СПОРТ

“BCH Knights” аяллаа өндөрлөж, ДеМаркус Казинс О.Эрдэнэцогтод хүндлэл үзүүллээ

BCH Knights багийнхан дээд лигийн аяллаа өндөрлүүллээ.

2024-2025 оны үндэсний дээд лигийн плэй-оффын цувралууд үргэлжилж буй. Хагас финалд шалгарсан багууд эхнээсээ тодорч байна.

Өчигдөр /2025.03.18/ BCH Knights болон Сэлэнгэ Бодонс багийн шийдвэрлэх тоглолт болов. Энэхүү тоглолтод Сэлэнгэ Бодонс ялалт байгуулснаар цувралыг 4/1 болгож, BCH Knights багийнхан хасагдав.

Энэ улирлын ширүүн тоглолт тэдний дунд өрнөсөн бөгөөд "Сэлэнгэ Бодонс" багийнхан НБА-ын алдарт тоглогч ДеМаркус Казинсыг легионер тоглогчоо болгож, илүү өрсөлдөөнтэй байв. Харин "BCH Knights" багийн хувьд улирлын эхэнд гурван ч удаа дасгалжуулагчаа өөрчилж, дотооддоо багахан асуудалтай байсан ч сайн тоглолтуудыг гаргасан юм.

Сүүлийн тоглолтын дараа ДеМаркус Казинс О.Эрдэнэцогтыг тэвэрч, хүндлэл үзүүлж буй нь үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөв. Цагтаа Леброн Жэймс, Кобе Брайнттай нэг талбайд хүч үзэж байсан тэр О.Эрдэнэцогтод хүндлэл үзүүлэв. Энэ нь "Газарчингийн ганц дайчин" гэж оюутан ахуй цагаасаа нэрлэгдсэн О.Эрдэнэцогтын сагсан бөмбөгт амьдралаа зориулсан хүч хөдөлмөрийн үр шим юм. Түүнд Демаркус Казинсаар зогсохгүй сагсан бөмбөгт хайртай, үнэнч фанатууд нь "MVP" хэмээн нэрлэж, хүндэтгэл үзүүлэв.

Энэ улиралд "BCH Knights" багаас хоёр тамирчин зодог тайлахаа мэдэгдсэн. "Алдар Танан Гарьд"-аас гараагаа эхэлсэн ОУХМ О.Ууганбаяр болон Б.Мөнхболд нар карьерынхаа сүүлчийн тоглолтыг өчигдөр хийв. Цагтаа "Алдар Танан Гарьд" дээд лигийн аваргын цомыг дөрвөн удаа өргөж байсан өрнүүн их түүхтэй.

Ард түмний "MVP" болох О.Эрдэнэцогт энэ улиралд багахан бэртэлтэй, дээд лиг, зүүн азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гээд ачаалал өндөртэй байсан. Гэхдээ тэр сүүлийн шийдвэрлэх тоглолтоор 39:13 минутын турш тасралтгүй талбай дээр тоглосон. Дөрөвдүгээр үеийн сүүлийн 02:30 минутад нийтдээ зургаан оноог авч, тэргүүлэх боломжийг олгосон. Хэдий сүүлийн есөн секундэд шийдвэрлэх гурван оноог алдаж, аялал энэ хүрээд өндөрлөсөн ч тэдэнд дараагийн улирал гэж бий.

Харин Сэлэнгэ Бодонс багийн тамирчид улирлын эхний үеийн үзүүлэлтээ сайжруулж чаджээ. Тэд хоорондоо ойлголцож, тамирчин тус бүр хувийн амжилтаа бага багаар ариулж буй. ДеМаркус Казинс болон Н.Батбаяр нарын ур чадвар илүү нийлж, сүүлийн тоглолтуудыг улам өнгөлөг болгож буй. Мэдээж улирлын эхэнд дуулиан, шуугиантайгаар 400 сая төгрөгийн гэрээгээр орж ирсэн А.Базаргүр ч хувийн амжилтуудаа ахиулсан харагдана.

Үндэсний дээд лигийн хагас финалд Аваргууд болох Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонсынхон учраа ёсоор тоголно. Тэдний хэн нь ялалт байгуулж, гранд финалд өрсөлдөх нь таамаглахын аргагүй.

Харин өнөөдөр /2025.03.19/ бас нэгэн сонирхолтой тоглолт өрнөнө. "SG Apes" болон "Эрдэнэт Майнерс"-ын дунд өрсөлдөөн эхэлнэ. Одоогийн байдлаар "SG Apes" 3/2 гэсэн харьцаатайгаар цувралыг тэргүүлж буй. Тэд маргааш ялбал хагас финалд шалгарч “Бишрэлт Металл” багтай финалын төлөө өрсөлдөнө. Харин "Эрдэнэт Майнерс" ялалт байгуулвал цувралын харьцаа 3/3 болж, дахин тоглолтын тов гарах юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 19, 2025 08:14

Хоёр багын гоё тоглолт болсоон

Иргэн
Иргэн
3 сар 19, 2025 08:22

Бүүгии байгаагүй бол бодонч будаа болох нь харагдаж байлаа . BCH баг маш сайн тоглож байлаа.Ард түмний МУР Эрдэнэцогт жинхэнэ МУР гэдгээ харуулж хүндлүүлж чадлаа.Дараа улир�##�д BCH баг илүү эрч хүч амжилтай оролцоорой

Buuх
Buuх
3 сар 20, 2025 08:58

Аавдаа тэврүүлсэн хүү шиг

Холбоотой мэдээ

Back to top button