Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэхээр маргааш санал хураахаар болов

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцсэн билээ.
Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулсан юм.Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэлж, асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа,
Сэтгүүлчид өөрийн цахим хуудас, хаягтаа нийтэлсэн мэдээ мэдээлэлдээ хариуцлага тооцох эсэх гол асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулахын зэрэгцээ төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглохоор тусгажээ. Мөн хуулийн төслийн 4.1.3-т хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн цахим хуудсыг гэж ойлгоно гэхээр төрийн бүх байгууллага цахим хуудас, пэйж хуудсаа хаах уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
Хувь сэтгүүлчийг хэрхэн ёс зүйтэй байлгах вэ гэдэгтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулаагүй. Энэ асуудал Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуулиар зохицуулагддаг гэв. Мөн тэрбээр, хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Тиймээс төрийн байгууллага мэдээллээ хүргэхдээ хэвлэлийн төлөөлөгч, цахим хуудсаараа дамжуулах бүрэн боломжтой. Гагцхүү татварын төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг, рийл, нэвтрүүлэг хийх зэргээр бүтэн редакци ажиллуулаад үүнийг дахиад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байдлыг таслан зогсоох асуудлыг тусгасан. Тусгайлан сурталчилгаа хийх шаардлагатай бол үүнийгээ нээлттэйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сонгон шалгаруулалтыг явуулж, гэрээ хийнэ гэж төсөлд тусгасан
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа,
Эрүүгийн хууль болон бусад хуулиар сэтгүүлчдийг барьж хорьж, хэлмэгдүүлж байгааг нэг бус гишүүн хэллээ. Нийт хэчнээн сэтгүүлчид хуулиар ял шийтгэл эдэлж, хэлмэгдсэнийг тодруулахын зэрэгцээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас сэтгүүлч, редакцийн хэвлэн нийтлэхтэй холбоотой хариуцлага хүлээх заалтыг хасаж, Иргэний хууль, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ажлын хэсгээс манай байгууллагын хувьд дөрвөн жилийн өмнө сонгуулийн үеийг хамруулаад Эрүүгийн хуультай холбоотойгоор маргаанд орсон 206 хэргийг судлахад үүний 18 хувь нь сэтгүүлч, 80 гаруй хувь нь иргэд хоорондын асуудал байсан. Тэрхүү 18 хувиас Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн нь цөөхөн байсан ч сүүлийн үед энэ тоо ихсэж байгаа. Үүний цаана сэтгүүл зүйн үйл ажиллагааг Эрүүгийн хууль, Иргэний хуулийг ашиглан айлгах, дарамтлах, хэм хэмжээ тогтоох явдал гарч байна. Иймд сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой алдааг олон улсын жишгээр ёс зүйн хүрээнд шийддэг зөөлөн зохицуулалт руу шилжих нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу,
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн зүгээс эрх чөлөө нэмж хүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдэлье гэж байгааг дурдаад ер нь эрх чөлөөг хуульчлах тусам хумигдана. Тиймээс би Засгийн газраас төслөө татаж авч, асуудалд ул суурьтай хандахыг хүсэж байна.
Гишүүд хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын зохицуулалт гэсэн агуулгаар нь хоёр хувааж, тус тусад нь хуулийн төсөл боловсруулах, мөн төсөлд ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан 5 дугаар зүйлийг хасах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч хэвлэн нийтэлсний төлөө Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй байх олон улсын жишгийг нэвтрүүлэх шаардлагатай талаар саналаа хэлсэн юм.
Гишүүд саналаа хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр маргааг санал хураана гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.