“World masters”: Гавьяат тамирчин Г.Одбаяр ялагдлаа
Жүдо бөхийн “World masters” тэмцээн БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт АНЭУ-ын бөх Виктор Сквортовт ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр “World masters”-ын дэвжээнд Монголоос 81 кг-д Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, “Сүлд” спорт хорооны бөх О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д -Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар зодоглож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.