"Vitality" багийнхан "donk"-ыг зогсоох аргаа олж, "The MongolZ" даагаа нэхнэ

"IEM Katowice 2025" тэмцээнд Францын "Vitality" баг аваргын цом өргөлөө.
Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн эхний том тэмцээн болох "IEM Katowice" өчигдөр /2025.02.09/ өндөрлөлөө. Финалд Оросын "Spirit" багийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, анх удаагаа "Vitality" "Katowice"-д түрүүлсэн аж.
Тус тэмцээнд олон улсын шилдэг 24 баг оролцож, ийнхүү аваргаа шалгаруулав.
Финалын тоглолт "Dust 2" map дээр эхэлж 13:6 онооны харьцаатайгаар өндөрлөсөн. Харин хоёр дахь шат "Nuke" дээр өрнөж, 13:5 харьцаатайгаар дуусгаж. Шийдвэрлэх сүүлийн тоглолт "Mirage" map дээр өрнөж 13:11 онооны харьцаатайгаар тоглолт дууссан.
"IEM Katowice" тэмцээний шилдгээр "Vitality"-ийн "ZywOo" тодорсон. Тэрбээр 21 дэх удаагаа тэмцээний шилдгээр шалгарч байгаа нь энэ юм.
Өнгөрсөн жилийн Shanghain Major-т тэргүүлж, аваргын цомыг өргөсөн Spirit багийн лидер "donk" буюу Данил Крышковец "Бид зүгээр л муу байлаа. Хожигдсон шалтгаанаа олж, цаашдаа хэрхэхийг харах л үлдлээ. Мэдээж ялагдал байхгүй бол ямар ч хожил бидэнд байхгүй" гэлээ.
Харин Vitality багийн "ZywOo" буюу Матью Хербо тоглолтын дараа "Бид цаашдын Катовице, Кёльн, Мэйжорт түрүүлнэ. "Donk"-ийг хэрхэн зогсоох аргаа бид олсон. Бид цаашдаа хэзээ ч зогсохгүй" гэсэн юм.
Манай улсын "The MongolZ" багийн хувьд Сподек аренад тоглож чамлахааргүй сайн үзүүлэлт гаргасан. Тэдний хувьд хагас шигшээ хүртэл тоглож, хүрэл медалийн болзол хангасан юм. Senzu-гийн гар бэртэлтэй ч хэд хэдэн тоглолтын ард амжилттайгаар гарсан юм. Одоо "The MongolZ" зогсохгүй. Дараа дараагийн олон тэмцээн тэднийг хүлээж буй. Энэ сарын 14-нд буюу баасан гарагт Румынд эхлэх 1.25 сая ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээнд оролцоно. "The MongolZ" одоогийн байдлаар Valve-ийн чансааны дөрөвдүгээрт HLTV-гийн наймдугаарт бичигдэж байна.
Энэ онд олон улсад зохиогдох цахим тоглоомын тэмцээний хуваарь
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.