Хөрөнгө оруулалтын орлогоороо Мандал болон Тэнгэр даатгал тэргүүлж байна

2024 оны 1-р сард Улаанбаатар хотод болсон газын дэлбэрэлтэд хүний амь нас үрэгдэж, олон зуун хүмүүс эд хөрөнгөөрөө хохирсон. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн олонх нь даатгалгүй байсан нь санхүүгийн эрсдэл хүлээхэд хүргэсэн билээ. Өнгөрсөн онд болсон үерийн улмаас 100 гаруй машин хохирол амсаж, эдгээрээс найман машин л даатгалтай байсан бөгөөд бусад нь даатгалгүйн улмаас нөхөн төлбөр авах ямар ч боломж үүсээгүй.
Өнөөдөр манай оронд даатгалын нэвтрэлт ердөө 0.6% (Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хэмжээ) байгаа нь олон улсын дунджаас даруй 12 дахин бага буй юм.Тухайлбал, Германд нэг хүн 8 даатгалтай байдаг бол Монголд 8 хүний 1 нь л даатгалтай байна.
Даатгалын салбарын хэмжээ нь тухайн орны Эрсдэлийн Сангийн хэмжээг илэрхийлдэг. Хэрэв даатгалын салбар том байвал тэр чинээгээр улс орон эрсдэлийг ажрахгүй давна. Тийм учраас аливаа улс орон төрийн бодлогоор даатгалыг дэмжиж, ард иргэдээ эрсдэлээс хамгаалах механизмыг бүрдүүлдэг байна.
Нөгөө талаас даатгал нь эрсдэлийг хэмжиж, нийгэмд байгаа эрсдэлийг бууруулах, эрсдэлийн боловсрол олгох ажлыг тасралтгүй хийж байдаг учраас өндөр ач холбогдолтой.
Харин Монголын даатгалын салбар 2024 оны 3 дугаар улирлаар хэрхэн гарсныг дараах байдлаар харуулж байна.
Монгол Улсад ердийн даатгалын 15 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаас цэвэр мөнгөн хөрөнгө, өөрийн хөрөнгө зэрэг голлох үзүүлэлтээр Мандал болон Тэнгэр даатгал тэргүүлж байна. Цэвэр мөнгөн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээ их байх тусам эрсдэлийн сан төдий чинээ том байгааг илэрхийлнэ.


Даатгалын компанийн үйл ажиллагааны бас нэг чиглэл нь хөрөнгө оруулалт. Банк иргэдээс хадгаламж хэлбэрээр мөнгө татаж, эргүүлээд зээл олгон ашиг олдог бол даатгал нь даатгалын хураамжийг нөхөн төлбөрт гарах хүртэл тухайн даатгалын хураамжаар компаниудын хувьцаа, бонд, итгэлцэлд хөрөнгө оруулж ашиг олдог. Ингэснээрээ хөрөнгийн захын хөгжилд маш том хувь нэмрээ оруулдаг. Хөрөнгө оруулалтын орлогоороо Мандал болон Тэнгэр даатгал тэргүүлж байна.

Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.