Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Э.Улаанхүү: Сайхан хар азаргаараа олонд хүндлэгдэж, түмний ерөөлөөр дахин даага айрагдууллаа

Хоёр жил дараалан улсын баяр наадамд морь аймагдуулсан Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүг шагналаа аваад төв цэнгэлдэхээр гарч явах зуурт хэдэн хором ярилцлаа.

-Улсын наадамд даага аман хүзүүдүүлсэнд баяр хүргэе. Та Улаанбаатарт хэзээ ирэв?

-Баярлалаа. Та бүхэн сайхан наадаж байна уу. Хотод үүрээр ирж, морио уралдуулаад аман хүзүүдлээ.

-Өчигдөр Дундговийн наадам болж байсан. Аймагтаа хэдэн айраг, түрүү хүртсэн бэ?

-Аймгийн наадамд манай гал сайн уралдсан. Гурван түрүү, долоо, найман айраг авсан. Говийн гал уяа маань энэ жил өнгөтэй байх шиг байна. Төрийн наадмаас бас айраг авлаа. Миний хувьд Дундговьд сонгомол гурван нас түрүүлүүлсэн. Хоёр их морь орсон. Даага айрагдсан. Хязаалан айрагдсан амжилттай оролцлоо.

-Маргааш нь улсад ирж уралдаж, Дундговийн наадмаас шууд даагаа ачаад ирсэн гэсэн үг үү?

-Тэглээ. Наадам тараад л наашаа гарсан. Гэртэй ч ороогүй л явж байна.

-Таны хувьд хоёр дахь жилдээ улсын наадамд морь айрагдуулж, төв цэнгэлдэх хүрээлэнд орж, шагналаа хүртлээ. Сэтгэгдэл ямар байна.

-Сайхан байлгүй яах вэ. Уяач хүний хамгийн гол зорилго төрийн наадамд морь айрагдуулах байдаг. Зорьсон зорилгодоо хүрэх үгээр хэлэх араггүй сайхан байна. Монголын ард түмэн минь дандаа л миний морийг хурдан байгаасай ерөөж байсан энэ хоёр жил. Тэр ард түмний маань хүсэл, ерөөлөөр боллоо.

-Сүүлийн үед "морь уян гэдэг мөнгөтэй хүний л ажил болсон" гэж шүүмжилдэг боллоо. Хотноосоо морио хөтөлж ирээд амжилт гаргаж буй уяачийн хувьд уг асуудал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би ч гэсэн мөнгөтэй. Мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай өв соёлоо тээж яваа тэр сайхан эрчүүдийг тэгж харах дэмий шүү дээ. Эр хүн дуртай зүйлээ хийгээд явж байхад баян байх, ядуу байх нь хамаагүй. Юмыг тэгж харж болохгүй.

-Та маргааш болох уяачдын наадамдаа оролцох уу. Одоо шууд нутаг явах уу?

-Одоо нутгийн зүг явна аа. Харья даа.

-Энэ жил бусад бүс, аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд оролцох уу?

-Явна даа. Морьд маань хурдан байгаа. Гэрт байгаа морьдоо бүсийн наадамд авч явж уралдах санаатай байна. Манай Дорноговь аймаг энэ жил Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулна. Тийшээ эхлээд явахаар ганц, хоёр морь бэлдсэн.

-Та дараа жилийн наадамд ирэх үү?

-Ирэх санаатай л байна.

-Бидний мэдэхээр таны морьд сүүлийн хоёр жил их өнгөтэй уралдлаа. Ямар угшлын морьд вэ. Таны хувьд бас хэдэн жил морь уяж энэ ажилтад хүрэв?

-Багаасаа л морь малтай ойр байж, уяа сойлго тааруулах ажилд тусалж ирсэн. Бие дааж морь уяад 10-аад жил болж байна. Манай морьд говийн гал уяаных. Дундговь аймгийн алдарт уяач Б.Ариунболд ахын маань бий болгож байгаа адуун сүргийн угшилтай. Сүүлийн хоёр жил угшил сайтай морьдоороо сайхан уралдаж байна. Манай гал уяаныхан цөөрсөн адуу, малаа сайжруулж авч явдаг онцлогтой.

-Морио зараач гэж үнэтэй санал тавилаа гэж сонсогддог. Та ер нь хурдан морио зарах уу?

-Би өөрөө морь зарах түвшний уяач болоогүй. Одоохондоо бас адуу малаа зарж үрье гэсэн бодол байхгүй.

-Танай удамд бас уяач байсан. Таныг үргэлжлүүлэн залгамжилж яваа гэж нутгийн ард олноос сонсож байлаа. Та хэний халааг үргэлжлүүлж яваа вэ? 

-Манай өвөө, аав болон хадам аав гээд бүгд морь уядаг удмаараа уяач, малчин хүмүүс байдаг. Би ч энэ уламжлалаа дагаж малаа маллангаа морь уяж явна.

-Уяач удмынх нь залгамж халааг танаас авах сонирхолтой хүүхэд байдаг уу. Уяа сойлгод хүүхдүүд нь тусалж байна уу?

-Би дөрвөн охинтой. Манай унаач хүү л надаас залгамжилж морь уях байх. Бараг миний хүү байгаа юм. Зургаан жил морийг маань унаж байна. Охидууд минь бас морь уях гээд сонирховол болохгүй юм байхгүй. Наадам, уяанд бол зарим нь дагаад явдаг л юм. Гэхдээ одоохондоо бүгдээрээ бага болохоор мэдэгдэхгүй л байна. 

