
Бид ажлын ширээн дээр компьютер болоод дагалдах хэрэгсэл, элдэв бичиг баримт байршиж буйг л харж дассан. Гэтэл том шар муур эл газрын удирдлагын ширээн дээр хэзээний л дассан гэмээр хэвтэж харагдах нь тэр. Түүний нэрийг Сиско гэнэ. Анх эзнээсээ төөрч, бусдад зодуулсан байдалтай байхдаа тус үйлдвэрийн талбайн ажилчидтай таарснаар ийн аврагджээ. Түүнийг МАПА группийн Монголд хэрэгжиж буй усны барилга байгууламжийн талбайн олон сургалт, өглөөний хуралд суусан учир “хамгийн ухаантай амьтан” байх ёстой хэмээн ерөнхий инженер Сатилмиш Ортакчи, менежер Зеррин Алаташ нар онцолж байлаа.
Сиско эл барилгын талбайд хамгийн эрх ямбатай нэгэн аж. Түүний хоолыг тусгайлан захиж авчруулж, хоолны төлбөр нягтлан дээр цохогддог байна. Уг газрын ажилтан "Бид нэг удаа Сискогийн хоол дэлгүүрт дууссан байсан учир өөр төстэй хоол сонгон авч ирснийхээ хариуд даргаасаа зэмлэл хүртэж байсан удаа бий" хэмээв.
-Сатилмиш Ортакчи: Төслөө дуусаад нутагтаа суурьших үедээ энэ амьтнаа яана даа гэх бодолд дарагдаад буй-

-Сиско гэх эрх шар мууртай найзалсан түүхээс яриагаа эхлэх үү?
-Анх Сискотой уулзахад зэрлэг дошин авиртай, хүмүүсээс дайжиж зугтаадаг зантай байсан. Бид хооллож, хайрлаж бага багаар ойртож найзалсан. Одоо бол хүмүүсийн дунд ямар ч айдасгүйгээр амьдарч буй.
Зэрлэг догшин авир эь хэрхэн засарсан тухай сонирхож байж магадгүй, ер н амьтад “хүн надад хор хөнөөл учруулахгүй юм байна” гэдгийг мэдсэн үеэсээ эхлээд л зөнгөөрөө чамайг дагаж, дасаж эхэлдэг. Харин зугтаагаад байгаа бол та хоёр хараахан ойлголцоогүй байгааг харуулж байна гэсэн үг. Би багаасаа мууртай хамт амьдарч эхэлсэн, одоо Турк дахь гэрт маань хоёр ч муур бий. Тийм учир муур гэх амьтан өөрөө миний амьдралын салшгүй нэг хэсэг.
Муурт зан араншны хувьд онцлог бий. Өөрийг нь хайрлаж, хамгаалж байгаа хүмүүсийн дэргэд үлдэнэ, үгүй бол орхиод л явна. Хэрэв бид Сискод хоёр хоног л муухай хандах юм бол “гурван жил та нар намайг тэжээж, хайрласан” гэж огт бодохгүй, хаяад л явна. Харин нохойны төрөлх араншин өөр. Хоёр өдөр муухай хандсан ч тэр чамайг дуудахад хүрээд л ирэх жишээний. Үнэнч.
Одоо бидний сууж байгаа оффист муур байгаа нь онцлог байгаа боловч гараад харвал маш олон нохой бий. Бүгд л эзэндээ хаягдаад манай хашаанд орж ирсэн байдаг. Бүр дөнгөж төрсөн гөлгийг хүртэл өвлийн тэсгэм хүйтэнд орхидог гээч. Бид авахгүй л бол хөлдөх нь тодорхой харагдаж байхад яаж хаяж зүрхлэх билээ. Бид ч гэлтгүй гадна ажлын талбайн ажилчид цөм л амьтанд хайртай тул чадлаараа тэжээж байна.
Танай Монголын хувьд бусад орноос ялгаатай нь эрс тэс өөр амьсгалтай учир хүний тусламж, хамгаалалт амьтдад их чухал санагдсан. Ялангуяа жижиг зулзаган амьтад болоод муур. Нохой бол нэг удаадаа сайн анхаарал хандуулахад цааш өөрийгөө аваад явчих чадвартай. Харин гөлгөн нохой болоод муурт хүний тус дэмжлэг ихээхэн хэрэгтэй, хамгаалалтад орж байж л амьд үлддэг.
-Сиско та хоёрын ажлын нэг өдөр хэрхэн өрнөж байна, мөн хэчнээн удаа хооллож байна?
