УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайдтай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын талаар ярилцжээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2025.04.18/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуаньтай Төрийн ордонд уулзалт хийжээ.

Талууд уулзалтын эхэнд хоёр улсын тээврийн салбарын сүүлийн хугацаанд болж өрнөсөн үйл явдлуудын үр дүн болон явц байдалд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд харилцан мэдээлэл солилцож ярилцсан байна.

Тус уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгууламжийг барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлын талаар санал солилцсон бөгөөд Зам тээврийн сайдын зүгээс Монголын талаас уг нээлтийн ёслолын ажиллагааны бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр, Монгол Улс энэ том үйл явдалд онцгой анхаарч Засгийн газрын тэргүүн, холбогдох сайд нар зэрэг өндөр түвшинд оролцохоор бэлтгэж байгаа тул харилцан хүндэтгэлтэй хандаж, Хятадын талаас мөн зохих түвшний албан тушаалтнуудыг оролцуулахад Элчин сайдын зүгээс анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайдын зүгээс сайдын өгсөн мэдээллийн дагуу Хятадын Гадаад харилцааны яам болон Хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллагуудад Монголын талын санал мэдээллийг шуурхай дамжуулан өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

БНХАУ-ын зүгээс дэлхий дахины худалдаа, эдийн засгийн хэвийн үйл явцад тогтворгүй, тодорхой бус нөхцөл байдал бий болж буй энэ цаг үед хөрш зэргэлдээ орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэн өргөжүүлэхэд анхаарч буй талаар хэлж, энэ бодлого чиглэл нь Монгол Улстай явуулж буй харилцаатай бүрэн нийлж байгааг онцлон тэмдэглэв.

Талууд ирэх сард  хийхээр төлөвлөж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын байгууламжийг барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны бэлтгэлийн талаар тогтмол мэдээлэл солилцож, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзаж шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button