-Морь уян гэдэг бүтэн жилийн хөдөлмөр байдаг. Ер нь танайх ам бүлээрэй тойрч суугаад наадмаа үзэх завшаан гардаг уу. Жил болгон морь уяад завгүй өнгөрүүлж байна уу?

-Ам бүлээрэй тойрч сууж үзсэн наадам ер санаанд орохгүй байна. Би чинь хавар ногоонд гараад намар л гэртэй очдог хүн шүү дээ. Жил болгон яг адилхан. Тэгж л уйгагүй хөдөлмөрлөж, цаг наргүй ажиллаж байж үр шимийг нь хүртэж, амжилт гаргана.

-Хоёр дахь жилдээ улсын наадамдаа морь айрагдууллаа. Гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцсан уу. Гэрийн хүн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхнэртэйгээ утсаар ярьж хэлсэн. “Баяр хүргэе” гэж байна. /инээв/

-Арав гаруй жил морь уяхдаа хүүхэд, морь хоёрын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ирэв. Хүүхэд эндэх тохиолдол жил бүр гардаг. Сайхан морьд барианд оролгүй бахардаж унах гэхчлэн уяа сойлго таараагүйн дутагдал гарсаар л байна.

-Хүүхдийн асуудал нэгдүгээрт байх ёстой. Унаач хүүгээ сайн морь унуулж, унах моринд нь дасгаж чадвар суулгахаас аюулгүй байдлын асуудал эхэлнэ. Энэ тал дээр сайн бэлддэг. Сургаагүй бол ямар ч хүүхэд мориноос унах эрсдэлтэй. Морь ч ялгаагүй эртнээс явдал, хоолыг нь тааруулах ёстой. Энэ хоёр бол тухайн уяачийг хариуцлагын асуудал.

-Уяач хүний хувьд өвөл, хаврын морин уралдаанд хүүхдээр морь унуулахгүй гэдэг дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би өөрөө уяач хүн. Хар багаасаа л морин дэл дээр давхиж өссөн. Буруу юм болоогүй л байна. Байсан юм байснаараа байвал зүгээр санагддаг. Яг өвөл уралддаг хууль бас байхгүй шүү дээ. Хаврын урь унаж, шинийн 15 болохоор уралдаж эхэлдэг. Маргаан дагуулаад эхлэхээр сүүлдээ хаврын уралдааныг угаасаа сонирхохоо больж байгаа. Уяач бид нар чинь хэрүүл, хэл амны шинжтэй зүйлд дургүй улсууд шүү дээ.

-Одоо ер нь хаа ч явсан хүмүүс таньдаг болсон байх?

-Танина аа. Ард түмэндээ хүндлэгдэж явах сайхан. Гол нь итгэлийг нь дааж сайн уяач болоод урдхаа хийгээд зөв явах ёстой.

-Өмнөх жил бас оддын сагсанбөмбөгийн тэмцээнд оролцсон. Тань руу энд, тэндээс их ярьж байна уу?

-Ярина шүү. Би гэхдээ янз бүрийн юманд оролцдоггүй. Ер нь жаахан дургүй. Сагсны тэмцээн бол нэг тийм зүйл болчихсон. /инээв/

-Танд мориноос өөр сонирхдог зүйлс бий юу?

-Хүн л юм чинь янз бүрийн юм сонирхоно. Гэхдээ одоо ихэвчлэн завгүй байдаг болохоор сонирхлуудаа бараг мартаж байх шиг байна. Би Дундговийнхоо нэгдүгээр арван жилд суралцаж төгссөн. Арван жилдээ зураг зурдаг. Дуулдаг хүүхэд байсан. Гэхдээ аймгийнхан маань гоё дуулдгаараа нэртэй. Хамгийн муу нь л би байх. /инээв/

-Сургуулиа төгсөөд шууд мал дээр гаржээ?

-Тийм. 2004 онд мал дээр гарсан. Одоо 24 жил болсон байна. Багаасаа л аав, ээж дээрээ хөдөө байх дуртай байсан. Төгсөх үед сургуульдаа жаахан дургүй байсан болохоор шууд малчин болно оо гээд гарчихсан юм.

-Та наадамчин олондоо хандаж ерөөл хэлээч. Амжилт гаргасан олон алдарт уяач байдаг. Тэр дундаас таныг анхны амжилтаар нь өлгийдөж аваад, ард түмэн арай илүү анхаарч, хүндэтгэдэг зүйл ажиглагддаг.

-Тэгэлгүй яах вэ. Сайхан хар адууны буянд би монголын ард түмэндээ хүндлэгдсэн уяач болсон. Хоёр жил ард түмэн маань сошиалд намайг магтаж маш их урамшуулсан. Тэрний буянд миний морьд хурдан байж, гал уяаныхан маань амжилттай явдаг байх гэж боддог. Монголын ард түмэндээ баярлаж явдаг шүү. Та бүхний буян заяа дэлгэрч явах болтугай гэж хүсэн ерөөе дөө.

-Ярилцсанд баярлалаа. Та сайхан наадаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 13, 2025 10:48

Даруу төлөв хүн даруухан сайхан ярих юмаа. Баяр хүргэе

Зочин
Зочин
7 сар 13, 2025 10:58

Сүрхий эр юм, говь нутгийн ховорхон хэдүй ч шимтэй таана шиг з�##�уу байна. Сурв�##�жлагч нь гологдоод олигтой ярихгүй юм байна. Ядаж нийтэд тавих ярилцлагаа �##�даагүй биччихэж чадаагүй юм байх даа. Уяач хүний бодол урт, үг цөөн, ажил их. Тэдэнд ярих зүйлээ мэдэхгүй хүнтэй дэмий яриад сууж байх зав ховор шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button