НИЙГЭМНийгэм мэдээ

Бурхан багшийн дүйчэн өдрийн ёслолд НҮБ-ын зохицуулагч Яаап ван Хиердений оролцож, үг хэлжээ

Бурхан багшийн дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яаап ван Хиердений үг хэлсэн байна.

Тэрбээр, “Гандантэгчинлэн хийдийн хамба лам, Эрхэм Лхаарамба Жавзандорж танаа, Эрхэм хүндэт лам хуврагууд, сүсэгтэн олон танаа, Хүндэт зочид, Ноёд хатагтай нар аа

Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, мөнх бусыг үзүүлсэн Их дүйчэн өдрийг тохиолдуулсан энэхүү ёслолд Гандантэгчинлэн хийдийн ариун дагшин номын хүрээнд Та бүхэнтэй хамт оролцож буй нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд ихэд талархан хандаж байна.

Өнөөдрийн энэ цаг мөч бол зөвхөн оюун бодлын эргэцүүлэл төдийгүй Бурхан багшийн сургаалын гол үнэт зүйлс болох энэрэн нигүүлсэхүй, мэргэн ухаан, амар амгаланг хүндэтгэн бишрэх их хүндэтгэл, баяр цэнгэл юм.

Эдгээр сургаал нь НҮБ-ын эрхэмлэх үнэт зүйлстэй гүн гүнзгий нийцдэг билээ. Ээдрээтэй, харилцан уялдаатай сорилтуудтай нүүр тулж байгаа энэ цаг үед Бурхан багшийн сургасан хүлээцтэй байдал, хүчирхийллээс ангид байх, бусдын төлөө үйлчлэх тухай захиас нь хүн төрөлхтний үзэл санааны нэгэн чиглүүлэгч гэрэл болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ жилийн илгээлтдээ онцолсон юм. Энэ бүхэн хийсвэр үзэл санаа төдий биш, харин энэ цаг үеийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслах бодит зарчмууд юм.

Олон зуун жил уламжлагдан хөгжсөн Монголын Буддын шашны баялаг өв соёл нь энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн эрэл хайгуулд итгэл найдварын гэрэл болдог. Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болох санаачилга гаргаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тууштай хувь нэмэр оруулж, шашин хоорондын яриа хэлэлцээг зохион байгуулах зэргээр үргэлжид энх тайвныг эрхэмлэгч улс болохоо нотолж байна. Энэ бүхэн нь Их дүйчин өдрийг илэрхийлэх эв найрамдал, амар амгалантай төгс нийцэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаарх та бидний хувь нэмэр, амлалтыг сайшааж байна. Гэсэн хэдий ч зарим сорилтууд тулгарсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт нүүдлийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байна. Тэгш бус байдал хөдөө нутагт гүнзгийрч байна. Иймд аливааг энэрэн нигүүлсэх, мэргэн ухааныг шүтэх, зохист тэнцвэрт, шударга ёс, даван туулах арга ухааныг эрхэмлэхийг Бурхан багшийн сургаал бидэнд сануулдаг билээ. Энэ бүх хүчин чармайлтад сүсэгтэн олон чухал үүрэг гүйцэтгэнэ. Та бүхэн бол сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид, байгаль орчныг хамгаалагчид мөн амар амгаланг сахиулагчид юм. Бодлого, хөтөлбөрийн хэрэгжүүлж үл чадах арга ухаанаар та бүхэн бусдын зүрх сэтгэлд хүрч чадна. Тиймээс шударга, хүртээмжтэй, тогтвортой дэлхийг бий болгоход та бүхний манлайлал чухал билээ.

Өнөөдөр бид Бурхан багшийн сургаалыг хүндэтгэхийн хамт энх тайван, шударга ёс, хүн хэмээх эрхэм чанарын талаарх амлалтаа дахин эргэцүүлье. Мэргэн ухаан, энэрэн нигүүлслийг эрхэмлэн хэнийг ч орхигдуулахгүйгээр хамтдаа хөгжицгөөе. Энх тайван нь гэрээ хэлэлцээр эсвэл байгууллагуудаас бус гагцхүү хүний зүрх сэтгэлээс эхэлдэг болохыг санацгаая.

Эцэст нь Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон та бүхэн болон нийт Монголын ард түмэнд гүн хүндэтгэл илэрхийлье. Их дүйчэн өдрийн гэрэл гэгээ бидний урагшлан хөгжих замыг гэрэлтүүлэх болтугай. Баярлалаа” гэжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button