АНУ яагаад Иранд цохилт өгсөн бэ

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн гэж Доналд Трамп бямба гарагт /2025.06.21/ мэдэгдсэн. Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авсныхаа дараа Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь талаар тохиролцоонд хүрэхээр шахалт үзүүлж эхэлсэн юм. Түүний зорилго бол Иран ураныг цөмийн бөмбөгт ашиглах түвшинд ойртуулж баяжуулж буйг зогсоох байсан.
Олон улсын цөмийн энергийн агентлаг хоёрдугаар сард Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэх түвшинтэй ойролцоо баяжуулсан ураны нөөц огцом нэмэгдсэн гэж анхааруулсан юм. Техран өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард ураны баяжуулалтаа хурдасгана гэж мэдэгдсэн билээ.
Байгаль дээр уранд 234, 235, 238 гэсэн атом масстай изотоп бий. Изотоп гэдэг нь ижил тооны протонтой ч нейтроны тоо өөр элементүүдийг хэлдэг. Байгалиас олборлосон уран дотор дээрх гурван атом масстай изотопууд бий. Ураныг баяжуулна гэдэг нь 235 атом масстай ураны изотопын эзлэх хэмжээг нэмэхийг хэлнэ. Цөмийн зэвсэг ураныг ашиглахын тулд 90 хувь хүртэл баяжуулах ёстой байдаг. Иран иргэний хэрэглээнд зориулж ураныг баяжуулж байгаа гэх байр суурийг илэрхийлдэг. Харин Вашингтон болон бусад барууны орнуудын үзэж буйгаар иргэний хэрэглээнд ураныг 60 хувь хүртэл баяжуулах ямар ч шаардлага эсвэл үндэслэл байхгүй.

Гуравдугаар сарын эхээр Трамп Иранд захидал илгээж, цөмийн хөтөлбөрийн шинэ тохиролцоонд хүрэх хэлэлцээнд оролцохыг уриалсан. Захидал илгээхээсээ хэдэн хоногийн өмнө Трамп “Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх хоёр арга бий: Цэргийн аргаар эсвэл гэрээ байгуулна” хэмээсэн байна. Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй Трампт хариу өгөхдөө дээрэлхүүлж хэлэлцээ хийхгүй гэсэн юм.
Мөн Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян “Тэд тушааж захирахын хажуугаар заналхийлэх нь бидний хувьд хүлээн зөвшөөршгүй зүйл. Би тантай хэлэлцэх ч үгүй. Хүссэн бүхнээ хий” хэмээсэн юм. Гуравдугаар сарын сүүлээр Трамп хэлэхдээ, хэрвээ Иран тохиролцоонд хүрэхгүй бол бөмбөгдөж, хоёрдогч хориг тавина гэж сүрдүүлсэн. Ийнхүү үг хаялцсаар Вашингтон, Техран хоёр энэ жил хэд хэдэн удаа хэлэлцсэн юм. Гэвч амжилтад хүрээгүй.
Цөмийн хөтөлбөрийн маргаан 2018 оноос эхтэй
Трампын зорилго бол 2015 онд Ирантай хийж байсан Хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй (JCPOA) ижил гэрээ хийх юм. Сонирхолтой нь Трамп 2018 онд буюу анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тус гэрээг нэг талыг баримталсан хэмээн АНУ-ын татан гаргаж байсан.
АНУ “JCPOA”-нөөс гарсныг хэд хэдэн орон, олон улсын байгууллага шүүмжилсэн. Харин Израил, Саудын Араб гэх мэт бусад холбоотон орнууд үүнийг нь дэмжсэн байр суурь илэрхийлсэн юм. Тус тохиролцооноос гарснаасаа хэдэн сарын дараа Трамп Иранд дээд зэргээр дарамт үзүүлэх бодлогыг эхлүүлсэн байдаг. АНУ Ираны санхүү, газрын тос, далайн тээвэр болон Техрантай бизнес эрхэлдэг гадаад компаниудад 1,500 гаруй хориг тавьсан.
Жо Байден 2021 онд төрийн эрхийг хүлээн авсныхаа дараа дээд зэргээр шахалт үзүүлэх бодлогыг зөөлрүүлсэн. Байден дипломат аргаар цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхээр зорьж байсан ч хориг арга хэмжээг Ираны тодорхой салбаруудад үргэлжлүүлсэн юм.
Трамп энэ жил ажлаа хүлээн аваад дээд зэргээр шахалт үзүүлэх бодлогоо дахин эхлүүлсэн. Бодлогоо дахин явуулж эхэлснийхээ дараа тэр Иран тохиролцоонд хүрэхгүй бол гамшигт үр дагавар ирнэ гэж анхааруулжээ. Цөмийн хөтөлбөрөөр хэлэлцэхийн тулд Трамп оноосон хоригоо цуцална гэх баталгаа авахыг Иран хүсэж байсан.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багаэй энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр бол хэрхэн хоригоо сулруулах вэ гэдгээ АНУ тодруулах ёстой хэмээсэн юм. Багаэй хэлэхдээ “Хориг арга хэмжээг дуусгана гэх бодит баталгаа шаардлагатай. Мөн хоригийг хэрхэн цуцлах талаар мэдээлэл хэрэгтэй” гэсэн.
