Алдарт дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгслөө

Black Sabbath хамтлагийн алдарт гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгссөн гэж түүний гэр бүл мэдэгджээ. Харанхуйн хунтайж, Хүнд металлын загалмайлсан эцэг гэгддэг тэр таалал төгссөнийг гэр бүл нь мягмар гарагт /2025.07.22/ мэдэгдсэн байна.
Гэр бүл нь гаргасан мэдэгдэлдээ “Өнөө өглөө бидний хайртай Оззи Осборн таалал төгссөн тухай мэдээ хүргэж байгаадаа үгээр илэрхийлшгүй их гунигтай байна. Тэрээр гэр бүлийнхээ хамт, хайр энэрлээр хүрээлүүлсэн байсан” гэжээ.
Осборн 1970-аад оны эхээр Black Sabbath хамтлагийн гоцлол дуучнаар карьераа эхлүүлсэн. Тус хамтлаг Paranoid, War Pigs, Sabbath Bloody Sabbath гэх мэт дуугаараа олонд танигдсан. Хамтлагаараа гаргасан дуунуудаас гадна ганцаарчилсан уран бүтээлүүдийн хамтаар түүний цомог дэлхий даяар 100 сая удаа зарагдсан байна. Тэрээр сэтгэл гутрал, дайн, дэлхийн сүйрэл гэх мэт харанхуй сэдвүүдээр уран бүтээл гаргадаг байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.