-Өдөрт гурван удаа. Би орой ажлаасаа гарахдаа орой өлсөх байх гээд хоолыг нь ахиу хийгээд гардаг ч өглөө бүр ажилдаа ирэх үед тэр хоолны савныхаа дэргэд миний нүд рүү цоо ширтээд зогсож байдаг. “Хурдан хоол хийгээд аль” гэсэн шиг /инээв/. Тэгээд л бушуухан шиг өрөөнийхөө найзыг хооллосноор миний ажлын нэг өдөр эхэлнэ шүү дээ.
Одоогоор түүний өөрийгөө хамгаалах буюу өөхөө хураах улирал нь учир өдрийн ихэнх хугацааг хэвтэж өнгөрүүлдэг. Өдрийн хоолныхоо дараа коридороор алхана. Нааш цааш харж, биднийг ажигласан байдалтайгаар. Харин дөрвөн сар болоход хөдөлгөөн нь ихэсч, гадагш гарч явах дуртай болдог.
-Сискод найз бий юу.
-Бий, бий. Манай талбай дээр Сискотой адил гурван жилийн хугацаанд бидэнтэй хамт байгаа Марусъя нэртэй нохой бий. Тэд энэ талбайн хууччуулын нэг. Угтаа муур нохой хоёр хоорондоо тэрслүү. Гэвч өвөлдөө бид нохдоо ч дотогш оруулах тохиолдол гардаг л даа. Тэр үед харин Марусъя, Сиско хоёр толгойгоо нийлүүлчихсэн л хэвтэж харагддаг. Тэд хэзээнээс энэ талбайд зэрэг оршихоо хүлээн зөвшөөрсөн мэт.
-Энэ барилгын талбайн хамгийн ухаантай амьтан гэсэн шүү дээ. Яагаад ингэж тодотгох болов?
-Манай талбайд барилгын үйл ажиллагаа эрчимжсэн үед 400-500 хүн ажилладаг. Тэднийг ирэх тоолонд бид сургалт ордог. Тэр сургалт орох бүрт л Сиско албатай юм шиг л хурлын ширээний ард нэг сандал эзлэн сууж, сургалт сонсож харагддаг л даа. Иймд бид тэр сургалтыг хэдэн зуу дахин сонссон Сиског энэ талбайн хамгийн ухаантай амьтан байх ёстой хэмээн тохуурхан ярьдаг юм.
-Цахим орчинд нийтлэгдсэн зураг дээр Сиског шинэ жилийн баярт зориулан чимэглэсэн байхыг харсан л даа. Сиског чимэглэх санааг хэн гаргасан бэ?
-Баяр тэмдэглэх үеэр миний бие ажлаар гадагш явсан байсан тул оролцож амжаагүй. Харин Сиског гоёх санааг манай хүний нөөцийн менежер гаргасан байсан. Мөн миний ард харагдаж буй Сискогийн зураг бүхий төрсөн өдрийн мэндчилгээг ажлынхан минь хийж өгсөн.
-Таныг нутаг буцсан хойгуур Сиско энгийн үеийнхээсээ тогтворгүй, ааштай болдог гэж ажлын хүмүүсээс нь сонссон. Мөн Сискогоос гадна олон муур ноход танай ажлын талбайд байна шүү дээ?
-Бид эл усны байгууламжийн барилгын ажлыг дөрвөн жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Яг одоо баригдаж байгаа усны байгууламж маань 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж буй. Бид энэ оны долоон сард дараагийн шатны байгууллагад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.
Энэ хугацаанд олон удаа гадагш томилолтоор явж байсан. Харин намайг байхгүй байхад санаж, ааш нь өөрчлөгддөг тухай бид яг одоо л сонсож байна /инээв/. Би ч гэсэн энэ төслөө дуусаад нутагтаа суурьших үедээ энэ амьтнаа яана даа гэх бодолд дарагдаад буй. Турк руугаа аваад явъя гэхээр манай гэрт хоёр муур бий. Тэр хоёртой зохицох эсэхийг ч таашгүй. Ээждээ өгье гэж бас бодоод амжсан. Гэхдээ амьтан яаж авч болохыг сайн мэдэхгүй байгаа. Тиймээс энэ тухай дахин бодож байгаад шийдвэрээ гаргасан нь дээр бололтой.
-Зеррин Алаташ: Сиско бидний дунд орж ирснээр стресс, дарамтыг зөөлрүүлж хүн хоорондын харилцаанд эерэг нөлөө гаргасан-

-Сискотой танилцсан түүхээ хуваалцахгүйюу?
