МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулжээ
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслол энэ сарын 1-нд /2024.11.01/ болжээ.
Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигчдод нислэгийн сонголт нэмэгдэж, хоёр агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээний холболтыг сайжруулж, нислэгийн цагийн хуваарийг илүү олон сонголттой болж байгаа юм байна.
Мөн энэхүү гэрээний хүрээнд МИАТ ТӨХК нь Эйр Чайна ХК-ний Бээжин-Улаанбаатар-Бээжин, Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр, Эйр Чайна ХК нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бөгөөд энэ нь цаашдын илүү өргөн хэмжээний хамтын ажиллагааны суурийг тавилаа.
Эйр Чайна ХК 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлж байсан бол МИАТ ТӨХК нь 1989 оноос хойш Бээжин чиглэлд нислэг үйлдэж ирсэн билээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.