Суманд шүдний төв байгуулж, иргэд аймаг, нийслэлийг зорих шаардлагагүй боллоо
Улаанбаатар хотоос 1000 км, Баянхонгор аймгийн төвөөс 250 км зайд оршдог Шинэжинст сум шүдний кабинеттай боллоо.
Тодруулбал, сумын эрүүл мэндийн төвд түшиглэн шүдний төвийг байгуулж, иргэд аймаг, нийслэлийг зорих шаардлагагүйгээр амны хөндийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг сумандаа авах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, нас насныхан энд шүдээ үзүүлж, өнгөлүүлж, ломбодуулж, чулуугаа түүлгэж бүр хиймэл шүд ч хийлгэнэ. Уг төслийг Шинэжинст суманд “Баянхөндий” төслийг хэрэгжүүлж буй “Эрдэнэ Монгол” ХХК, ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хэрэгжүүлж, аравдугаар сарын 5-ны өдөр хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.
Онцолбол, ЭМТ-ийн нэг өрөөг зориулан тохижуулж, шүдний суурин иж бүрдэл, амны хөндийн камер, чулуу авагч, нано гэрлийн аппарат, шүлс сорогч, ус нэрэгч, сувгийн урт хэмжигч, ломбо хатууруулагч гэх мэт 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, үзлэгийн болон мэс заслын иж бүрэн багаж зэрэг 27 сая төгрөгийн өртөгөөр бүрэн тоногложээ.
Нээлтийн үеэр Шинэжинст сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ “Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүн олон төрлийн сонголттой болсон нь хүүхдийн шүдний өвчлөлд их нөлөөлж байна. Нөгөө талаас манай говийн ус хатуулаг ихтэй учраас шүд өвчлөл нийтлэг байна. Шүд эрүүл байж гэмээнэ бие эрүүл байдаг. Иргэд маань сумандаа шүдээ үзүүлэх боломжгүй учраас аймаг, хот явна. Өртөг нь маш өндөр. Явж амжихгүй бол хугацаа алдаж цооролт нь бусад эрүүл шүдэндээ нөлөөлдөг учраас “Эрдэнэ Монгол” компанид санал тавьснаар өнөөдөр шүдний төвтэй боллоо.
Одоо мэргэжлийн эмч нарыг сургах ажил үлдлээ. Мөн л энэ компанид санал тавьж хэлэлцээрт хүрээд байгаа. Мөн суманд нэн шаардлагатай мэргэжлээр сурч байгаа оюутнуудын төлбөрийг “Эрдэнэ монгол” ХХК хариуцах гэрээ хийсэн, шаардлагатай боловсон хүчний жагсаалт гарсан явж байна” гэв.
Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийн салбарын захиргааны албаны дарга Т.Ганболд “Шинэжинст сумын сургуулийн сурагчдын дунд хийсэн амны хөндийн эрүүл мэндийн судалгаагаар 46,1 хувь нь шүдний цооролт, зовиуртай, 200 хүүхэд өвчлөлтэй дүгнэгдсэн. Тоогоор хэлбэл 470 хүүхдээс 195 нь шүдний тулгамдсан асуудалтай болчихсон байсан гэсэн үг. Тиймээс “Эрдэнэ Монгол” компани, сумын удирдлага, холбогдох байгууллагууд ярилцаад нэг кабинетийг шүдний кабинет болгохоор тохирсон. Улмаар энэ кабинетэд анхан шатны үзлэг, эмчилгээ хийх тоног төхөөрөмжийн жагсаалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран гаргаад, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Бүгдээрээ эрүүл сайхан шүдтэй байгаарай гэж ерөөе” гэлээ.
Шинэжинст 2482 хүн амтай. Үүнээс зөвхөн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн шүдний өвчлөлд судалгаа хийсэн нь дээрх тоо юм. Говийн ус хатуулаг ихтэй. Олон жилийн турш энэ усыг ууж хэрэглэснээс үүдэж иргэдийн дунд элэг цөс, ходоод, шүдний өвчлөл зонхилон тохиолдсоор ирсэн байдаг. Харин хариуцлагатай уул уурхайг орон нутагт хэрэгжүүлэх үүднээс “Эрдэнэ Монгол” ХХК нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлууд руу хариуцлагатай, үр дүнтэйгээр иргэдэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаагийн нэг жишээ нь Шүдний төв юм.
“Эрдэнэ Монгол” ХХК нь Шинэжинст суманд хэрэгжиж алтны үндсэн ордын “Баянхөндий” төслийг хэрэгжүүлж буй. Геологийн хайгуул судалгаа нь арваад жил үргэлжилсэн уг төсөлд 2023 оноос “Энержи ресурс” хөрөнгө оруулалт хийж алтны ордыг хөгжүүлэх, алт боловсруулах үйлдвэр байгуулах, уурхайг олборлох төсөл дээр хамтарч ажиллаж байна. Төслийн явц яг одоо үйлдвэрлэл уурхайн барилга угсралтын ажлаар үргэлжилж байгаа юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.