Нүүрсний экспортын орлого нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 50 хувь буурахаар байна

Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын дотоодын төдийгүй, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ эрчимтэй буурч байгаатай холбоотойгоор энэ оны эхний хоёр сард нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар Хятадын Ганцмод боомтын агуулахад монголоос худалдан авсан нүүрсний бөөгнөрөл үүссэн хэвээр байгаа бөгөөд манайхаас татан төвлөрүүлсэн нүүрсийг дотоодын хэрэглэгчид рүү борлуулаагүй хэвээр байгаа аж.
Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл Ганцмод боомтын нүүрс худалдан авалт бүрэн тасрах эрсдэл бий. Өнөөдрийн байдлаар Хятадын талаас худалдан авч буй манай коксжих нүүрс Жинтан боомт дээр 107.7 ам.доллар бол Ганцмод боомтын агуулахын үнэ тонн нь 67.7 ам.доллар, түүхий коксжих нүүрсний үнэ 56.9 ам.доллар, 3/1 коксжих нүүрс 38.1 ам.доллар байна.

Хятадын талаас манайх руу тээврийн зардал өндөр тул нүүрсний үнийг дахин хямдруулах санал тулгадаг. Үүнээс шалтгаалан одоогийн байдлаар нүүрсний худалдан авалтаа үргэлжлүүлээгүй хэвээр буй. Оны эхний улиралын төгсгөлд нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 50 хувиар буурахаар байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.