Хууль: Бооцоот таавар, хонжворт сугалаанд донтсон иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулж болно

Энэ 7 хоногт нээлтээ хийсэн УИХ-аар Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх товтой байна.
Уг хуулийн долоодугаар бүлгийн 20.1 дэх хэсэгт "Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны ажиллагаа эрхлэгч нь спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна" гэж заажээ.
Мөн 20.2 дахь хэсэгт "спорт бооцоот таавар, хонжворт сугалааны сөрөг үр дагавраас сэргийлэх зорилгоор оролцогчийн гэр бүлийн гишүүн оролцогчийг спорт бооцоот таавар, хонжворт сугалаанд донтсоны улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн аль нэг гишүүн мөрийтэй тоглоомд донтох үзэгдэл гарвал тухайн гэр бүлийн гишүүний үл хөдлөх хөрөнгөө зарах, бусдад шилжүүлэх эрхийг нь хязгаарлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан байна. Өөрийнх нь нэр дээр байсан ч бие даан шийдвэр гаргах боломжгүй аж.
Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.