Түүх соёл, уламжлал

Монголчуудын битүүлэх ёсон хийгээд учир, уламжлал

Монголчууд энэ өдөр айл хотлоороо та бидний үе дамжин өвлөгдөж ирсэн уламжлалт Цагаан сарын баярын урьдах битүүний өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ.

Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас улбаалан буурал жилийн отголох өдрийг бэлгэддэг уламжлалтай. Энэ өдөр Монголчууд өөрсдийн зан заншлаа даган олон төрлийн ёслол үйлддэг бөгөөд ирэх шинэ жилийг элбэг хангалуун, эерэг сайхан байлгахын тулд үг, үйл бүхнээ бэлгэдэл хэмээн болгоодог.

Битүүний өдрийн ёс уламжлал

Битүүний өдөр хүнээс зээлсэн мөнгө, эд зүйлс байвал заавал эргүүлэн өгч, хэрүүл маргаантай байсан хүмүүс эв эеэ засах учиртай. Энэ өдөр айл бүр гэр орноо цэвэрлэж, бурхан тахилаа засч, муу бүхнийг хуучин жилд үлдээхийн тулд орон гэрээ цэвэрлэж, угтаж буй жилийн шинэ ариун байхыг бэлгэдэн тоос тортоггүй байхыг хичээдэг учиртай. Урьд гэрийн эзэгтэй идээ цагаагаа бэлдэж, гэрийн эзэн адуугаа хурааж, хур дэлийг нь засдаг уламжлалтай байсан билээ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгонд цагаан чулуу тавьж, сахиусуудын орох үүдийг нээдэг. Харин зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж домнодог. Учир нь битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь гэртээ элдэв гай барцад, муу энерги орохоос хамгаалах бэлгэдэлтэй. Гэр бүлийн гишүүд шинэ дээл хувцсаа өмсөн, галын бурхандаа дээж өргөөд битүүлэх ёслолыг үйлддэг.

Битүүний орой мөс тавих ёс

Монголчуудын эрт дээр үеэс дагаж ирсэн нэгэн ёс заншил бол Лхам хурах ёс юм. Энэ нь тухайн жилийн бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, ирэх онд ямар үйл хэрэг бүтээхээ даатгах ёслол юм. Мөн үүдний тотгон дээр мөс, будаа тавих бөгөөд Лхам бурхны хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөх тахилын дээж идээ гэж үздэг. Орчин үед мөсийг хөргөгчиндөө эсвэл тагтан дээрээ хөлдөөгөөд, жижиг хундга, тахилын аяганаас тавьж болох бөгөөд өмнө нь арвай, буудай өргөдөг байсан бол одоо ямар ч будааг өргөж болох аж. Лхам бурхан “Умаа хум” гэх хооронд ертөнцийг тойрон оддог хэмээх тул битүүний орой нар жаргахаас өмнө бүх тахил өргөж дуусгах ёстой гэж үздэг.

Битүүний зоог

Битүүний зоог нь битүү толгой эсвэл өвчүү байдаг ёсон бий. Өвчүү чанасан бол дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, богтос зэрэг мах тавьдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж, гургалдайгаар нар зөв ороон сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант, богтосны нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж, банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг билээ.

Битүүний өдрийн цээр

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр тул энэ өдрийг гэртээ халуун бүлээрээ ёслон тэмдэглэдэг. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Мөн айлд хонохгүй, зочин гийчин хүлээн авалгүй гэрийн бурхнаа тахидаг ёстой билээ.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээнэ.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэх бөгөөд айлчлан ирж буй жилдээ нийтээрээ өлсөхийн ёр хэмээн цээрлэж хоол ундыг тааруулан иддэг.
  • Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй хэмээдэг.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2 сар 28, 2025 10:34

ул �######� нэртэй гурлан тоосго хэнд хэрэгтэй юм бээээ

монгол
монгол
2 сар 28, 2025 10:36

бооооов гэдэг хүнсний нэр хориотой гэж ёоооо

Back to top button