ЭДИЙН ЗАСАГ

Алтны араас кофены үр үнэд орж байна

Кофе нь түүхий газрын тосны дараа дэлхийд хамгийн их арилжаалагддаг хоёр дахь түүхий эдийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд дэлхий даяар бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон. Иймээс өдөр ирэх тусам кофены эрэлт хэрэгцээ өссөөр байна.

Энэ оны эхэнд арабика сортын кофены үнэ түүхэн дээд түвшиндээ буюу 7910 ам.долларт хүрсэн юм. Жилийн өмнөхөн нэг тонн нь 6999 ам.доллартой байсан бол ийн өнгөрсөн оны гуравдугаар улиралаас үнэ нь өсөж эхэлсэн билээ. Харин робуста сортын кофены үнэ 5545 ам.долларт хүрэв.

Бразил, Вьетнам зэрэг дэлхийн гол экспортлогч орнуудад хэт халалт, хуурайшилт эсвэл үер усны гамшиг зэргээс шалтгаалан кофены ургац эрс багасах нөхцлүүд үүсэх болсон. Тухайлбал, Бразилид 2021 онд болсон цаг агаарын эрс хүйтэн, 2023 онд тохиолдсон ган гачиг зэрэг нь кофены модны ургалт, ургац хураалтад ч ихээхэн хохирол учруулсан юм.

Мөн тээвэрлэлтийн асуудал өнөөг хэр бэрхшээл болсон хэвээр бөгөөд далайн тээвэр саатсанаас үүдэлтэйгээр тээвэрлэлтийн зардал өсөх зэрэг нь кофег хэрэглэгчдэд хүргэх хугацаа, өртгийг нэмэгдүүлдэг. Панамын суваг, Суэцийн суваг дээрх түгжрэлүүд болон зүүн Африк дахь иргэний дайн, улс төрийн тогтворгүй байдал нь тээвэрлэлтэд голлох нөлөөг үзүүлсэн хэвээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр Бразилийн реалын ханш 2 долоо хоногийн дээд түвшинд хүрч чангарсан учир кофены экспортлогч фермерүүдэд доллараар авах ашиг багасах тул тэд экспорт хийхээс зайлсхийх болсноор арабика сортын кофены үнэ 2.96 хувиар өсжээ.

Энэ оны кофены үнийн өсөлт

Rabobank банкны тайланд дурдсанаар:

2025/26 оны Бразилийн арабика ургац 13.6% буурч, 38.1 сая уут болох төлөвтэй байна. Үүний шалтгаан нь цаг агаарын хэ хуурайшил бөгөөд арабика ургамлын цэцэглэлтийн шатанд сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

Кофены хэрэглээний өсөлт хамгийн эрчимтэй явагдаж буй улс орнуудын тэргүүн эгнээнд БНХАУ, АНУ, Герман, Итали, Франц, Япон, Канад багтаж байна.

Дэлхий дээр алтны ханш түүхэн дээд түвшнээ шинэчлэн, нэмэгдсээр байгаа бол үүний араас кофе жагсаж байна. Үнийн өсөлтийн хурдаараа алттай эн зэрэгцэхүйц бүтээгдэхүүний тоонд ийн кофе зүй ёсоор орж буй билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button