А.Энхжин: Гадаад валютын улсын нөөц 5.1 тэрбум ам.доллар байгаа. Оны төгсгөл рүү тогтвортой өснө

Өчигдрийн /2025.07.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг валютын нөөцөө алдаатай хэлсэн гэх шүүмжлэл хөврөөд байна. Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин дараах тодруулгыг өглөө.
Тэрбээр, "Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ энэ оны зургадугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.доллар, өчигдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 5.1 тэрбум ам.доллар байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр 5.2 тэрбум гэхийг 2.5 тэрбум гээд санамсаргүй хэлснийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөөц буурсан мэтээр мэдээлж байна. Тэгэхээр миний дээр дурдсанчлан гадаад валютын албан нөөц өчигдрийн байдлаар 5.1 тэрбум ам.доллар байна. Оны эхнээс авч үзвэл, 2024 оны жилийн эцэст гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар байсан. Энэ оны нэгдүгээр улиралд гадаад дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан 4.7 тэрбум ам.доллар болж, буурсан. Харин түүнээс хойш нөөц тогтвортой нэмэгдсээр 5.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Нөөц ийнхүү нэмэгдэхэд голлон нөлөөлсөн хүчин зүйлс нь Засгийн газраас тусгайлсан ажлын хэсэг гараад, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авсан. Үүнд нь Монголбанк ч бас хамтран ажилласан. Оны эхнээс Монголбанк алтны мөнгөжүүлэлтээр нөөцийг 400 орчим сая ам.доллароор нэмэгдүүлээд байна. Холбооны нөөцийн банктай байгуулсан Фима хэлцэл буюу репо хэлцлийн хүрээнд нөөцийг 450 орчим сая ам.доллароор өсгөсөн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Хөгжлийн банк 350 сая ам.долларын бонд гаргасан. Бондын 340 сая ам.долларын эх үүсвэр өчигдөр орж ирсэн. Эдгээр бүх хүчин зүйлсийн үр дүнд Монгол Улсын гадаад валютын нөөц тогтвортой нэмэгдэх хандлагатай байна. Цаашид бидний харж байгаагаар энэ оны нэгдүгээр улиралд гарч байсан эдийн засгийн хүндрэлтэй байдлууд тогтворжих, мөн Хятадын эдийн засагт сэргэх хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр оны төгсгөл рүү нөөц тогтвортой өсөж, төлбөрийн тэнцлийн алдагдал ч бас буурах болов уу гэж харж байгаа" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 тэбумд хүргэх хэрэгтэй шүү