Израил цохилт өгснөөр асуудал хурцдаж, АНУ Израилыг дагах шийдвэр гаргасан
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ тохиролцоонд хүрч чадахгүй бол цэргийн мөргөлдөөн гарч магадгүй гэж дөрөвдүгээр сарын эхээр анхааруулж байсан.
Тэгвэл Вашингтон, Техран хоёрын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ зогсонги байдалд орсон үед Израил Ираны атомын байгууламжуудад цохилт өгч эхэлсэн юм. Иран цөмийн зэвсэгтэй болоход маш ойртсон байгаа хэмээн Израил зургаадугаар сарын 12-нд Ираны хэд хэдэн байршлыг бөмбөгдсөн. Гэхдээ Техран уран баяжуулж байсан гол гурван байгууламж болох Натанс, Исфахан, Фордовыг бөмбөгдөх хүчин чадал Израил байгаагүй юм. Учир нь тэдгээр байгууламжууд газрын гүн байрладаг.
Тус гурван байгууламжуудад зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчинд л байдаг онгоц болон бөмбөгөөр цохилт өгөх боломжтой байсан. Ийм учир Израил АНУ-ыг мөргөлдөөнд оролцохыг уриалж, лоббидож ажилласан юм.
Цохилтоос өмнөх өдрүүдэд Израил Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдөхийг Трамп эсэргүүцэхээргүй болсон байсан гэж Америк болон Израилын эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна.
Израил, Ираны мөргөлдөөний долоо дахь өдөр Трамп Техранд хоёр долоо хоногийн хугацаа өгсөн. Ингэж хугацаа өгөхөөсөө өмнө Трамп Техранаас хүн болгон яаралтай нүүн суурьш хэмээн анхааруулж, Иран болзолгүйгээр бууж өгөхийг уриалсан юм.
Трамп хоёр долоо хоногийн хугацаа өгснөөсөө хоёр хоногийн дараа буюу мөргөлдөөний ес дэх өдөр Иранд цохилт өгсөн. Шинжээчид энэхүү цохилтыг Трампын авсан хамгийн том эрсдэлтэй алхам, бооцоо гэж үзэж буй. Зарим америкчууд болон Конгрессын гишүүд Трамп энх тайвныг эрхэмлэнэ гэсэн хэр нь гаднын оронд цохилт өглөө гэж шүүмжилж байгаа юм. Мөн энэ цохилт Үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж сөрөг хүчний хууль тогтоогчид мэдэгдсэн. Нөгөө талдаа Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд ийм цохилтыг өгөх шаардлагатай байсан гэж хүмүүс үзэж байна. Хойд Солонгост ийм цохилт өгөөгүй учир одоо тэд цөмийн зэвсэгтэй болсон хэмээн зарим америкчууд сошиал орчинд сэтгэгдлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters, France24, Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЕРИКИЙН ТЭНЭГҮҮД СОЛИОРХОО БОЛЬЦГОО,. АМЕРИК БОЛОХООР ЦӨМИЙН БӨМБӨГТЭЙ БАЙЖ БОЛДОГ. БУСАД УЛС ОРОН БОЛОХООР БОЛДОГГҮЙ. ИЙМ ТЭНЭГ ДЭЭРЭЛХЭЛТЭЭ АМЕРИКИЙН ЭХ ОРОНГҮЙ ЦАГААЧ СДААНУУД БОЛЬЦГОО. ДЭЛХИЙН БҮХ ОРОН ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ УРАНАА ГАРГА, ИД, ХОРД. ТЭНЭГ ЭТГЭЭДҮҮДЭД ЭНЭЭС ӨӨР ЮУЧ ХЭРЭГГҮЙ. МАНАЙ МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН НЭГ САЙХАН ДӨРВӨН МӨРТЭЙ ХЭЛЦ ҮГ БАЙДАГ. "ИДЭХ ХОЛЛ ИХ БАЙВЧ, ТҮҮНИЙГ ИДЭХ ХОДООД НЬ ХЭМЖЭЭТЭЙ. ЭДЛЭХ ЭРХ ЯМБА НЬ ИХ БОЛОВЧ ХАШИХ АЛБА НЬ ХУГАЦААТАЙ. АВАХ ШУНАЛ ИХ БАЙЛААЧ АТГАХ ОЛЗ НЬ ХЭМЖЭЭТЭЙ. АМЬДРАХ ХҮСЭЛ ИХ БАЙЛААЧ НАСЛАХ ТОО ХЯЗГААРТАЙ" ИЙС ГОЁ ҮГИЙГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВ.