гэрчилгээтэй байгаа. Ийм болохоор үнэлгээ нь арай бага гараад байгаа юм. Тиймээс нийслэлээс тухайн газрыг нь өмчлөх эрхтэй болгож өгөх зэрэг иргэдээ бодсон шийдвэрүүдийг гаргаж байна. Аль болох л иргэд хохирч болохгүй.
-Сарын дараа орон нутгийн сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой ч юм уу, зам засварын ажил ид хийгдэж байгаа. Гэтэл иргэд замын хашлага сольж байгаа дээр их бухимдалтай байна. Үүн дээр юу хэлэх вэ?
-Замын хашлага солиод байгаадаа ч гол нь биш. Замын засвар, арчилгааны нэг хэсэг нь л юм билээ л дээ. Стандартаа бариад явахаар замаа эхлээд хусаад дараа нь хашлагаа байрлуулаад, тэгж байж хучилт хийгддэг. Гэвч үүн дээр Замын хөгжлийн газрынхандаа шүүмжлэлтэй хандаж байгаа хэд, хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, гүйцэтгэгч компаниуд маань замаа хэт урт хусчихаад ажил нь удааширдаг. Хоёрдугаарт, манайхан зам гэдгийг зөвхөн машин явах хэсгээр нь ойлгодог юм байна. Тиймээс захирамж гаргаад явган болон дугуйн зам, ус зайлуулах шугам чинь замын нэг хэсэг шүү гэдгийг тодорхой болгож өгсөн. Өмнө нь авто болон явган замын тендерээ тусад нь зарладаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд хугацааны болон стандартын ялгаа гардаг. Тиймээс одооноос зөвхөн нэг тендер зарлаад авто болон явган, дугуйн зам нэг л багцаар явна. Ингэхгүй болохоор машин зам тавьж байгаа нь явган замаа эвддэг. Явган зам хийхээрээ авто замаа сэтэлдэг байдал гараад байгаа юм. Нийслэлээс саяхан Замын хөгжлийн даргадаа хариуцлага тооцоод шинэ залуу боловсон хүчин томилсон. АНУ-д суралцаад, Монголдоо олон жил ажилласан замын инженер хүн байгаа. Тийм болохоор замын стандартыг илүү олон улсын стандартад нийцүүлнэ гэж харж байна. Мөн стандартаа тодорхой болгоод хяналтаа сайн тавих ёстой юм билээ. Миний хувьд иргэдийнхээ хардлагыг бодитой байж мэднэ гэж бодож байгаа. Учир нь замын хэдхэн компани тендерт шалгараад тухайн замаа чанаргүй тавьдаг. Тэгээд дараа жил нь дахиад тендер зарлахад нь оролцдог байх магадлалтай гэж харсан. Тийм болохоор иймэрхүү асуудлуудыг одоо таслан зогсооно.
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2024.09.09 №168 (7534)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.