PUBG-гийн багууд ДАШТ-д өндөр амжилт үзүүллээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд PUBG Mobile тоглоомын тав дахь удаагийн ДАШТ-ий финал буюу "PMGC 2024"-ийн сүүлийн шатны тоглолтууд Лондон хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 48 баг тамирчид нэг сарын турш өрсөлдсөн юм.
Нийт 18 тоглолтын үр дүнд манай улсын "4Merical Vibes" баг 104 оноотой долоодугаар байр эзэлж, 80 мянган ам.долларын шагналын санг хүртжээ. Мөн "Falcons Force" баг 71 оноотой арвандөрөвдүгээр байр эзэлж, 63 мянган ам.долларын шагналыг авсан байна.
"4Merical Vibes" багийн хувьд эхний өдрийн зургаан тоглолтоо маш сайн гүйцэтгэж, 63 оноотойгоор амжилтын хүснэгтийг тэргүүлсэн. Гэвч хоёр болон гурав дахь өдрөө тэдний хүч нь суларч хангалттай оноо цуглуулж чадаагүй. Үүнээс болж хадгалж байсан амжилтаа хойш нь татлаа. Тэдний хувьд энэ удаагийн тэмцээнд 23 "KILL" хийж дээд амжилтыг тогтоосон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Харин "Falcons Force" багийн хувьд энэхүү тэмцээнд сүүл мушгилаа. Тэд эхний тоглолтдоо "winner winner chicken dinner" буюу ялалт байгуулж, 21 оноо авсан боловч үлдсэн 17 тоглолтод хангалттай оноо цуглуулж чадалгүй, хойгуур байр эзэллээ.
2024 оны PUBG Мobile-ийн ДАШТ-д Өмнөд Солонгосын "Dplus" баг 153 оноотойгоор түрүүлж, 426 мянган ам.долларын шагналын санг хүртэж, тэргүүллээ. Өмнөд солонгосын баг Туркын багтай учраа таарч нэг онооны зөрүүгээр аваргалсан байна.
Тус хоёр багийн талаар мэдээлэл хүргэвэл,
4Merical Vibes баг анх 2020 онд үүсгэн байгуулагдаж байжээ.
Тус багийн үндсэн бүрэлдэхүүн:
- APEX (Бат-Эрдэнэ Оргил-Эрдэнэ)
- B4RON (Даваажаргал Наранбаатар)
- DOK (Ууганбаяр Дөлгөөн)
- REFUS (Амгалан Анхбилэг)
Гол амжилтууд:
- 2023 оны 12-р сар: PUBG Mobile Global Championship 2023 тэмцээнд 4-р байр эзэлж, $144,000 шагнал хүртсэн.
- 2023 оны 8-р сар: PUBG Mobile Pro League - South Asia Fall 2023 тэмцээнд түрүүлж, $9,500 шагнал авсан.
- 2023 оны 7-р сар: PUBG Mobile Regional Clash 2023 - SEA vs South Asia тэмцээнд аварга болж, $3,000 шагнал хүртсэн.
Харин Саудын Арабын Team Falcons цахим спортын байгууллагын PUBG Mobile баг бөгөөд Монголын тоглогчдоос бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр Төв болон Өмнөд Азийн бүсэд өрсөлддөг.
Багийн бүрэлдэхүүн:
- Action (Галцаламын Сүхбат)
- ICY (Батнасангийн Тэнгис)
- NIRZED (Нур Зэд)
- TOP (Алтангэрэлийн Бүрэнбаяр)
- EAST (Мөнхболдын Батмөнх)
Гол амжилтууд:
- 2024 оны 9-р сар: PUBG Mobile Super League - Central and South Asia Fall 2024 тэмцээнд 2-р байр эзэлж, $23,200 шагнал хүртсэн.
- 2024 оны 7-р сар: PUBG Mobile World Cup 2024 тэмцээнд 17-р байр эзэлж, $49,500 шагнал авсан.
- 2024 оны 6-р сар: PUBG Mobile Super League - Central and South Asia Spring 2024 тэмцээнд 2-р байр эзэлж, $22,600 шагнал хүртсэн.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.