-Хоёр жилийн өмнө барилгын талбайн хоолны газрын гадна Сискотой таарсан юм. Хүмүүс барилгын талбай дээр хоол унд элбэгтэй байдаг болохоор хүсээгүй амьтнаа үлдээх тохиолдол их байдаг. Гэхдээ анх удаа мууртай таарсан нь тэр үе. Цаг хугацааны хувьд өвлийн дүн хүйтэн, дээрээс нь турж эцсэн, хүмүүст зодуулж дээрэлхүүлсэн байдалтай байсан туд яах аргагүй бид үрчилж авсан.
-Ажлын талбайд муур тэжээнэ гэдэг манай Монголчуудын хувьд өвөрмөц үзэгдэл л дээ. Эл муур танай байгууллагад орж ирснээр ямар өөрчлөлт гарав?
Би гэртээ муур тэжээдэг, муурт маш их хайртай. Муур тэжээж байгаа хүн болоод тухайн муур хоорондоо маш өвөрмөц, дотно холбоо үүсгэж чаддаг. Сиско энэ ажлын талбай дээр байх болсон шалтгаан удирдлагуудтай холбоотой юм л даа. Яг одоо бидний сууж байгаа эл өрөөнд МАПА группийн Монголд хэрэгжиж буй усны барилга байгууламжийн төслийн барилгын ерөнхий инженер Сатилмиш Ортакчи Сиског харж ханддаг, хамгийн дотно хүн нь. Тэр ч бас гэртээ муур тэжээдэг.
Бид энэ ажлынхаа орчинд маш завгүй, ачаалалтай ажилладаг. Харин Сиско бидний дунд орж ирснээр стресс, дарамтыг зөөлрүүлж хүн хоорондын харилцаанд эерэг нөлөө гаргасан. Манайхан ажилдаа ирэхдээ “муур хаана байна, яагаад үзэгдэхгүй байна” хэмээж санаж асуудаг. Сискогоос гадна бас нэг муур бидний дунд орж ирсэн. Тэр энэ өрөөнөөс илүүтэйгээр манай улаан дэвтэр хөтөлдөг охидын өрөөнд байх сонирхолтой.
-Таныг Сискод яг ээж шиг нь анхаардаг гэж сонссон.
-Тийм ээ, анхаарал хандуулалгүй яах вэ. Хооллолт, асаргаа, товлолт дархлаажуулалт гээд түүнд хүний зүгээс анхаарах ёстой хэрэгцээ бий л дээ. Хэдийгээр манай байгууллагад хоолны газар байдаг ч махан хоол гэхээс илүүтэйгээр муурны зориулалтын хоолыг бид сонгосон. Яагаад гэвэл тухайн үедээ өлссөндөө муур маань бидний өгсөн зориулалтын бус хоолыг идэх боловч хожим хоол таараагүйгээс шалтгаалан эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй шүү дээ.
Мөн гадна зориулалтын элсийг нь бэлдэж өгсөн. Муур өөрөө цэвэрч амьтан учир хэзээ ч бохир элсэн дээрээ дахин сууж өтгөн, шингэнээ гаргадаггүй учир сайтар цэвэрлэдэг.
Дараагийн нэг чухал зүйл бол дархлаажуулалт. Товлолт хугацаа бүрд нь хийлгэдэг. Дээрх зүйлс бол энгийн л халамж, энэ нь нэг их ачаалал болж мэдрэгддэггүй. Харин анхаарууштай нэг зүйл байна. Ажил ихтэй үед хэн нэгэн хүнд муураа даатгаад вакцинд явуулах их хэцүү байдаг. Тийм учраас бид дуудлагаар ирдэг малын эмч байгаасай гэж хүсдэг л дээ. Гэтэл манай ажлын талбай хотоос нэлээд зайдуу байдаг учир хүрээд ирэх нь үгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"өдрийн ихэнх хугацааг хэвтэж өнгөрүүлдэг. Өдрийн хоолныхоо дараа коридороор �##�хана. Нааш цааш харж, биднийг ажигласан байд�##�тайгаар"
Энэ хэсгийг уншаад тэсэлгүй инээв. Энэ муурны зан байдлыг маш тодорхой ойлгуулахаар байлаа хаха
Хөөрхөн юмаа, энэ хорвоогийн нэг ч гэсэн амьд бодьг�##� хоол ундтай, айх аюулгүй байгаа юм байна. Амьтан аварч энэрдэг хүмүүсийг бурхан бас харж байгаа даа! Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Ene muuriig nutagvruugaa avaad yavna baigaa mongoloor gargah bolov uu avaad garaasai daa bilee
Өнөөдөр уншсан мэдээлэлүүдээс хамгийн эерэг сайхан мэдээ байлаа
Мундаг улс сайхан шүү